Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны, Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоор хэргийн яамд, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах газар, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид, судлаачид, идэвхтнүүд оролцлоо. “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хөтлөн явуулж, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан үндсэн мэдээллийг хийв. Түүнчлэн “Edit learning hub” төрийн бус байгууллагын тэргүүн М.Наранзул “Цахим орчин ба хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хууль эрхзүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавив.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, дижитал технологи, цахим харилцааны олон сайхан үр шимийг бид хүртэж байгаа ч энэ орчинд хүний эрхийг, тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд багачуудынхаа эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дэлхийн бүхий л улс орны өмнө тулгамдсан асуудлуудын нэг болж байна хэмээн онцлоод, улс орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бодлогоо тодорхойлоод, нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиа батлаад байгаа талаар мэдээлэл өглөө. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдах үед цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэгэн бүлэг болж тусгагдсан байсан боловч хэлэлцэх явцад хасагдан, хуульд тусгалаа олж чадаагүй юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан мэдээлэлдээ дурдаж, олон улсын байгууллага, зөвлөхүүд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа нэн даруй батлан, хэрэгжүүлэхийг цаг үргэлж зөвлөж байна гэсэн юм. Тэрбээр, хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байгаа талаар тоо баримт, дотоод, гадаадын судалгааны байгууллага, институциудын судалгааны дүнг танилцуулж, хүүхдүүд цахим орчинд доромжлол, гадуурхалт, дээрэлхэлт болон дарамт шахалт, бэлгийн мөлжлөгт уруу татах зэрэг олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг ярилаа. Түүний дурдсанаар, цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон байна. Мөн үндэсний суурь судалгааны дүнгээс үзэхэд 18 хүртэлх насны хүүхдүүдийн 82.5 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн, 37 хувь нь цахим орчинд үл таних хүмүүсээс садар самуунд уруу татсан, айлган сүрдүүлсэн чат, мессэж авч байжээ. Японы хүүхдийг ивээх сангаас манай улсад хамгийн сүүлд хийсэн судалгаанд 1236 хүүхэд оролцсоноос 19.9 хувь нь амиа хорлох оролдлого хийж үзсэн, 12.4 хувь нь амиа хорлох талаар бодож байсан, 8.6 хувь нь амиа хорлох оролдлогыг хэд хэдэн удаа хийж үзсэн гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн, Сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн төлөөх Олон улсын байгууллагын хүүхдийн цахим бэлгийн мөлжлөгийн асуудлаарх судалгааны талаарх CyberTips мэдээллийн сангийн статистик мэдээнд, 2019-2020 онд цахим орчин дахь гэмт хэрэг зөрчил дэлхий дахинд 28 хувь өссөн байхад Монгол Улсад 132 хувиар өссөн нь маш их анхаарал татаж байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан цохон дурдсан юм. Эдгээр статистик үзүүлэлт, тоо баримт цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын асуудал ноцтой түвшинд хүрснийг илтгэж буйг тэрбээр анхааруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 3-4 заалтаар бид хүүхэд багачуудынхаа эрх, эрх чөлөө, сэтгэл санаа, оюун бодлыг цахим орчинд хамгаалсан байдалтай хэвээр явах уу, энэ талаарх бие даасан хуулиа батлах уу гэсэн асуултыг хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж тавиад, өөрийн боловсруулж, Улсын Их Хурлын www.d.parliament.mn цахим системд байршуулан иргэд, олон нийтээс санал авч буй хуулийн төслийн талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүний дурдсан нөхцөл байдлыг “Edit learning hub” төрийн бус байгууллагын тэргүүн М.Наранзул “Цахим орчин ба хүүхдийн аюулгүй байдал” илтгэлдээ дахин нотлов. Тэрбээр цахим орчноос монгол хүүхдүүдэд, тэр дундаа балчир насны хүүхдүүдэд учирч байгаа аюулын талаар задлан ярив. Бага балчир хүүхдүүд нийгмийн сүлжээний hyperstimulating буюу хэт өдөөсөн агуулгатай, маш богино буюу 1-2 секундын, өндөр ритмтэй Cocomelon зэрэг бичлэгийг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий болж байгаа бол Youtube бичлэгүүдийн дундуур гарч ирдэг Momo зэрэг сэтгэцэд нөлөөт дүрүүд хүүхдүүдийг айлгаж, тайван бус, хямралтай болгохын зэрэгцээ өндрөөс нисэж амиа хорлох, гэрийнхээ газыг нээх, хутгаар гараа зүсэх, гэрийнхэн чинь чамайг үзэж яддаг гэж итгүүлэх зэрэг эрсдэлтэй нөхцлийг бий болгодог байна. Сүүлийн үед балчир бага насны хүүхдүүд их үзэж буй Хагги Ваггигийн контентуудад доромжилсон, бүдүүлэг үг хэллэг их хэрэглээд зогсохгүй үйл явдалд нь цуст аллага, аюултай зэвсэг, хутга зэрэг ирт мэс их хэрэглэгддэг байна.
М.Наранзул дэлхий дахинд, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын хангах, тэр дундаа хүүхдийн оюун санаа, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд багагүй төсөв, хөрөнгө зарцуулж буйг дурдан, сүүлийн үед Монгол Улсын цахим мэдээллийн хэрэгслүүд буюу мэдээ, мэдээллийн вебсайтууд хүчирхийлэл, аллага, зан суртахууны ёс бус байдал, доройтлын тухай хар бараан зүйл их бичиж байгаа нь хүүхэд багачуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг онцолсон юм. Энэ бүхний үр дүнд хүүхдүүд бага наснаасаа сэтгэл зүй, оюун санаа болон сэтгэцийн гэмтэл авч байгааг жишээ дурдан өгүүлж, үүнд одоо л анхаарлаа хандуулахгүй бол оройтож байгааг болон хуулийн зохицуулалт яаралтай хэрэгтэй байгааг тэрбээр өгүүлж, бие даасан хууль баталж зохицуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэгвэл, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хууль эрхзүйн орчин” илтгэлдээ монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ “ердийн, аюулгүй, зохистой” гэдэг хэмжээнээс хоёр дахин их болсныг баримт түшин өгүүлж, үүний дотор хүүхдүүдийн соошл медиа ашиглалт 96 хувьтай байгааг дурдлаа. Үндсэндээ 100 хувь гэж хэлж болох энэхүү тоо хэмжээний цаана Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, дандаа гадаад улс орны, хилийн чанадаас холбогддог соошл медиагийн хэрэгсүүд байгаа нь бэрхшээл учруулж буйг тэрбээр хэлж, ийм хэрэгслүүдийг Монгол Улс дангаараа хууль, тогтоомж мөрдүүлэх замаар зохицуулах боломжгүйг хэлсэн юм. Мөн тэрбээр, нийгмийн сүлжээ ашиглаж байгаа хүүхдүүд хэт олон цагийг интернэтэд өнгөрүүлэх, хоёр буюу түүнээс олон хаяг нээх, эцэг, эхийнхээ хяналтаас зугтах, хувийн мэдээллээ дэлгэх зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, чадваргүйгээр интернэт ашиглаж байгаа нь тулгамдаж буй асуудлын суурь шалтгаан болж буй талаар дурдав. Хүүхэд хамгааллын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүргийхээ дагуу Монгол Улсын төрийн байгууллагууд тодорхой ажлуудыг хийж байгаа боловч өнөөдрийн байдлаар зөрчилтэй вебсайтуудыг хаахаас өөр дорвитой үр дүн гарахгүй байгааг тэрбээр өгүүлээд тусгай аппликэйшнээр дамжиж хүүхдүүдийн хүртээл болж буй агуулгыг хянах боломж хомс байгааг ярьсан юм. Дэд сайд илтгэлдээ цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг тэмдэглэж, бие даасан хууль гаргаж, нарийвчилсан зохицуулалт мөрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хууль санаачлагчийн мэдээлэл болон үндсэн илтгэлүүдийг сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлого зохицуулалтын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа Хүүхэд хамгааллын тухай хуульд 8.2 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаар товч танилцуулж, уг хуулийг шинэчлэн найруулахаар төсөл боловсруулж буй тухай ярив. Үүний хүрээнд гадаад улсуудад энэ асуудлыг хэрхэн хуульчилж, зохицуулж буйг судалж, нэр томъёоны тайлбар толь хийсэн зэрэг ажлуудыг дурдав. Эрдэмтэн сурагчдын хөгжлийн институцийн ерөнхийлөгч А.Ирээдүй, цахим дээрэлхэлт хүүхдүүдийн дунд анхаарал татах хэмжээнд хүрснийг дурдаж, үүнээс болж 10 хүүхэд тутмын ес нь амиа хорлох тухай бодож байсан гэх баримтыг гаргаж тавьсан юм. Түүний сурагч, 104 дүгээр сургуулийн 12в ангийн Ц.Дэлгэрцэцэг, өнөөдөр хүүхдүүд ямар ч шүүлтүүргүй мэдээллээр хүмүүжиж байна хэмээгээд манай төр, засагт хүүхэд биднийг хамгаалах, цахим орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санааг хэрхэн эдгээж эргүүлж авах, тийм зүйлд өртүүлэхгүйн тулд яах вэ гэх мэт бодлого огт байхгүй байгаад харамсаж байна гэсэн юм.
“Даймонд” ТББ-ын тэргүүн н.Ариунтуяа, эхийн хэвлий дэх боловсролыг чухалчилж үзмээр байна. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд гурван нас хүртэлх хугацааг хүүхдийн хүмүүжлийн алтан үе гэдэг. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдийн хүмүүжилд чиглэсэн үндэсний контентуудыг ихээр гаргамаар байна гэсэн бол “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр, эцэг, эхчүүдэд чиглэсэн хөгжүүлэх үйл ажиллагаа, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх бодлого байхгүй байгааг шүүмжлэв.
Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн, Хүүхэд хамгааллын сүлжээний зохицуулагч П.Цэвээн одоо байгаа эрх зүйн орчныг муугүй хэмээн дүгнээд, хууль гаргахдаа хэрэгжих, хэрэгжүүлэх орчин нөхцлийг бүх талын оролцоотойгоор хийж өгөхгүй бол нэмэргүй гэлээ. Тэрбээр, бие даасан хуулийг ямар үзэл баримтлалаар хийж байна вэ, хуулиар интернэтийн зохистой хэрэглээ бий болгож чадах уу гэсэн асуулт тавьж, манайхан төр засаг бүгдийг хийнэ гэсэн ойлголттой байдаг. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудалд боловсролын орчин, эцэг эхчүүдийн оролцоо, хариуцлага ихээхэн чухал. Хуульд үүнийг нарийн тусгах хэрэгтэй гэсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ж.Ганбаяр, манай иргэд сүүлийн үед бүх юмыг Засгийн газар, Боловсролын яам хариуцах, хийх ёстой гэсэн хандлагатай болсон талаар дурдаад, цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн асуудал боловсролын салбарын нэг том тулгамдсан асуудал болоод байгаа. Бид үүнийг шийдэх зорилгоор янз бүрийн ажил хийсэн. 2017-2018 онд сургуулийн орчинд ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг хориглож хүртэл үзсэн. Болоогүй. Учир нь цахим орчинд сайн сайхан зүйлс, сургалтад хэрэглэгдэх контентууд бас маш их байна. Тэдгээрийг хэрэглэх шаардлага гарч байна. Хоёр жилийн өмнөөс бид фэйсбүүкийн толгой компани болох Мета компанитай тохиролцоод, соошл орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох, судалгаа хийх ажлуудыг хийж байна. Фэйсбүүкт өөрт нь хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тохируулга бий. Гэвч эцэг, эхчүүд үүнийг мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй, сонирхдоггүйгээс хүүхдүүд хохироод байна хэмээн ярив. Тэрбээр, дижитал боловсрол, сургалтын цахим арга хэрэгслүүд ирээдүйд улам эрчимжин хөгжинө гэж байгаа өнөөдрийн нөхцөлд бид цааш хэрхэх вэ гэдэг асуудлыг бүх түвшинд судалж, ажиллаж байна хэмээгээд, энэ талаар Улсын Их Хурлын гишүүд тодорхой санал гаргавал хамтарч ажиллахад бэлэн гэсэн юм.