УИХ-ын гишүүн Н.Ганибалтай хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та УИХ-ын өнгөрсөн Баасан гарагийн чуулганаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчнийг төлөөлөн асуулт асуун, зарим чухал асуудлыг хөндсөн нь малчид төдийгүй бүхий л иргэдийн анхаарлыг нэлээн татлаа. Энэ талаар тодруулан ярилцахаар тантай уулзаж байна?
-Би чуулганы үеэр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хөндөж, тэдгээртэй холбоотой бодлогын зөв шийдлүүдийг гаргахад санал бодлоо хуваалцахыг хүссэн. Хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн хөгжилд одоо байгаагаасаа хэд дахин илүү хувь нэмэр оруулах боломжтой асар ирээдүйтэй салбар. Үүнийг хэн хүнгүй мэддэг боловч Засгийн газрын зүгээс хүсэл зориг гаргахгүй байсаарзөвхөн махны экспортоосгэхэд жилд нэг тэрбум ам.доллар олж болох дэндүү сайн боломжуудыг хэт урт удаан хугацаанд үгүй хийсээр өдий хүрсэн нь дэндүү харамсалтай. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарын бодлогыг цогцоор нь шинэ шатанд гаргах үнэхээр шаардлагатай болжээ. Энэ салбарын тэргүүлэх зорилгыг шинээр тодорхойлох, тэр зорилгодоо хүрэх алсыг харсан, эдийн засгийн үр ашгийг авчрах зорилтуудыгнэн шаардлагатай үйл ажиллагаануудын хамт тодорхойлон, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх эрэлт хэрэгцээ зайлшгүй тулгараад байна.
- Та энэ салбарт тулгарч буй “бүх асуудлыг нэгдсэн нэг зураглалд оруулаад хаана төрийн дарамт, төрийн оролцоо байна бүгдийг байхгүй болгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Үүнийг тодруулаач.
- Яг тэлж хэлсэн. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийг хэрхэн зохистойгоор зохицуулах вэ, малаа хэрхэн эрүүл байлгаж махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, малын даатгалын системийг хэрхэн “ажилладаг” болгох вэ, энэ салбар дахь өрсөлдөөнт байдлыг хэрхэн шударга, тэгш боломжит зарчмын хүрээнд хөгжүүлэх вэ гээд уг нь нэн яаралтай шийдэх цөөхөн асуудал байгаа юм. Эдгээр асуудлыг “зөвөөр” шийдэх гэхээр ганц тушаа нь төрийн хяналт, төрийн дарамт, төрийн оролцоо болчихоод байна. Төрийн энэ шаардлагагүй дарамт дан ганц энэ салбарт биш бусад бүх салбарт нүүрлэчихсэн. Гол нь аливаа асуудалд шинжлэх ухаанчаар, улс орны хувьд болон иргэдийн хувьд эдийн засгийн үр ашигтай байхаар, чөлөөт зах зээлийн зарчмаар хандах хэрэгтэй. Жишээлбэл, манай улсын нийт бэлчээрийн даац хоёр дахин, зарим газарт бүр 4-10 дахин хэтэрчихээд байгаа. Бидний нүдэн дээр цөлжилт явагдаж байна, өвс ургамлын гарц муудаж байна. Ийм хэмжээний газар нутаг дээр төдөн хонин толгой мал байх боломжтой гэдгийг тал хээр, хангайгаар нь заагаад өгсөн тодорхой бодлого хэрэгтэй. Тэрнээс биш салбарын сайдын хэлснээр “Малын тоог цаг агаар, бурхан тэнгэр л зохицуулна” гээд сууж байж үнэхээр боломгүй. Манай улсын бэлчээр нь тодорхой хязгаартай генетикийн нөөц. Энэ хязгаартаа таарсан бодлоготой байх ёстой. Энэ хязгаарт нийцүүлэх шалгуур нь малын тоо толгой байх юм уу, нэг малчин өрхөд оногдох бэлчээрийн хэмжээ байх юм уу, өвөлжөө, хаваржааны бэлчээрийн хэмжээ байх юм уу гэх мэттодорхой шийдлийг гаргаад явах зайлшгүй шаардлага өдрөөс өдөрт тулгараад байна.
Өнөөдөр засгийн газар нөөцийн мах бэлдэж борлуулах, махны экспортыг хорих байдлаар малчдын бэлтгэж буй махны үнийг хүчээр тогтоогоод байна.Өнгөрсөн намар мах бэлдэх үеэр малчдыг орлоготой байлгаж чадсангүй. Zarig.mn, neguun.mn гэсэн хоёр сайт Монголын махны зах зээл дээр Эмээлт дээр тулаан хийсэн нь махны бүх экспортыг зогсоочихсон. Энэ бол санамсаргүй мэт харагдсан боловч бодлогын санаатай арга хэмжээ байсан.Үүнээс болоод өнгөрсөн намар мал, махны үнэ хангалттай байгаагүйгээс малчид маань хангалттай өвс тэжээлээ бэлдэж чадсангүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд инфляц нэмэгдээд байдаг. Харин малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ буураад байдаг. Энэ л төрийн буруу бодлогын илрэл болон сөрөг үр дагавар юм. Малчид нэг жилийн өмнө нэг хониор гурван шуудай цагаан будаа авчихдаг байсан. Одоо нэг хониороо нэг шуудай цагаан будаа арай чүү л авч байна.Энэ өвөл нэг боодол өвсийг 15-20 мянган төгрөгөөр худалдан авч малаа тэжээсэн. Ийм өндөр өртгөөр бий болж байгаа малыг хямдхан зар гээд байхаар чинь малчдын амьдрал яаж сайжрах билээ. Эдийн засгийн хувьд үр ашиггүй. Эдийн засгийн хоригт орсонтой адилхан байгаа биз дээ. Бэлчээр, өвс хадлан тэжээл бэлдэх, малыг эрүүл байлгах, мал, мах бэлтгэх,малын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, мал экспортлох, малчдын орлогыг нэмэгдүүлэхгээд бүхий л асуудлууд хоорондоо уялдаатай байдаг. Аясаар нь явна гэдэг ойлголтыг өнөөдөр зогсоох ёстой юм. Түрүүн хэлсэнчлэн,энэ бүх асуудлыг нэгдсэн нэг зураглалд оруулаад төрийн дарамт, төрийн оролцоо хаана байна түүнийг бүгдийг халаад, нөхцөл байдалдаа зохицсон бөгөөд ирээдүйг харсан, эдийн засгийн үр ашигтай бодлого гаргаж хэрэгжүүлээд явах хэрэгтэй байгаа юм. ХАА-н салбарын чухал зүйл бол малчид, тариаланчид, ногоочдоо орлоготой л байлгах асуудал. Орлоготой малчин малдаа заавал төрөөр вакцин хийлгээд байхгүй, өөрөө худалдаж аваад л хийлгэнэ, заавал төрийн өвсний фондны 2, 3 боодол өвсийг хүлээх шаардлагагүй, оронд нь өөрийн мөнгөөрөө 200, 300 боодлоор нь худалдаж аваад өвөлжөөн дээрээ тавьчихна. Нийгмийн дийлэнх эсвэл аль нэгэн бүлгийн хүсэлд нийцүүлэхийн тулд заавал хэн нэгний бүтээсэн бүтээгдэхүүний үнийг зах зээлийн бодит үнээс хүчээр доогуур байлгах гэсэн зорилго тавьсан ийм төрийн бодлого байж болохгүй шүү дээ. Төрөөс ямар нэгэн арга хэмжээ хүчээр аваад л мах, улаан буудайн үнийн хязгаарыг тогтоочихоод байна. Бүүр сүүлдээ Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нь махны үнийг үндэслэлгүй нэмсэн гээд лангуун дээр мах зарж буй худалдагчийг торгоод, гурилын үнийг нэмлээ гээд гурилын үйлдвэрүүдийг торгодог ажил хийдэг болсон.
-Газар тариалангийн хувьд төр яаж оролцож улаан буудайны үнийг тогтоогоод байна вэ?
Монгол Улсын газар тариалан 60 гаруй жилийн л түүхтэй. Атрын аянуудзохион байгуулж, үр дүнд хүрсээр өнөөдөртэй золгосон түүхтэй. Чөлөөт зах зээлийн энэ цаг үед тариаланчдын хамгийн гол бүтээгдэхүүн болох улаан буудайн үнийг бас л төр тогтоодог болсон. Тариаланчдаас улаан буудайг нь аваад гурилын үйлдвэрт зарах ажлыг төр дунд нь зуучилж байгаа.Яагаад вэ гэж гайхахаар байгаа биз? Засгийн газар жил бүрийн хавар тариаланчдад төрийн худалдан авалтаар ургамал хамгааллын бодис, таримлын үр, бензин шатахуун өндөр үнээр зээлээр өгдөг. Мөн эргэлтийн мөнгө гээд арилжааны банкны хүүнээс бага хүүтэй зээл авах боломжоор хангаж байгаа юм. Улаанбуудайг хадгалах бизнесийг мөн л төр бараг дангаараа хийдэг болохоор компаниудад энэ бизнесийг хийх боломж олгодоггүй. Зээлээр өгсөн бүтээгдэхүүн, хөнгөлттэй зээлэндээ төрийн тогтоосон үнээртариаланчдын улаан буудайг нь авдаг. Ингэж үнэ тогтоодог юм. Ийм схемээр олон жил явж байна. Эхний жилүүдэд үр дүнгээ өгч байсан байх. Одоо бол энэ схемийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Төр оролцсон энэ схем газар тариалангийн хөгжлийг боомилж байна. Мэдээж төрийн оролцоо ньдарга нарын болон дарга нарын танил талын компаниудад давуу байдал бий болгож байгаа.Энэ нь газар тариалангийн салбарт шударга бус байдлыг бий болгож байна. Төрийг төлөөлдөг хөдөө аж ахуйг дэмжих сан нь алдагдалтай. Олон жилийн хуримтлагдсан авлагатай. Жил болгонтатвар төлөгчдийн мөнгөөр буюу улсын төсвөөс алдагдлаа нөхдөг ийм л схем болчихоод байгаа юм. Төрийн оролцоо ихтэй,дарга нарт давуу байдал бий болгодог чөтгөрийн тойрогт орчихсон. Уг нь манай улсын газар тариалан, гурилын үйлдвэрийн нөөц нь экспортодбүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой. Одоо ажиллаж байгаа гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал дотоодын хэрэгцээнээсээ 10 дахин их үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Газар тариалангийн компаниуд маань дэлхийн хамгийн мундаг брэндийн техник, тоног төхөөрөмжийг ашигладаг болсон, технологийн хувьд ч сайжирсан. Харамсалтай нь чөлөөт зах зээлийн бус төрийн зохицуулалттай явж байгаа болохоор дээд хязгаартаа хүрээд л зогсонги байдалд орчихсон.Манай улсад үйлдвэрлэсэн гурил уг нь хөрш зэргэлдээ Өвөрмонголчуудын тансаг хэрэглээний бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой. Манай улсад ургасан улаан буудайн гурил өөрийн гэсэн амтаараа онцлог юм байна лээ.
-Засгийн газар саяхан экспортоор зөвхөн самнасан ноолуур гаргах шийдвэр гаргангуутуу түүнийгээ цуцлаад хэл ам боллоо. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё.
-Аливаа улс орон үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүнүйлдвэрлэхийн төлөө зорих нь түмэн зөв. Гэхдээ нэгнийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг нь буулгаж байгаад нөгөөх нь ашиг олох байдлаар хүчээр үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг нь буруу бодлого. Тодруулбал,экспортоор зөвхөн самнасан ноолуур гаргана гэсэншийд гараад л дотоододтүүхий ноолуур, ямааны арьсны үнэ буураад эхэлсэн. Шалтгаан нь үндэсний ноолуурын үйлдвэрүүдийн дийлэнх олонх нь самнах техник технологи байхгүйтэй холбоотой. Хохирогч нь мэдээж малчид болно. Ер нь зах зээлийнхээ зарчмаар нэлээн урт хугацаандаа илүү тогтвортойгоор шилжилт хийгдэж байгаа зүйлийг хүчээр хэн нэгэнд давуу байдал бий болгосон байдлаар асуудалд хандсан нь маш буруу үйлдэл байсан.Өмнө нь арьс ширний үйлдвэрлэл дээр яг ийм хүчилж гаргасан төрийн бодлогын үр дүнд малчид болоод манай улс их хохирол амсаж байгаа. Арьс ширний үйлдвэрүүд боловсруулаагүй арьс ширийг экспортонд гаргахыг хориодөг. Бид бүх арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн хийгээд экспортод гаргаад улсад их валют оруулна. Ажлын байр нэмэгдүүлнэ. Бид гадаадын том үйлдвэрүүдтэй өрсөлдөж чадахгүй байна гэж байгаад л хориулсан. 10 гаруй жил өнгөрлөө. Үр дагавар нь малчдын гар дээрээс 50-60 мянгаар зарагддаг байсан адууны шир, үхрийн шир шууд хог хаягдал болж хувирсан. Одоо малчны өвөлжөө болгон дээр хатаж, муудсан адуу, үхрийн шир. Хот суурин газрын хогийн цэг болгон дээр сая саяараа хонины нэхий, ямааны арьс хог болон хэвтэж байна даа.Ноолуур ч арьс, ширийг бодвол арай хог болохгүй байх, гэхдээ ноолуурын үнэнд их нөлөөлнө. Ер нь манай улс чинь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг нийлүүлдэг. Манай улсын ноолуурын экспортын 7 орчим хувийг самнасан, 8 хувийг сүлжмэл, нэхмэл ноолууран бүтээгдэхүүн, үлдсэн 85 хувийг нь угааж гаргаж байгаа. Үнэхээр самнаад гаргах нь ашигтай бол үйлдвэрүүд маань техник, технологио шинэчлээд экспортынхоо орлогыг нэмэгдүүлэх байх. Тэрнээс зах зээлийн бус захиргааны арга хэмжээ нь заавал аль нэг талыг хохирооно. Ер нь энэ Засгийн газар өдөр бүр шахуу үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гээд хурал семинар хийдэг мөртлөө гол жижиг, дунд үйлдвэрлэгч малчдаа хохироосон шийдвэрүүд гаргаад байх юм.
Ноолуурын үйлдвэрүүдийг дэмжсэн төрийн хөнгөлттэй зээлүүдийг төрөөс олон жил дараалан олгож байгаа. Харамсалтай нь Хөгжлийн банкны сонсголын үеэр шинжээч нарын дүгнэлтээр авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан байдал нь бусад салбараас илүү байна лээ. Бас зээлийн эргэн төлөлт муу гэж байсан. Олдсон мөнгөө зориулалтын дагуу зарцуулсан бол ноолуурыг самнаад экспортлох хувь хэмжээ өндөр болсон байх ёстой.
-Монголын бүх үхрийг ээмэгжүүлнэ гэсэн асуудал цахим орчинд нэлээн шүүмжлэл дагуулаад байсан. Та мөн энэ асуудлыг хөндөж байсан.
-ХАА-н сайд үхрээ бүртгэлжүүлэн ээмэгжүүлж байж үхрийн махыг экспортод гаргах боломж бүрдэнэ, энэ ажлыг бол заавал хийнэ гэдгийг хэлсэн. Энэ буруу асуудал биш. Гэхдээ ээмэгжүүлэх ажил нь татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдөр хийх нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн ажил мөн үү. Иргэдийн надаар дамжуулж асуусан асуулт бол 10 гаруй тэрбум төгрөгөөр Монголын бүх үхрийг ээмэгжүүлэхийн ач холбогдол юу юм бэ гэсэн асуулт байсан. Бүртгэлжүүлэлт бол үхрийн махныгарал үүслийг тодорхой болгох, мөшгөн мөрдөж чанар стандартыг тодорхой болгох гол асуудал мөн л дөө. Үүнтэй холбогдуулан миний хөндсөн асуудал бол Засгийн газраас үхрийн махны экспортод тодорхой квот өгөөд хязгаарлачихсан байгааяг энэ цаг үед энэ нь зохистой, үр ашигтай ажил мөн үү гэдгийг эргэцүүлээсэй гэдгийг анхааруулахыг хүссэн явдал. Хамгийн гол нь малын бүртгэлжүүлэлтийн систем ажиллаж байна уу, энэ платформыг доголдолгүй ажиллуулах үүрэг бүхий үржлийн тасгууд ньсум бүрд байна уу, тэнд бэлтгэгдсэн бүртгэлийн мэргэжилтнүүдбайж чадаж байна уу, бүртгэлийн кодууд гээд энэ бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу гэдэг нь бүрхэг байна. Энэ систем нь ажиллаж байгаа эсэх нь тодорхой биш байхад хамгийн сүүлд хийх ёстой ээмэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийх гээд байгаа нь асуудал үүсгээд байгаа юм. Бэлтгэл хангагдаагүй байхад Монголын бүх үхрийг ээмэгжүүлнэ гэдэг нь 10 тэрбум төгрөгийг шууд л салхинд хийсгэнэ гэсэн үг шүү дээ.
-Ер нь ХАА-н бүтээгдэхүүний үнийг өсгөх нь зөвхөн малчид, тариаланчдад л ашигтай юм биш үү?
-Үгүй л дээ. Зах зээлийн өрсөлдөөнд бий болсон бүтээгдэхүүнийчанар, стандарт сайжирчхэрэглэгчдийн шаардлагыг хангана. Дээр нь экспортын орлого нэмэгдэнэ.300 мянган ажлын байр бий болгож буй малчид маань үндэсний хамгийн том жижиг, дунд үйлдвэрлэгч шүү дээ.Мөн төрийн хэт оролцоо нь эрчимжсэн фирмийн аж ахуйг хөгжихөд саад тотгор болж байна. Нөгөө талаар, Улаанбаатар болон бусад хот суурин газрын иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бусад арга хэмжээг хэрэгжүүл л дээ, цалин орлогыг нь нэмэгдүүлэх тал дээр л Засгийн газар ажиллах ёстой.Тэрнээс биш хот суурин газрын иргэдийн хүсэлд нийцүүлэх зорилгоор тэдэнтэй мөн л адил тэгш боломжийг эдлэх эрхтэй малчид, тариаланчдын орлогыг хүчээр бууруулж, амьжиргааг нь дордуулж үнэхээр болохгүй юм шүү. Дан ганц ХАА-н салбарын бодлогууд хоорондоо уялдаатай байх асуудал биш юм аа. Монгол Улсын бүхий л салбарын бодлого хоорондоо маш нягт уялдаатай байх ёстой юм. Бид хоёрын ярилцаад байгаа энэ асуудлын хувьд бол ХАА-н бүтээгдэхүүний үнэ өсөж байж хөдөө хөгжинө, хот руу чиглэсэн их нүүдэл багасна, малын тоо буурч цөлжилт багасна, эдийн засаг дахь уул уурхайн бүс бүтээгдэхүүний эзлэх жин нэмэгдэнэ гээд нэн чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН