Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцов.
Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын дарга, удирдлагууд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Очирбат нар оролцсон юм.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчилллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засч залруулахад чиглэж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа намуудын удирдлагууд илэрхийлэв. Гэхдээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн зүйлийн 35 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.
Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл:
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал нийлэх, нийлэхгүй заалтын аль аль нь бий. Гэхдээ зарчмын гол асуудлууддаа төвлөрч, сайн ярилцаж нягтлаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах нь зүйтэй. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгүүдээс ч ийм дүр зураг харагдсан.
Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд:
- Манай нам сонгуулийн тогтолцооны хувьд 100 хувь пропорционал байх нь зүйтэй гэсэн саналтай байна. Ингэснээр бодлого ярьдаг төртэй болж парламент нь ч, улс төрийн намууд нь ч төлөвшинө, бодлогыг хэрэгжүүлэх чадвартай хүчтэй Засгийн газар, Ерөнхий сайдтай ч болж чадна. Харин энэ удаагийн төсөлд эдийн засгийн асуудлуудыг дорвитой оруулж ирж чадсангүй. Ядахдаа төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг заалтыг Үндсэн хуульдаа суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байна.
Иргэний Зориг-Ногоон намын дарга Ц.Ганхуяг:
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ерөнхий шүүмжлэлүүд байгаа ч нэгэнт Ерөнхийлөгч төсөл, саналаа өргөн барьж, бас улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэд өргөн хүрээтэй оролцон байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ удаад Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Харин байгалийн баялгийн асуудалтай холбоотой Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмний өмч гэж өөрчлөх саналтай байгаа.
Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа:
-Үндсэн хуулийн олон зүйл, заалтыг хөндөх нь буруу. Тиймээс Үндсэн хуулийн 35 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн зарчмаа барьж, цөөн хэдэн гол асуудалд төвлөрч ажиллах нь зүйтэй юм. Нийгэмд нэгэнт хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг шуурхай хийж, олон жил хуримтлагдсан алдаа, гажуудлыг засах шаардлагатай. Ганц зүйлийг хэлэхэд, байгалийн баялгийн хувьд улсын өмч байхаар томьёолоод эзэмшигч нь хөрөнгө оруулалтаа хийгээд татвараа төлөөд явдаг байх нь зөв юм. Түүнээс биш төрийн өмч, нийтийн өмч гэх зэргээр эрсдэл үүсгэх, эзэнгүйдүүлэх байдал руу оруулж болохгүй.
Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:
-Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан. Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална гэж үзэж буйгаа хэллээ.
Уулзалтын төгсгөлд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Үндсэн хууль бол амьд организм, тиймээс улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн улам сайжруулж чамбайруулаад явах нь дэлхий нийтийн жишиг, тухайн улс орны үндэсний эрх ашгийн асуудал юм. Харин ингэхдээ аль нэг намын, хэсэг бүлгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой гэсэн үндсэн зарчим барьж, аль болохоор зөвшилцөх, ойлголцохыг эрхэмлэж, уулзалт, хэлэлцүүлгүүдийг олон удаа нийгмийн бүх талын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулж ирсэн. Тодорхой сэдэв, асуудлуудаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохион байгуулж санал солилцох ажлыг цаашид ч үргэлжлүүлэн хийх болно гэдгээ мэдэгдлээ.