Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүлжээ. Ерөнхий сайд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг нийслэлээс хөөх бус харин орон нутагт очиж амьдрах орчин, санхүү, татварын боломжуудыг нь бүрдүүлээд урьж ирүүлэх нь чухал. Хөдөө амьдрах сэдэл төрүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах, иргэд төдийгүй төрийн байгууллагууд ч хөдөөгийн талаарх хандлагаа өөрчлөх шаардлагатайг тэрбээр тэмдэглээд сүүлийн үед орон нутаг руу шилжиж бизнес эрхэлж, ажиллаж, амьдарч буй гэр бүлийн тоо нэмэгдэх болсонд олзуурхаж буйгаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна.
Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна. Тиймээс аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал хөшүүрэг болжээ.
“Хөдөөгийн сэргэлт” чуулганаар Засгийн газраас мэдэгдсэн дэмжлэгүүд:
-Хөдөө шинээр компани байгуулж, эсвэл ажлын байр нэмэгдүүлбэл татварын дэмжлэг үзүүлнэ.
-Шилжин суурьшсан иргэдэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно.
-Хотоос шилжсэн компанид 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн юм.