Иргэний Зориг Ногоон Нам /ИЗНН/-аас 2024 оны УИХ-д тус намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг танилцууллаа.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар: ИЗНН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 73 нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгүүлж, эцсийн шийдвэр нь гарч байна. Нийт 73 нэр дэвшигчийн хамгийн залуу нь 26 настай эмэгтэй байгаа бол хамгийн ахмад 76 настай нэр дэвшигч байгаа. Нас насны төлөөлөл орсон, уламжлалт, одоо үе, ирээдүйг бүгдийг нь багтаасан хүмүүсээр ИЗНН нэр дэвшигчдээ бүртгүүлсэн. Энэ 73 нэр дэвшигчийн 59 хувь нь эрчүүд, 41 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Сонгуулийн тухай хуулийн 30 хувиас дээш аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн шаардлагыг давуулан биелүүлж, Монголд хамгийн анх эмэгтэйчүүдийг улс төрд оруулж ирж байсан анхны санаачлагч ИЗНН тэр мөн чанараа алдаагүй өнөөдөр бас энэхүү сонгуульд оролцож байна.
УИХ-ын сонгуульд оролцохдоо ИЗНН нийгмийн сонирхлын бүлгүүд мөн хуулинд зохицуулсан бүхий л бүлэг төлөөллийг нэр дэвшигчдийнхээ эгнээнд хамруулан бүгдээрээ нэгэн зорилгын төлөө зүтгэхээр оролцож байна. Нийт нэр дэвшигчид хууль эрхзүй, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, философи, инженерүүд, байгаль хамгаалал, экологи зэрэг бүхий л салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжилтэн, эрдэмтэн, доктор, профессор, урлаг соёлын салбарт ажиллаж тив дэлхийд нэрээ дуурсгаж, монголынхоо нэрийг хүндтэй өндөрт өргөж явсан ийм эрхмүүд өнөөдөр ИЗНН-аас нэр дэвшиж байгаа.
Нийгмийн салбарын хамгийн олон өрх, гэр бүл, хүн амыг хамарсан малчдын төлөөллөөс ч нэр дэвшиж байгаа. Хуульд зааснаар олныг төлөөлөх буюу 13 тойрогт 61 хүн, хувь тэнцүүлсэн буюу намын жагсаалтаар 12 хүнийг нэр дэвшүүллээ. ИЗНН энэхүү сонгуульд та бүхэнтэй хамтран ажиллаж, монголын хөгжлийн төлөө минималист маягаар ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна.
Өнөөдөр улс төрийн намууд, улс төрчид эрх ашгийн эрэмбийн дарааллыг ор тас гээж мартсан байгаа. С.Зориг агсны үзэл санааг тээгч нам бол бол ИЗНН мөн. Бид монголын ардчилсан хувьсгал, ардчиллын төлөөх үйл хэрэг, үзэл санаа, үнэт зүйлийг ИЗНН үүрч, авч явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. ИЗНН ардчилал, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэгч нам.
ИЗНН-ын төрсөн түүх бол харамсалтайгаар амь үрэгдсэн, бусдын гарт алагдсан Санжаасүрэнгийн Зоригийн фракци, найз нөхөд, итгэж дэмждэг монголын ард түмний сэтгэл зүрхнээс төрж бий болсон нам. Бид энэ зорилгын төлөө өнөөдрийг хүртэл явж ирсэн, цаашид ч явсаар байх болно. ИЗНН-ын тулах нэг багана нь ногоон соёл иргэншил, ногоон амьдрал, монголчуудын мянга мянган жил байгаль дэлхийтэйгээ зохицож хамтдаа амьдарч ирсэн тэр ногоон амьдралын тулгуур багана байх болно.
Монгол улсад өнөөдөр ногоон соёл иргэншил, ногоон амьдралыг тээж яваа нам бол ИЗНН-аас өөр байхгүй. Авилгын эсрэг анхны санаачилгыг, ажилгүйдлийн эсрэг, архидалтын эсрэг анхны 3А санаачилгыг, баялагтай, бүтээгч, боловсролтой Монголыг бүтээх санаачилгыг ИЗНН гаргаж байсан.
ИЗНН туулсан зам, явсан мөр, бүтээсэн үйл бүхэн цэвэр бөгөөд ариун, зөв зүйлийн төлөө явсаар ирсэн. Ингээд та бүхэндээ ИЗНН-ыг хамтран ажиллахыг уриалж байна." гэлээ.
ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара: Бид “Шинэ дэвшилтэт холбоо”-нд нэгэн санал хүргүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны үзэл санааг дэмжигч нийт иргэдийн хүсэлтийг харгалзан хөшөөний ойр байрлах “Шинэ дэвшилтэт холбоо” нь уг хөшөөг буулгахыг санаархаж холбогдох байгууллагуудад тус хөшөөг нүүлгэх шаардлага хүргүүлж байгаа асуудлыг манай ИЗНН эсэргүүцэж байна. “С.Зориг агсны хөшөөг хадгалж үлдэх нь Монголын ард түмний хүсэл зориг мөн. Энэ хөшөө “Шинэ дэвшилтэт холбоо” байгууллага Ардчилсан намын байр буюу С.Зориг агсны хөшөө байрладаг газрыг эзэмшдэг. Гэвч зориулалтыг өөрчилж, хөшөөг нурааж, худалдаа үйлчилгээний барилга барих тухай мэдээлэл түгсэн. Иймд “Шинэ дэвшилтэт холбоо”-ноос Ардчилсан намын тус байрыг газартай нь 1 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал тавьж байна.
Хэрэв энэ саналыг хүлээж авахгүй бол Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлэх болно. Шаардлагадаа, Нийслэлийн өмчөөс шилжүүлж авсан газрыг зориулалтын бусаар ашиглах гэж буй “Шинэ дэвшилтэт холбоо”-ны зөвшөөрлийг цуцлах агуулга тусгасан” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт нэр дэвшигч С.Шаарийбуу: Миний бие 33 жилийн ардчилсан сонгуулийн түүхэнд анх удаа урилгаар нэр дэвшиж байна. Анх удаа би ахмадуудаа төлөөлж нэр дэвшиж байна. Намайг шудрага үнэний төлөө олон жил явсаныг олон түмэн мэдэх байх. Одоо монголын ард түмний эрх, эрх чөлөө, шудрага үнэний төлөө тэмцдэг байя. Дуугардаг байя. Тэднийг сонсдог болгохын төлөө миний бие зорьж байна. Би охиныхоо төлөө ганцаараа уйгагүй явсан. Одоо би ард түмнийхээ төлөө дуугарах цаг болжээ. Тиймээс надад итгэл хүлээлгэсэн намынхандаа талархаж байна. Иргэний хохирол бол ганц иргэний асуудал биш. Энэ улсынх нь асуудал байдаг учраас Монгол Улсын төр, Монгол Улсын хуулийн байгууллага мөн хохирогч буюу нэхэмжлэгч байх ёстой. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, хуулийн байгууллага хохирогчийнхоо өмнөөс нэхэмлэгчийнхээ үүргийг гүйцэтгэхийг хүсч байна.
Монголын малчдын нэгдсэн холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн: Малчиддаа чиглэсэн үйл ажиллагааг холбоогоор дамжуулж маш олон удаа хийж байсан. Энэ жилийн хамгийн том ажил маань зудтай холбоотой малчдын зээлийг тэглэх асуудал байсан. Үнэндаа малчид маань төрд хаягдсан хүмүүс байдаг. Тиймээс малчдын дундаас, малчдын хотноос тэднийг төлөөлөхөөр малчдынхаа хүсэлтээр Э.Пүрэвсүрэн миний бие болон өөр 5 малчин энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа. ИЗНН-ыг сонгосон шалтгаан нь малчдыг дэмждэг ганц нам. Тиймдээ ч малчдаас ирсэн, саналыг мөрийн хөтөлбөртөө нягт суулгаж өгсөн. Мөн малчдын зээлийг тэглэх аяныг маань дэмжиж оролцсон учраас сонгосон юм.
УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшигч Х.Цагаанбаатар: Миний бие эх орноо төлөөлөн олон улсад тэмцээнд оролцож байхдаа миний эх орон хэзээ ийм болох бол гэсэн бодлоор цагаахан атаархаж байсан. Тэр утгаараа багш болоод ЕБС-ыг байгуулсан. Энэ хугацаанд боловсролын байгууллагад тулгамдаж байгаа маш олон асуудал байгааг олж харсан. Мөн хуулийн цоорхойд өртөж байгаа хүний хувьд шавь нарынхаа төлөө монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө нэр дэвшиж байна.
УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигч Г.Хажидмаа: “Өнгөрсөн хугацаанд надтай тэмцэж ирсэн хүмүүс маань надтай хамт ИЗНН-д гишүүнээр элч орсон. Учир нь өнгөсөн 8 жилийн хугацаанд сөрөг хүчин байсангүй. Ардчилсан намаас сөрөг хүчин хийгээд өгөөч гэж удаа дараа хүсч өөрөө очоод зодуулдаг болоод гарч ирсэн. Иймээс Гантөмөр овогтой Хажидмаа миний бие иргэний зориг гарган ИЗНН-д элссэн юм. Цаашдаа энэ намыг монголын ардчилсан хүнлэг, энэрэнгүй нийгмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь энэ биеэ зориулж хамтдаа тэмцэх болно гэлээ.