Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд цом, өргөмжлөл гардуулах ёслолд оролцож үг хэлсэн билээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, Шилдэг-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл Та бүхэндээ, Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье. Эдийн засаг хэдийгээр сэргэж эхэлж байгаа боловч үнийн өсөлт Та бидний хамтын дарамт байсаар байна. Инфляц 11.3 хувьтай буюу хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалж, Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд барьж байна. Хэдийгээр өмнөх улиралтай харьцуулахад тодорхой хэмжээний орон зай гарч байгаа боловч эрсдэл хэвээр хадгалагдаж байна гэсэн үг юм. Тиймээс цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж” Та бүхнийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Ингэж чадвал Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, сэргэж буй эдийн засгийн өгөөж нь иргэн, аж ахуйн нэгж бүхэнд хүрэх хаалга нээгдэх болно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх боломж гарч, иргэдийн бодит орлогод эерэг нөлөө үзүүлэх болно" гэсэн юм.