Цар тахалын хатуу хөл хорионы үед Монгол Улсын Засгийн газраас зоримог шийдвэр гаргаж, монголчуудыг баярлуулсан билээ. Ерөнхий сайдын зүгээс “Цар тахалын хүнд цаг үед нийт ард иргэд, аж нэгжийн халуун, дулаан, цахилгаан... гэхчлэн хэрэглээний бүх зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс дааж байна. “Эрдэнэт” үйлдвэр эх орны мэдэлд 100 хувь ирсэн нь монголчуудад ийм сайхан боломжийг олголоо...” гэж мэдэгдсэн.
Яг тэр өдөр Д.Эрдэнэбатад хорих ангийн нэгэн албан хаагч баяр хүргэсэн байдаг. УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан, Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд байхдаа Засгийн газрын 330 дугаар тогтоолд гарын үсэг зурж, ОХУ-ын “Ростех”-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголд авчирсны үр дүн гэж тэр албан хаагч мэдэж байж. Харин энэ гавьяаныхаа төлөө шоронд ял эдлээд сууж байсан Д.Эрдэнэбатад тэр үед юу бодогдож суусныг бол мэдэхгүй. Өнөөдрийн дэлхий ертөнц Оросын дайныг зүхэж байна. Барууны ертөнц ОХУ-тай ойр дотно гэж үзэж байгаа бүх улсыг буланд шахаж, харилцаагаа тасалж байна. Ийм хүнд цаг үед Эрдэнэтийн 49 хувьОросын талд байгаад, тэд жил бүр зуу зуун сая ам.долларын ашгаа “Эрдэнэт” үйлдвэрээс авсаар байсан бол өнөөдөр гурав дахь ч хөршүүд, барууны ертөнц шууд утгаараа “Монгол Улс бол Оросын түрэмгийллийг дэмжигч, дайныг санхүүжүүлэгч” хэмээн зарлаж, нүүр буруулах байлаа.
Үүнд цэг тавьсан гавьяаны эзэд тэгээд хэн юм бэ. Цаг хугацаа л үнэний шалгуур гэдэг. Өнөөдөр эргээд харахад Эрдэнэтийн 49 хувийг хулгайлаад, ард түмний өмчийг хулгайлаад гэж чичлүүлэн “Д.Эрдэнэбат нарын долоо хүн” хэмээн цоллогдож ял авсан тэд үнэхээр ялтнууд байв уу, эх орныхоо өмнө гавьяа байгуулсан хүмүүс байв уу. Бодох цаг болжээ, монголчуудаа... Гурван жилийн өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн хуралдааны танхимд хэлсэн үгийг “Өдрийн сонин”-ы архиваас гаргаж, анх удаа, бүрэн эхээр нь хүргэж байна…
Энэ шүүх хуралд оролцож байгаа бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ эрүүгийн гэх “хэргийг” бид есөн өдөр хэлэлцлээ. Олон хүний оролцоотой, их ч нүсэр “хэрэг” юм шиг байна.
Аливаа нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан яллаж шүүж, гэм бурууг тогтоож хүний хувь заяаг шийдвэрлэхийн тулд гарцаагүй хэргийг бүх талаас бүрэн бодитой үнэн баримтуудаар нотолж, түүнийг шүүх шинжлэн судалж шийдвэрлэх ёстой. Энэ бол эхний харгалзах зүйл. Хоёр дахь харгалзах зүйл бол шүүгдэж байгаа хүн хувь хүний хувьд хэн бэ, үнэхээр тухайн хэргийг үйлдэх санаа зорилго сэдэл байсан уу гэдгийг маш нарийн судалж байж дүгнэлтээ гаргах ёстой гэж бодож байна.
Хамтарч ажилласан хүн бүр нөхөр, эсхүл дайсан биш гэдгийг би мэддэг. Би энэ олон жил төрд зүтгэхдээ өөрийн итгэл үнэмшил, зарчмыг баримталж ирсэн. Өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодолд нийцэж байгаа зүйлтэйгээ нийцэж, нийцээгүй зүйлээсээ салж явж ирсэн хүн.
Эрдэнэтийн 49 гэдэг хэргийг анх үүсгэхэд, улс төржилт ямар хэм хэмжээнд байхад, Эрдэнэбат гэдэг хүнийг зүсэн зүйлээр доромжлон гүтгэж дайрсан энэ дөрвөн жилийг эр хүний ёсоор тэвчиж өнгөрүүлсэн. Эрдэнэтийн 49-ийн талаар улс төрийн утгатай мэдээлэл, улс төрийн агуулгатай мэдэгдэл, үүнээс үүдэн намайг мөрдөж мөшгиж байгаа асуудалд маш тэвчээртэй хандаж ирсэн. Эрх биш үнэн мөн олдоно гэдэгт итгэж байсан.
Амьдрал өөрөө баян. Бид бүгдээрээ маргааш энэ хорвоод байхгүй болно. Гэхдээ бид амьдарч байгаа хугацаагаа хүн чанартай, тэгш мөртэй дуусгамаар байна.
Нэг хэсэг нь улстөржилтөд автаад, нэг хэсэг нь ойлгохгүй, нэг хэсэг нь нөгөөгийнхөө үзэл бодлыг ойлгохгүй өнгөрдөг агшин хорвоод зөндөө байдаг. Гэхдээ энэ хорвоогийн бүх зүйл дээр бүх буруутгалыг нэг талд тулгасан болгоныг миний бие хүлээн зөвшөөрч чадахгүй.
Би Аж үйлдвэрийн сайдын хувьд хоёр жил зүтгэхдээ Монгол төрийн аж үйлдвэрийн бодлогыг, Монгол төрийн хөгжлийг, эдийн засгийн бодлогыг хөгжүүлэхийн төлөө чин шударгаа зүтгэсэн гэдгийг олон зүйл нотолно.
Хэн нэгэнтэй үгсэн хуйвалдах, хэн нэгний давуу эрх ашгийг хамгаалах нэг ч үйлдлийг би төрд байхдаа гаргаагүй. УИХ-ын гишүүн байхдаа ч ийм хатуу зарчимтай байр суурь дээр ажиллаж ирсэн.
Өнөөдөр шүүх энэ асуудлыг шийдэхэд хүнд байгаа. Улс төрийн өнцөгтэй гэмт хэрэг гэдэг томъёолол аль ч улс оронд маш хүнд зүйл байдаг. Би өнөөдөр энэ нөхдүүдийнхээ хамт энд яллагдагч маягаар сууж байгаа нь золиос мэт харагдаж байвч эрх зүйн тогтолцооны гажиг нь энэ өрөөнд сууж байгаа бүх хүнийг золиосонд явуулж байгаа юм.
Аливаа хэргийг нотолно гэдэг бол мөрдөн байцаагч нарын хүний хувь заяаг шийдэж байгаа асар хариуцлагатай үүрэг гэж боддог. Харамсалтай нь нотлох баримтуудыг харахад янз янзын буруу зөрүү ойлголттой, эсхүл хүмүүс хувь хүн л юм болохоор өөрийгөө хамгаалах гэсэн айсан мэдүүлгүүд, эсвэл өрөөлийг буруутгах гэсэн хэт нэг талыг баримталсан хувийн үзэмж бүхий мэдүүлгүүд олон байгааг би ажиглалаа.
Тэр үед Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гэдэг хоёр хувь хүнтэй харьцаагүй ээ. Би тэр үед Засгийн газрын гишүүн байсан. Би Монгол Улсын Ерөнхий сайдтай харьцаж, Засгийн газрын хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж явсан.
Засгийн газрын 364 дүгээр тогтоол, 330 дугаар тогтоолыг гаргалцахдаа би аливаа нэгэн компанид үйлчилж байна гэж огт бодоогүй. Тэр үед би Аж үйлдвэрийн сайд байсныхаа хувьд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг яаж давж гарах вэ гэдэг дээр ажилласан. Энэ эдийн засгийн эргэлтийг зогсоохгүй, иргэдийнхээ амьдралыг зогсоохгүй, яаж цалин мөнгөтэй байх вэ, яаж валютын ханшийг савлуулахгүй вэ гэдэг дээр санаа зовинож байсан.
Би бүх хувийн компаниудыг дэмждэг байсан.
Нэг залруулга хийе. Засгийн газрын шийдвэр бол хамтын шинжтэй шийдвэр гэдгийг маш олон удаа хэллээ. Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг гаргалцсаных нь төлөө, Засгийн газрын шийдвэрт гарын үсэг зурсны төлөө Д.Эрдэнэбат надад ял өгч байна. Ял өгөхдөө хамтдаа бүлэглэж хийсэн гэж ямарч нотлох баримт байхгүйгээр асуудалд ингэж хандаж болохгүй.
Хэрэв Засгийн газар хууль бус шийдвэр гаргасан бол, Засгийн газар өөрөө хүчингүй болгох, эсвэл УИХ хүчингүй болгоно гэсэн Үндсэн хуулийн маш тодорхой цорын ганц зохицуулалттай. Үүнийг хөндлөнгөөс хэн нэгэн шүүх эрх байхгүй. Өнөөдөр энэ жижиг зааланд нэг нэгнийхээ хараад сууж байгаа ч гэсэн бид нэг том хаалгыг нээх гэж байгаа гэдгээ хаа хаанаа бодох хэрэгтэй. Засгийн газрын бодлогын шийдвэрийг шүүж болдог юм байна, Засгийн газрын гишүүнийг яллаж болдог юм байна гэсэн үндэслэлийг энэ шүүх хурлын шийдвэр нээчих вий гэдгээс би болгоомжилж байна.
Яахаараа энэ төрд чин сэтгэлээсээ, өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмжилээрээ зүтгэсний төлөө хэн нэгний хамсаатан болж байх ёстой юм бэ?!
Хэрэв шаардлагатай гэвэл яг тухайн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад үнэхээр тийм санхүүгийн чадавхи байсан уу гэдгийг шинжээчид гаргаад дүгнэлт гаргуулбал илүү зөв байсан юм.
Тэр үед Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүнд байсан. Үүнийг өнөөдрийн эрх баригчид ойлгодоггүй юм. Үзэл бодлын зөрүү, ажлын арга барилын зөрүү, асуудалд хандах нь өөр байж магадгүй. Тэр үед 2016 оны төсвийн гүйцэтгэлийг Улсын аудитын ерөнхий газар баталгаажуулж гаргахдаа төсвийн алдагдал 3.6 их наяд байсан гэж гаргасан. Энэ бол албан ёсны нотлох баримт. Энэ тооноос харахад Монгол Улсын төсөвт Эрдэнэтийн 49 хувийг төр худалдан авах ямар ч боломжгүй байсныг нотолж байна.
Энд сууж байгаа “хохирогч” нар ч тэр, улсын яллагч нар ч тэр, шүүгч та нар сайхан залуучууд. Үнэн зөвийг ялгах ёстой. Хамт ажилласан хүн бүрийг ялтан гэж үзэж болохгүй. Хамт ажилласан хүн бүрийг хамсаатан гэж үзэж болохгүй. Засгийн газарт ажиллаж байгаа 16 гишүүнийг бүгдийг нь “нэг бүлэглэлийн” гишүүд, хамтарч шийдвэр гаргасан гэж яллаж болохгүй.
Үүний үнэн мөнийг хөдөлшгүй баримтаар тогтоох үүрэгтэй болохоос биш хангагдаагүй баримтыг нотолгоо болгож, ял өгч болохгүй.
Прокуроруудыг битгий улс төрийн талаас нь анхаараасай гэж хүсч байна. Зовлон байгаа гэдгийг би мэдэрч байгаа. Энэ “хэргийг” анх үүсгээд намайг яллагдагчаар татаад байцаалт авахад мэдэрч эхэлсэн. Үнэхээр ямар үед намайг яллагдагчаар татах, эсхүл татахгүй вэ гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болгосон болон сэргээсэн тогтоолууд, түүний ямар цаг үед гарч байснаас маш тодорхой харагддаг. Тэгээд тэрхүү улс төрийн нөлөөний тусгал энэ зааланд орж ирж үргэлжлээд явж байна.
Аж үйлдвэр гэдэг бол өөрөө том хүрээний сэдэв. Ялангуяа эдийн засгийг цаашдаа энэ улсын ард түмнийг хоолтой ундтай байлгах, энэ улсыг мэргэжилтэй боловсон хүчинтэй байлгах, аж үйлдвэрийн суурь үйлдвэрлэл хоёрхон зүйл дээр тогтдог гэдгийг би сайн мэднэ. Энэ юу вэ гэхээр гангын үйлдвэрлэл, нөгөөдөх нь эрчим хүчний үйлдвэрлэл. Тэнд дэд бүтцийг байлгах нь төрийн үүрэг. Хамгийн нэн тэргүүний бодлого байсан гэдэг нь өнөөдөр ч хэвээрээ байгаа.
Би юмыг тэр өнцгөөс нь хардаг. Тэр өнцгөөс нь харж шийдвэр гаргалцаж байсан.
Аливаа нэгэн улстөрийн шийдвэр тухайн гарсан цагаасаа үр ашиг, үр дүн нь шууд илэрдэггүй. Аливаа улс төрийн шийдвэр тодорхой цаг хугацааны дараа үнэн зөв нь тогтоогдож үр дүнгээ үзүүлдэг.
Эрдэнэтийн 49 хувь. Би шүүгчийн надаас санаа зовоод асууж байгаа асуулт дээр ойлгож байна. “Та ингээд ийм юман дээр гарын үсэг зурчих гэж дээ” гэж. Би тэр үед бодсон. Бодолгүй яахав. Гэхдээ болгоомжилсон. Ийм улс төр ирнэ гэдгийг би мэдсэн. Гэхдээ өөрийгөө шоронд ортол улстөржинө гэж тэр үед би бодоогүй.
Засгийн газрын 330 дугаар тогтоол. Дахиад олон жил яригдана. Үүний салхийг би хагалж байгаа. Хэрэв Д.Эрдэнэбат гэдэг хүн 330 дугаар тогтоолд гарын үсэг зураагүй бол ОХУ-ын “Ростех”-ын эзэмшиж байсан 49 хувь Монголд орж ирэхгүй байсан нь туйлын үнэн.
Би нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Нэгдүгээрт, Засгийн газрын 330 дугаар тогтоол азтай бас эзтэй тогтоол болсон.
Аз гэдэг талаас ярих юм бол Монгол Улс энэ тогтоолын ачаар Эрдэнэтийгээ 100 хувь эзэмших боломж гаргасан тогтоол болсон. Эз гэвэл өнөөдрийн энэ улстөржилт Намайг энэ тогтоолоор ямарваа нэгэн “бүлэглэлд” оролцуулан яллах гэсэн оролдлого байгааг би эсэргүүцэж байна.
Энэ Монгол Улсад тэр Монголын бүлэглэл гэж нэрлэнэ үү, компани гэж нэрлэнэ үү нөхдүүд оруулж ирээд Эрдэнэт Монголд үлдсэн тулдаа өнөөдөр төрийн эзэмшил 100 хувь болсон. Аз нь ард түмэнд очсон бол болоо доо.
Монгол Улсын төлөө би чин шударгаар явсан. Хоёргүй сэтгэлээр явсан. Үнэхээр Оросын 49 хувь, Монгол Улсын мөрөөдөл байсан. Энэ хувийг Монголчууд маань 100 хувь эзэмших нь монгол хүний сэтгэлийн эрмэлзлэл байсан учраас надад эргэлзээ байсан уу гэвэл үгүй.
Цаг хугацааны хувьд хүнд нөхцөлд Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад алдчих вий гэсэн хувь хүний болгоомжлол байсан гэдгийг хэлэх нь зөв гэж бодож байна.
Би улс орноо худалдаагүй. Надад олон хөрөнгө байхгүй. Надад илүү шунал угаасаа байхгүй. Надад тийм суурь хүмүүжил ч байхгүй.
Би харин хийсэн ажлаараа дандаа бахархдаг. Дандаа Монголд хэрэгтэй юм хийснээрээ бахархдаг. Монголоос гадагшлуулсан нэг ч юм дээр оролцоогүй. Үүгээрээ бахархдаг. Гэхдээ 2014-2016 онд хийж чадсандаа, улс төрийн элдэв янзын нөлөөлөл, дарамт байнга учирч байсан ч даваад өнөөдрийг хүргэсэн. Гэхдээ би өнөөдөр нугарах юм шиг байна. Нугарч болно оо, би.
Аливаа нэгэн гэмт үйлдлийн нотлох баримт өөрөө маш тодорхой байх ёстой. Хүний амьдрал хувь заяаг шийдэх гэж байна шүү дээ. Тэр дундаа Засгийн газрын шийдвэрээр Засгийн газрын шийдвэр гүйцэтгэсэн Засгийн газрын гишүүдийн хувь заяа. Үүнийг ямарваа нэгэн улстөрийн дүгнэлтэд үндэслэж, схемчилсэн маягаар асуудалд хандаж болохгүй. Хувь хүний хувьд ч тэр, найз нөхдийн хувьд ч тэр санал нийлэхгүй олон зүйл гардаг.
“Д.Эрдэнэбат нарын долоон хүний хэрэг”, Эрдэнэбат гэж хар хулгайч, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлаад ард түмний өмчийг хулгайлаад идчихсэн гэмт хэрэгтэн. Өрөвдмөөр ч юм шиг, эсвэл үзэн ядмаар ч юм шиг.
Би зөвхөн үнэн, зөвхөн цагаан гэж өөрийгөө зөвтгөхгүй. Би тэр том нүсэр ажлуудын дунд байхдаа алдаа гаргасан байх. Гэхдээ алдахаасаа оносон нь их учраас бахархдаг. Би яахаараа эцсийн эцэст үр хүүхдүүдийнхээ, найз нөхдийнхөө, намайг дэмждэг мянга мянган хүмүүсийнхээ өмнө авлигачаар цоллогдож, ял авах ёстой юм бэ. Яахаараа өнөөдөр хийгээгүй хэргийн төлөө, өөрийнхөө хувь хүний үзэл бодол, итгэл үнэмшилээ зөв гэж үзэж байгаагийнхаа төлөө яллуулж чимээгүй суух ёстой юм бэ.
Хардах, сэжиглэх эрх хэнд ч бий. Энэ бол АТГ-ын үүрэг. Хянах нь прокурорын үүрэг гэдгийг маш сайн ойлгож байна. Гэхдээ нотолгоогүй, хардалтаар хүнийг яллаж болохгүй. Энэ нь өөрөө хэлмэгдүүлэлт.
УИХ Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар хоёр улсын хоорондын Засгийн газрын гэрээг хүчингүй болгож, төрийн эзэмшилд авсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Тэгээд энэ бүх зүйл хэрэгсэхгүй болсон учраас хор хохирол, нэхэмжлэхгүй гэж прокурор үзсэн байна лээ. Би үүнтэй санал нэг байна.
Энэ бол улс төрчийн гаргасан улс төрийн шийдвэрээр эцсийн үр дагавар ингэж буусанд баярлаж байгаа. Яагаад баярлаж байгаа вэ гэхээр Засгийн газрын 330 дугаар тогтоол гарсны дараа энэ тогтоолыг үндэслэн Засгийн газар ОХУ руу бичиг явуулж, хэн оруулж ирсэн нь хамаа байхгүй, тэр Оросын эзэмшлийн 49 хувь Монголд л ороод ирсэн. Бид чинь нэг Монгол Улс. Хэнээр дамжиж орж ирэх нь асуудал биш. Орж ирсэн нь өөрөө гол ач холбогдол мөн.
Монгол хүн, Монгол өрх, Монголын аж ахуйн нэгж, Монгол төр бид нэг ард түмэн. Бид чинь нэг л Монгол Улс. Бид нэг нэгнийгээ ялгаварлаж болохгүй.
Танай, манай, хөрөнгөтэй, хөрөнгөгүй тэрийг нь шүүх авч хэлэлцээд хэн нэг нь яллаад байдаг энэ нь Монгол Улсад хэзээ ч дахиж ингэж даамжирч болохгүй. Байж болохгүй зүйл. Энийг үеийн үед энэ төрд ажиллаж байгаа хэн ч болов санаж явах ёстой зүйлийн нэг гэж би бодож байна.
Юу ч бүтээгээгүй сайн нэртэй явснаас хийж бүтээчихээд зөв хүн явах нь чухал гэж би ойлгож байна.
Би өөрийнхөө үзэл бодол, зарчмыг зөв гэдэгт үргэлж итгэдэг.
Улс төрч хүний бодлогыг хүн болгон ойлгодоггүй юм. Улс төрч хүн гэдэг чинь өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байдаг юм. Улс төрч хүнийг зөвхөн тэр өөрийнх нь итгэл үнэмшил, үзэл бодол нь удирддаг болохоос өөр хэн ч удирдахгүй.
Би Ардчилсан үзэлтэй хүн. Би чөлөөт эдийн засаг, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөө, энэ бүгдийн төлөө хамгаалж дандаа үгээ хэлж явдаг. Энэ бол миний итгэл үнэмшил. Миний итгэл үнэмшлээс өөрөөр өнөөдөр зөндөө яригдсан ч гэсэн би тэвчээртэй өнгөрүүлж чадна. Яагаад гэвэл хүн бүр өөрийнхөө итгэл үнэмшил, үйл хэргийн зөвтгөлийг хийж амьдардаг хорвоо.
Эцэст нь хэлэхэд би Монгол Улсынхаа эрх ашгаас урваагүй шүү. . .