Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган өнөөдөр Дорноговь аймагт эхэллээ. Тус чуулганд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
СДМЭХ-ны аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр чуулганы ажиллагаанд өндөр ач холбогдол үзүүлж, оролцоогоо ханган, бэлтгэл сайтай хүрэлцэн ирсэн 7 аймгийн СДМЭХ-ны гишүүд, удирдлагууд, нийгмийн төлөөлөл болсон салбар бүрийн эмэгтэйчүүдэд талархаж байгаагаа илэрхийлээд “Та бүхний хамтын ажиллагаа, идэвх санаачилгын үр дүнд орон нутаг дахь салбар холбоо, зөвлөлийн үйл ажиллагаа эрчимжиж байна. Энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн байна. Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах чухал заалтуудыг тусгасан. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 онд эмэгтэйчүүдийнхээ квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэх эрх зүйн шинэчлэлийн түүхэн шийдвэр гарлаа.
Эмэгтэйчүүддийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргаж буй нэн чухал цаг үед өнөөдрийн чуулган зохион байгуулагдаж байна” хэмээн онцоллоо. Энэ жилийн бүсийн чуулган Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа -2050”, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх “ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олны хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх, 2024 оны УИХ болон орон нутгийн сонгуулийг угтсан бэлтгэл ажлын хүрээнд харилцан туршлага судлах, тогтвортой хөгжлийг дэмжих санал, санаачилгыг ажил хэрэг болгохоор зорьж байна. Цар тахлаас үүдэн олон жил бүсийн чуулганыг зохион байгуулаагүй байсан энэ удаагийн зүүн болон говийн бүсийн малчин, саальчин, багш, инженер, бизнес эрхлэгч салбар салбарын төлөөлөл болсон 500 гаруй эмэгтэйчүүд оролцож байна. Эдгээр эмэгтэйчүүд бүс нутгийн хөгжил ямар байна, Шинэ сэргэлтийн бодлогод туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх саналаа солилцож байгаагаараа онцлогтой. Бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод заалт болон оруулахад анхаарч ажиллахаа СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.Булгантуяа онцолж “Хөгжил хүн бүрд ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал” хэмээв.