Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, намын дарга С.Эрдэнэ гурван гол асуудлыг ярихаа дурдав. Үүний нэгдүгээрт, 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөөгийн цаг үетэй харьцуулах, Монголбанктай холбоотой үйл ажиллагааны асуудлаар мэдэгдэл танилцуулах, хоёрдугаарт, намаас нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах талаар, гуравдугаарт хүний эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэдгээ хэвлэлийн бага хурлын эхэнд онцлов.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн боловч хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй хойш тавьж байна гэж тус намын удирдлага хэлэв. Улмаар Ардчилсан намаас гаргасан мэдэгдлээ уншиж танилцууллаа. Мэдэгдэлд, 2012-2016 оны санхүүгийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд төгрөгийн ханш 30 хувиар буурч, чанаргүй зээл өссөн нь Монголбанкны удирдлагуудын буруутай бодлогоос шалтгаалж байна. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх саналыг яаралтай хэлэлцэхийг шаардав. Тэрчлэн ерөнхий боловсролын сургуулиудын дундах сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь салбарын бодлого алдагдсан гэж үзээд, Эрүүл мэндийн сайдыг огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
АН-ын дарга С.Эрдэнэ “Сүүлийн хоёр жил У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар авлигажсан, ЖДҮХС-гаас зээл авч, давуу эрх өөрсдөдөө бий болгосон. Тэд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн гэж гоё тоо ярьж байгаа ч бодит амьдрал дээр инфляц өсч, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдлээ. Засгийн газрын нэг яаманд хүний амь эрсэдсэн хэрэг гарчхаад байхад өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гээд олон асуудал байна. Гэтэл эдгээрээс өнөөдөр тодорхой болсон зүйл нэгээхэн ч алга байна. У.Хүрэлсүхийн толгойлж буй Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” гэв. Мөн Ардчилсан намаас энэ сарын 30-нд ард түмний жагсаал зохион байгуулж, бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн шөнө гэхэд шатахууны үнэ нэмэгдсэн. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Мах болон хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр биш, цагаар өсч байна. Тиймээс хариуцлагагүй УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудалд аюулын харанга дэлдэж байна. Нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй аюул занал учруулж байна. Үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай гэж АН-ын зөвлөлөөс үзэж байна. Мөн тэрбээр "Монгол Улсад өнөөдөр хууль алга. Хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гараад ирлээ. ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. Шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессын 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгч, аллагатай холбоотой гээд олон асуудал шийдэгдсэнгүй. “Эрдэнэт”-ийн асуудалд хэт улстөржсөн өнцгөөс хандаж байна. 51 хувийн асуудлаар хэн ч, юу ч ярихгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эхний төлбөрийг хийгээд цаана нь ямар луйврын тохиролцоо хийсэн нь тодорхой бус, 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийгдсэн дуулдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр “Эрдэнэт”-ийн асуудалд оролцсон эрхмүүдийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. УИХ-ын гишүүдийн 50 нь ямар нэгэн хээл хахуулийн асуудалд холбогдчихоод байна. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах битгий хэл үйл ажиллагаа явуулах эрхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд ямар ч бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй, нийгэмд шударга ёсны хэрэгжилтийг хангасангүй. Тиймээс бид энэ сарын 30-нд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид энэ удаад зөвхөн жагсаад зогсохгүй. Бүтэн сарын турш улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ. Монголын ард түмнийг өмөөрч байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга” гэсэн юм.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хэнтий аймагт нэр дэвшигчийг энэ сарын 24-28-нд тодруулах ёстой. АН нэр дэвшигчээ хэзээ тодруулах вэ?
-Манай нам хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж, сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Түүнээс гадна Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн байгаа. Энэ бол эрх баригч намын давхар мэх гэж харж байгаа. Нөхөн сонгуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх, үгүй бол цэцийг ашиглаж нөхөн сонгуулийг хүчингүй болгох санаатай байна гэж харж байна.
-АН-ын дэд дарга Г.Батхүүгийн нас барсан хэсэгт камер байхгүй гэсэн. Гэхдээ Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй хэд хэдэн камер байгааг хэлэх хүмүүс байна. Тэгэхээр тухайн хэрэг болсон газар камер байгаа эсэхийг шалгаж үзэв үү?
-Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсны хэрэг явдалтай холбоотойгоор тохиолдлын хэрэг биш гэж үзэж, мэдэгдэл гаргасан. Энэ хэргийг хуулийн байгууллага яаралтай шударгаар тогтоож, олон нийтэд мэдээлэхийг шаардсан. Тухайн үед зориудаар хэрэг гарсан, тухайн орой талийгаач бие муутай байсан, зүрх нь өвдсөн гэсэн мэдээллийг маш шуурхай тарж эхэлсэн. Энэ бол зохион байгуулалттай, хуулийн байгууллага шалгах ёстой. Олон түмний анхаарлыг сарниулах гэсэн зорилготой мэдээлэл байсан. Үүний цаанаа жинхэнэ энэ хэргийг сэдсэн, гүйцэтгэсэн, захиалсан хүмүүс байх магадлалтай гэж бид харж байгаа учраас хуулийн байгууллага шалгах ёстой. Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй камер хаана байгааг мэдэхгүй байна. Төрийн ордны хамгаалалтын албан даргын хэлснээр гишүүдийн халдашгүй байдалтай холбоотойгоор камер байрлуулах боломжгүй гэж хэлсэн. Ямар ч гэсэн энэ хэргийг шударгаар шийднэ гэдэг итгэл бидэнд байгаа.