Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт улс төрийн шинжтэй, хууль бус томилгоо хийгдсэн талаар тус дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс мэдээлж, энэ үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлэхдээ “Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт хууль бус томилгоонууд ээлж дараалан хийгдэж байгаагийн нэг нь дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг ажлаас нь чөлөөлсөн явдал юм. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх тухай заасан байдаг. Гэвч Улсын баяр наадмын өмнө манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргыг надтай зөвшилцөлгүй ажлаас нь халсан нь хууль бус хэрэг боллоо. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.5-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх тухай заасан. Гэтэл Ө.Батжаргалыг ажлаас нь чөлөөлөх өдрөө мэдэгдсэн нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Энэ томилгоо нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн бусад таван заалтыг зөрчиж байна. Эмнэлэг нь өөрөө зөвхөн эмчилгээ, оношилгооноос гадна маш том менежмент шаарддаг газар.
Ө.Батжаргал нь өнгөрсөн таван жилийн хугацаанд аль ч дүүрэгт хийж чадаагүй эмнэлгүүдийг барьж байгуулснаас эхлээд маш их зүйлийг салбартаа хийж гүйцэтгэсэн хүн. Томилгоог нийслэлийн ЭМГ-ын дарга н.Төмөрбаатар хариуцдаг учир салбарын сайд Д.Сарангэрэл энэ томилгоог мэдээгүй. Түүнчлэн Ө.Батжаргалыг маш сайн ажилладаг, түүний ажлыг дэмждэг тухайгаа салбарын сайд илэрхийлсэн байдаг.
Манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг өмнөх дарга шиг гүйцэтгэж чадах туршлагатай хүн байхгүй. Дээрээс нь Баянгол дүүрэгт маш чухал эрүүл мэндийн 63 төсөл эхэлсэн явж байгаа. Оронд нь даргаар ирсэн хүн нь МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д удаа дараа нэр дэвшээд санал авч чадаагүй улс төрч хүн байна. Эндээс харахад улс төрийн зорилгоор томилогдсон гэдэг нь тодорхой. Түүнчлэн дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг мөн ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томиллоо. Төрийн албаны хуульд тус томилгоог сонгон шалгаруулалтаар хийх тухай заасан байдаг. Гэвч оронд нь ирсэн хүн Боловсролын хэлтсийн даргаар ажиллах шалгуурт огт тэнцэхгүй байна. Жирийн багш хүн Боловсролын хэлтсийн даргаар ажиллах боломжгүй. Үүнээс үзэхэд түүнийг халах ямар нэг үндэслэл байхгүй. Боловсрол болон эрүүл мэнд бол хамгийн чухал салбар юм. Тиймээс эрх мэдэлтнүүд энэ том агуулгыг нь бодож ажиллах ёстой. Иймд би Баянгол дүүргийн МАН-ыг улстөржсөн ажиллагаагаа зогсоохыг хүсч байна. Бид холбогдох хуулийн дагуу шүүхэд хандсан. Хууль зөрчиж томилогдсон, дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй хүмүүстэй бид баг болж ажиллахгүй" гэв.
Түүний мэдээллийн дараа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Н.Болдбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Баянгол дүүргийн хэмжээнд хүүхдийн эмнэлэггүй байсан. Харин Ө.Батжаргал томилогдож ирээд 2013 онд 35 ортой, 2015 онд 100 ортой хүүхдийн эмнэлэг барьж байгуулсан бол 2017 онд ахмадын эмнэлэг болон мөн 60 ортой хүүхдийн эмнэлэг шинээр байгуулсан гэдгийг баянголчууд мэдэж байгаа. Энэ бол зөвхөн барилга байгууламжаар харьяалагдах ойлголт огтхон ч биш. Эмнэлэг нээхэд тоног төхөөрөмж, олон мэргэжилтэн бэлтгэхээс эхлээд маш их хүч хөдөлмөр шавхдаг ажил. Эмнэлгийн үйл ажиллагаа маш сайн явж ирсэн. Харамсалтай нь, дарга солигдсоны улмаас наадмын дараа ажил эхлэхэд цахим дугаарын асуудлаас эхлээд эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд зарим доголдол үүсээд байна. Мөн долдугаар сарын 18-нд эмч эмнэлгийн ажилтнууд энэ асуудалтай холбоотойгоор хэвлэлд хандсан. Гэтэл тэднийг үзэл бодлоо илэрхийлснийх төлөө ажлаа хийхгүй байна гэж дарамталж, нэг өдрийн цалинг нь хасч, сануулга өгсөн байна.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний мэс заслын тасгийг анх удаа өнгөрсөн онд Баянгол дүүрэг нээсэн. Одоогоор нийт 6500 хүн хагалгаанд ороод байна. Ө.Батжаргал даргын хийсэн бүтээсэн зүйл нь иргэдийн төлөө, эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө байсан учраас энэ бол зөвхөн албан тушаалын асуудал биш. Дүүргийн нийт 240 мянган иргэн, эрүүл мэндийн төвийн 460 эмч, эмнэлгийн ажилтны асуудал болоод байна. Эрүүл мэнд, боловсролын салбар нь дэлхийн чиг хандлагад нэгдүгээрт бичигддэг. Монгол шиг чухал салбараа улстөржүүлдэг орон байхгүй" гэв.