МҮХАҮТ-ын захирал Т.Дүүрэнтэй ярилцлаа.
-Маргааш МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Таны хувьд энэ танхимын захирлаар ажилладаг. Хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимын цаашдын үйл ажиллагааг хэрхэн явуулах төлөвлөгөөтэй байна?
-МҮХАҮТ-ын сонгууль дөрвөн жил тутамд нэг удаа явагддаг. Танхим хувийн хэвшлийг төлөөлдөг, хуультай байгууллага. Олон улсын байгууллагуудаас манай танхим сайн засаглалтай гэх дүгнэлт авсан. Хуулийн дагуу засаглалаа хэрэгжүүлж, Удирдах зөвлөлөө сонгон, тогтвортой үйл ажиллагаагаа бид явуулсаар байна. МҮХАҮТ 21 аймагт салбартай. Эдийн засаг бизнесийн орчинтой бүх хууль тогтоомжид гишүүн байгууллагаасаа саналыг нь авдаг. Засгийн газрын дундаж наслалтыг 1.8 жил гэж хүмүүс ярьдаг даа. Үүний горыг бид дөрвөн жилийн хугацаанд амссан. Бид гурван Засгийн газрын нүүр үзлээ. Тэгэхээр гурван сайдад бүх зүйлийг гурван удаа тайлбарлах хэрэг гарч байгаа юм. Намайг 2019 оноос хойш танхимын захирлаар ажиллахад хоёр жил нь ковидын үе таарсан. Нэг жилд нь геополитикийн нөхцөл байдал байж таарлаа. Нэг жилийг нь гурван сайдад ажлаа тайлбарлах гэж цагаа алдсан байдаг. Төрийн санамж ой, залгамж халааг хамгийн тогтвортой хангаж чадахуйц тулгуур багана болох олон бүтцийн нэг нь танхим. Одоогийн ажиллаж байгаа багаараа үргэлжлүүлж ажиллаж гэмээнэ шинэ засаг бүрэлдэхэд дагаад намирахгүй. Манай улс их гүрнүүдийн сонирхлын дунд оршдог улс. Энэ жил сонгуулийн өмнөх жил. Улстөр бизнес эдийн засгийг хаашаа ч чирээд явж магадгүй. Тиймээс бизнесийн орчноо хамгаалах, хөрөнгө оруулалтын нөхцлөө сайжруулахад бидний өмнө нь дэвшүүлсэн санаа хамгийн зөв шүү гэдгээ ямар ч Засаг гарсан хэлнэ. Хоёрдугаарт, дөрвөн жилийн хугацаанд ковид болон геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжүүлж чадалгүй үлдсэн ажлууд бий. Энэ бүхэн хэрэгжүүлж дуусаагүй, төлөвлөсөн ажлаа дуусгах ёстой гэж бодож байна. Танхимд ахмад, дунд, шинэ үеийн төлөөллүүд тогтвортой ажилладаг. Энэ бүтэц маань энэ хэвээрээ ажиллаад үргэлжлүүлээд төлөвлөсөн ажлуудаа дуусгах хэрэгтэй. Танхимын бизнесийн орчинг сайжруулах Танхимын тухай хууль бий. Энэ хуулийг яаралтай батлуулах шаардлагатай. Хууль нь танхимын болон хувийн хэвшлийг бэхжүүлж өгөх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, компаниуд өөрөө оролцдог байх нөхцлийг хангаж өгөх хууль. Гуравдугаарт, нэг бүлэглэлийн утсан хүүхэлдэй, нэг компанийн эзний гарт танхимыг оруулж болохгүй. Улстөрийн карьер хөөж яваа хүний карьер ахидаг шат байж болохгүй. Танхимаас гарч байгаа үр шимийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй 60 мянган компани бүгд хүртдэг. Ковидын үеэр НДШ-ээс иж бүрнээр нь чөлөөлүүлэх Танхимын дэвшүүлсэн санал байсан. Тог цахилгааны мөнгийг чөлөөлөх асуудал ч мөн танхимын хийсэн судалгаанаас үндэслэж гарсан. Цар тахлын үед ямар байгууллагын үйл ажиллагааг нээх эсэхийг төр хэрхэн тооцохоо мэдэхгүй байхад бид 670 салбар болгож хуваан хэд нь ажилтай, хэд нь ажилгүй болохыг тооцож гаргаж өгч байсан удаатай. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болох хүн олон нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй, улстөрждөггүй, хэн нэгний утсан хүүхэлдэй болчихдоггүй, зангарагтай, туршлагатай, үзэл бодол нь төлөвшчихсөн хүн хэрэгтэй.
-Өрсөлдөгчийн зүгээс таньд дайралтууд ирж байгаа бололтой. Эхнээсээ сошиалаар харлуулаад эхэлсэн харагдлаа.
-Нэр дэвшиж байгаа хүн ёс зүйтэй байх атал эхнээсээ ямар ч хамаагүй аргаар нэг, хоёр хоногийн дотор харлуулах гэж оролдож байгаа нэр дэвшигчид байна. Сонгогчид маань санамсаргүй явж байгаад цугласан улс биш. Танхимын гишүүн гэдгээ ухамсарласан, гишүүнээр олон жил ажилласан, бизнесийн хувьд унаж босоод үзчихсэн, төр засгийн хүнд суртлыг мэдэрчихсэн улсууд бий. Аливаа зүйлд наанатай, цаанатай хандана гэдэгт итгэж байна. Бүх гүтгэлэгт албан ёсоор няцаалт үеийн үед өгч ирсэн. Тэр байдлаар албан ёсоор хурал дээрээ няцаалтыг баримттай нь гаргаж тавина. Урьдчилсан байдлаар Удирдах зөвлөлийн гишүүддээ танилцуулсан. Яагаад олон улсын байгууллагуудаас танхим сайн засаглалтай ТББ гэх үнэлгээ авчихсан явж байна гэхээр Удирдах зөвлөлийн хурал жилдээ хоёр удаа болдог. Тэргүүлэгчдийн хурал жилдээ дөрвөн удаа болдог. Хурал дээрээ бид тулгарч байгаа асуудал бэрхшээлээ ярилцдаг. Тэр бүр дээр гүйцэтгэх захиралдаа үнэлгээ өгч ажилладаг. Хэзээ гүйцэтгэх захирлыг солих эрх нь Удирдах зөвлөлд байдаг. Дөрвөн жилийн хугацаанд найман удаа хуралдахад чи болохгүй байна гэдэг асуудал огт үүсээгүй. Монгол Улсын эдийн засгийг авч явж байгаа 75 том компанийн төлөөлөл сууж байгаа шүү дээ. Танхим аудит болон хөндлөнгийн шалгалттай. Аливаа сонгууль болоход ТЕГ-ын аудит ордог. Гадаад харилцаа, экспорттой холбоотой асуудал үүсэхэд ГХЯ, Элчин сайдын яамдтай, ТЕГ-тай зөвшилцөж байж хэлэлцээрүүдэд ордог. ҮАБЗ-д дүгнэлтээ гаргаж өгөөд тэндээс чиглэл авдаг байгууллага. Хулгай хийдэг ченжүүдтэй тэмцэхэд судалгаа хийгээд гарсан дүгнэлтээ ҮАБЗ-д албан ёсоор танилцуулдаг. Үүний дараа төр засгаас чиглэл аваад хөдөлдөг газар.
-Та хаана хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Би 23 болон 2 дугаар сургуулийг төгссөн. МУИС-д англи хэлний ангиийг төгсөөд Энэтхэг улсын Делигийн их сургуулийг Худалдаа эдийн засаг чиглэлээр сурч төгссөн. 2000-2005 онд MCS, Спирт бал бурам компанид ажилласан. 2005 онд UFC групп гэх компанийг хоёр найзтайгаа хамтран байгуулсан. 2010 онд хувьцаагаа зараад хувийн бизнесээ хийж байгаад 2015-2016 онд Капитрон банкны захирал, 2017-2019 онд 22-ын авто зах олон улсын худалдаа логистикийн төвийн ТУЗ-ийн гишүүн, 2019 оноос МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Англи, орос хэлтэй. 2005 онд UFC групп анх чацарганы шүүсний бизнесийг эхлүүлсэн. Үүнийг маань ойн аж ахуй, жимсний аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж төр засгаас Алтан гадас одонгоор шагнасан. Цар тахал гарч Хятад хилээ хаахад манайх хүнд нөхцөл байдалтай тулгарсныг бүгд мэдэж байгаа байх. Тэр үед махны экспорт их чухал байлаа. Ингээд танхимаас Хятад үндэстэнд нэг малчин өрх нэг мал бэлэглэе гэх санаачилга гаргаад тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бичиг хүргүүлсэн. 300 мянган хонийг Хятадын ард түмэнд бэлэглээд цар тахал дуусахаар монголын махыг өндөр үнээр борлуулна гэж ярилцсан хэрэг. Яваандаа 30 мянган хонь урд хөршдөө бэлэглэсэн. Ийм л баг хамт олон сэтгэл зүрхээрээ Монголын экспортын төлөө ажилласан байдаг юм.
Б.НОМИН