Өнөөдөр Монголд эв нэгдэл л хэрэгтэй. Үүнийг уриа дуудлага, улс төрийн лоозонгоор хийж болохгүй юм шиг байна. Нэлээн зөөлөн арга эв, ойлголцлоор хийх бололтой. Хувийн эрх ашгаа хойш нь тавьж, хувьсгалын эрх ашгийг ухаалгаар ойлгуулсан, хүн хоорондын итгэлцлэлээр хийх бололтой. Зарим үед бие биендээ бууж өгч, шаардлагатай бол ухарч гишгэж байж ширээний ард бүгдээр сууцгаах юм байна. Ингэж байж аяга кофе ууцгаан улс орны хувь заяаны асуудлыг ярилцдаг нь дэлхийн практик юм. Дайсагналаар юу ч шийдэхгүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатар үүнийг л хүсч байх шиг байна. Юу нь болохгүй гэж.

Эдийн засаг хүндэрч, ёс суртахуун доройтсон энэцаг үед асуудлыг нэг бол хүчээр, эс бөгөөс зөөлөн хүчний бодлогоор шийднэ. Батын Батбаатарын аядуу гуйлт бол сайн хувилбар. Бид одоо улс төрийн бодит үнэнийг олж харах хэрэгтэй. Эрх баригчид, мөн парламентад суудалтай намууд хэрхэн жүжиглэж байгааг харж байна.

Өнөөдөр улстөрчдийн болон улс төрийн намуудын хэвлэлийн хурал, мэдээлэл нь “гал дээр тос” нэмсэн уур хилэн болсон. Тэд өөрсдийгөө зөвтгөдөг. Тэгвэл бас үгүй юм гэдгийг ИЗНН харууллаа. Тэдний зүгээс ард түмнийг уурлуулан удирдах технологи харагдахгүй байна. “Хэн таныг уурлуулж байна, тэр таныг удирдана” гэсэн үг бол өнөөдрийн эрх баригчдын зарчим ч байж магадгүй. Ухаалаг хэсэг нь бол харин ийм цаг үед зүгээр л бүгдээс гуйх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Улс төр, сэтгүүл зүйн орчин дахь хатуу ширүүн үг хэллэг, хэн нэгнийг хараар будсан мэдээллүүд дунд “Бүгдээрээ одоо нэгдье ээ, улс орон хэцүүдлээ шүү дээ...” гэсэн улстөрчийн үг содон тусч байгаа нь ийм учиртай. Б.Батбаатарын гуйлтад шууд хариулах боломжтой. “За” эсвэл “Үгүй”. Монголын улс төр ийм ойлгомжтой, тодорхой байх нь хамгийн сайн.Цаг үеийн энэхүү хатуу тулгалтад ИЗНН-ын зүгээс ийм хариулт, гарц гаргалгаа санал болголоо. Ард түмний дунд алхаж яваа 35 намын нэгдэл гэдэг бол үнэндээ бодит Монголын Улс төр мөн юм шүү. Бүтэн 33 жил МАН, АН хоёрыг ард түмэн дэмжлээ, үр дүн нь өнөөдөр бидний байж байгаа царай. Гурав гурваар нэгдээд яах юм, багц багцаар нэгдээд яах юм, 35-уулаа нэгдье гэдэг бол Монголын улс төрд цоо шинэ ойлголт. Болохгүй, боломжгүй зүйл гэж үгүй.

Эдгээр 35 нам эвсэж нэгдэхгүй явж өнөөдөрт ирсэн нь өөрөө эх орныхоо хувь заяаны эсрэг шахуу үйл явц. Үүнийг ухамсарлах цаг болжээ. Монголын улс төр дэх ган зуд, гашуун цөвүүн бүгдийг гадарлах, туршлагатай улс төрч, ИЗНН-ын дарга Б.Батбаатарын ГУЙЛТ бол Монголын хувь заяаны төлөө улстөрчид хүчээ төвлөрүүлье гэсэн санаачилга, бас зорилго. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэсэн монголчуудын язгуур үзэл санаа. Яаж ч үгүйсгэж, элдвээр хэлсэн цаг үеийн шаардлага, тулгалт мөн. Б.Батбаатар их зөөлөн гуйлаа. Чангарах биз. Яагаад гэвэл энэ бүхэн улс төрийн ажил. МАН-АН. Тэгээд “35 намын нэгдэл” гэсэн хар зургийг өнөөдрөөс харж эхэлье. Монголын улс төрийн “Хүндийн төв” хаана байх боломжтойг ИЗНН сайн тодорхойлжээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн 35 намын ёстой заяа нь мэдэж дээ...

Улстөрчийн амбиц, намын эрх ашгийг хойш тавиад Батын Батбаатар та нараас энэ удаа гуйлаа шүү.

Эх сурвалж: Baabar.mn нийтлэлч П.Хашчулуун