УИХ-ын сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Парламентын хоёр ч сонгуульд дараалан ялагдал хүлээсэн АН-ын хувьд амьсгал авах эцсийн цэг нь 2024 оны сонгууль. Хэрвээ ирэх сонгуульд гурав дараалан ялагдах юм бол Ардчилсан нам ч үгүй, ардчилал ч үгүй Монгол болно. Хоёр том авторитар дэглэмтэй улсын дунд орших Монгол Улсын улс төр нь олон намын тогтолцоотой, парламент нь олон намын оролцоотой байж гэмээнэ бид тусгаар тогтнолоо хамгаалж үлдэж чадна. Тэр утгаараа Ерөнхий сайд асан С.Баяр “Ардчилсан нам одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг хоёр багана босгодог шиг, Монголын төрийг хоёр том нам авч явна. Нэг том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг” гэж хэлсэн удаатай.
Ардчилсан тогтолцоот улсад нэг нам ноёрхох нь аль ч тохиолдолд хортой. Ардчилсан нам амьд үлдвэл Монгол амьд үлдэнэ. Учир нь, нэг намын эрх мэдэл хэт давамгайлсан өнөөгийн нөхцөлд хүчтэй сөрөг хүчинтэй байх нь монголчуудад ашигтай. Ардчилсан нам өнөөдөр ёроолдоо хүртэл уначихсан. Одоо унах газар ч үлдсэнгүй. АН-ын асуудал бол зөвхөн гишүүд, дэмжигчдийнх нь бус, бүх монголчуудынх юм аа. Хамгийн гол нь өнөөдөр ардчиллын манаач байх үүрэгтэй АН сэргэх, нэгдэх хэрэгтэй байна. Монголчуудын тусгаар тогтнолын гол хүчин зүйл бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг. Энэ утгаараа АН тусгаар тогтнол, ардчиллаа амьд байлгахын тулд дахин сэргэж, дахин нэгдэх үүрэгтэй.
Одоо АН-д нэг л арга зам байна. АН одоо л нэгдэн нийлж учраа ололцох гэж байгаа бол хамгийн түрүүнд С.Эрдэнэтэйгээ ойлголцох хэрэгтэй байна. Учир нь, С.Эрдэнэд АН-ын хууль ёсны тамга, гэрчилгээ бий. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуульд С.Эрдэнийн тамгаар АН сонгуульд орсон.
Тиймээс Дээд шүүх шийдвэрээ дагаад явах аваас одоо С.Эрдэнэ даргатай АН-ын ҮБХ-ны хуралдаанаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгэх магадлал маш өндөр. С.Эрдэнэ нь Монгол Улсад УДШ-д бүртгэлтэй, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, хууль ёсны тамгатай Ардчилсан намын хууль ёсны төлөөлөл гэдэг нь маргашгүй. Тэгэхээр хууль ёсны бичиг баримттай АН-ыг УДШ бүртгэх нь цаг хугацааны л асуудал.
“Цахим бүртгэлд С.Эрдэнийн нэрийг бүртгээгүй байна” гэх үндэслэлийг нөгөө талаас гаргаж тавиад буй ч энэ нь хууль эрх зүйн чадамжгүй гэсэн үг биш юм. АН-ын талцлаар гарч ирсэн Л.Гантөмөр нь ч бай өөр хэн ч бай тэдэнд хууль ёсны бичиг баримт гэрчилгээ, тамга нь байхгүй учир үнэнд гүйцэгдэж хууль шүүхийн өмнө чадамжгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ С.Эрдэнээс өөр бусад талыг хүлээн зөвшөөрье гэхэд Улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, холбогдох бусад хуулиараа хэн нэгэн хуулийн этгээдийн нэр, лого, тамга тэмдгийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэх хөдлөшгүй заалттай нүүр тулж унахаар байгаа.
Цаашид С.Эрдэнэгүйгээр хичнээн олон хүн нэгдээд АН эв нэгдлээ олохгүй. Хэрүүл маргаан үргэлжилсэн, Дээд шүүх батламжлахгүй байгаа хүндхэн жилүүдэд С.Эрдэнэ л АН-ыг тарааж бутраачихалгүйхэн шиг авч явж ирснийг бид бас мартах ёсгүй. Х.Баттулгыг МАН-тай сүжирч байхад С.Эрдэнэ тулдаа л АН-ыг авч үлдсэн шүү дээ.
Одоо эрх баригчдыг Монголын төлөө их юм хийнэ гэж хүлээхээс илүүтэй АН эргэж яаралтай сэргэх нь ард түмний хувьд чухал болоод байна. МАН сайжрахаас илүү АН эргэж сэргэх нь үү дээ гэсэн горьдлого байна. 100 жилийн түүхтэй Монгол ардын намын эсрэг зогсох, өөдөөс нь өрвөлзөх, ардчиллын үнэт зүйлийг нэхэх, ард түмний дуу хоолойг хүргэх улс төрийн хүчин мөддөө төрөхгүй нь. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд ганц ч гуравдагч хүчин гэж нэрлэчих хүчтэй улстөрийн хүчин төрсөнгүй. Тиймээс одоо л АН-ынхан дотоод зөрчил, тус тусын эрх ашгаа дарж, үнэт зүйл, үзэл санаагаараа нэгдэх цаг. Ардчиллынхан зөвшилцлөө түргэвчилж, улс төрийн хоёрдогч хүчний байр сууриа хадгалж үлдэх, хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэх шаардлагыг ард түмэн нэхэж байна.
Албан ёсны тамга байгаа С.Эрдэнэ дээрээ очин учраа олж, нэгдэн нийлж, ирэх сонгуулиас өмнө АН “амь нэг” болж гарч ирмээр байна. С.Эрдэнэтэй асуудлаа ярьж, эрүүл, саруулаар асуудлыг харж, дүгнэж байж л Ардчилсан нам өндийнө. С.Эрдэнэ буруутай, түүнийг дэмжихгүй гэж гэдийгээд байхын хэрээр Ардчилсан нам сэргэхгүй. АН-ынханд өдгөө буруутан хайж суух цаг алга. Ардчилсан намынхан монголчуудын төлөө нэгдэн нийлэх ёстойгоо яс махандаа ухамсарламаар байна. Ардчилсан нам учраа олж байж л ардчиллын жам ёсны өрсөлдөөнт улс төр эхэлнэ.
Б.НОМИН