Ардчилсан нам 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Ардчилсан залуучуудын холбооноос “Шинэ давлагаа” бүсийн чуулганыг зохион байгуулж байгаа юм. “Урам зоригтой ирээдүй, үнэт зүйлтэй залуус, үзэл баримтлалтай ардчилал” уриатай Зүүн бүсийн чуулга уулзалт өнгөрөгч зургадугаар сард амжилттай зохион байгуулагдсан. Тэгвэл Хангайн бүсийн залуучуудын чуулга уулзалт наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулга уулзалтад Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 700 гаруй залуус хүрэлцэн ирсэн юм. Тэд эхний өдөр ардчилсан намын үзэл баримтлалтай танилцаж, улс төрийн чиг баримжаатай болсон. Харин хоёр дахь өдөр нь илтгэлийн уралдаанаар, гурав дахь өдөр нь урлаг, спортын төрлөөр оюун ухаан, авхаалж самбаагаа сорьцгоосон юм.
Чуулга уулзалтыг нээж Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд үг хэлэв. Тэрбээр, “Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Залуу уран бүтээлчдийн анхдугаар чуулга уулзалт болж ардчиллын анхдагч болсон залуус тэсгим өвлийн хүйтнийг сөрж, ардчиллын төлөөх тэмцлийг анх эхлүүлж байлаа. Залуучууд бол улс орны хөгжлийг түүчээлэгч, шинийг эрэлхийлэгч нар байдаг. Ирээдүйг гэрэлтүүлэх сайн сайхан бодол бүх хүнд нэгэн зэрэг төрдөггүй. Гэгээн цагаанаар ирээдүйгээ төсөөлдөг, урам зориг, итгэл төгс залуусын толгойд эхэлж орж ирдэг. Үүнийгээ залуучууд нийгэмд түгээж, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулдаг. Иймээс бид аймаг орон нутагтаа манлайлагч залууст эхлээд шинэчлэгдсэн Ардчилсан намын үзэл баримтлалыг ойлгуулахыг хүссэн” гэлээ.
Эхний өдөр чуулганд оролцогч залуусыг таван хэсэгт хувааж “Хувь хүний эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Улс төрийн эрх чөлөө”, “Шударга ёсны эрх чөлөө”, “Үндэсний эрх чөлөө”-ний тухай сургалтад суулгасан юм. Ардчилсан намын үзэл баримтлалын тулгуур болсон дээрх таван зарчмын талаар Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүд сонирхолтой байдлаар зааж байлаа.
Сургалтын талаар Орхон аймгаас оролцогч Д.Пүрэвсүрэн ярихдаа, “Би урьд нь нам, улстөрийн талаар төдий л сайн ойлголтгүй байсан. Хамгийн бохир зүйлс тэнд болдог гэж бодоод холуур, өөрийнхөөрөө амгалан тайван амьдрахад болно гэж боддог байлаа. Гэвч би өнөөдөр хар амиа бодоод улс төрийг сонирхохгүй, улс оронд юу болох нь хамаагүй гэж бодоод явбал бидний үр хүүхэд үүнээс хэцүү зүйлтэй нүүр тулгарч болох юм байна гэдгийг ойлголоо. Хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, жанжин шугам, зорилготой байдаг шиг намуудын төлөвшилд үзэл баримтлал гэдэг зүйл хамгийн чухал юм байна. Гэхдээ би энэ үзэл баримтлалыг дэмжлээ гээд Ардчилсан намаас ямар нэг ажлын байр, мөнгөн тусламж хүсэхгүй. Залуус бид энэ үзэл баримтлалыг ойлгож, зөв сонголт хийх нь үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж буй нэг хэлбэр гэдгийг ойлгосондоо баяртай байна” гэсэн юм.
Харин Ардчилсан намын залуу лидер, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ярихдаа “Ардчилсан намын үзэл баримтлал таван эрх чөлөөг залууст ярьж байна. Миний хувьд хамгийн нэгдүгээрт яригддаг хувь хүний эрх чөлөөний талаар залуустай хуваалцлаа. Энд цугласан залуусын ихэнх нь ерээд оноос хойш төрсөн залуучууд байна. Тэдний хувьд социалист нийгмийн талаар төдий л сайн төсөөлөхгүй байх шиг санагдсан. Эрх чөлөө гэдэг зүйл ус агаар шиг бидэнд хэрэгтэй гэдгийг зарим нь ойлгодоггүй байж магадгүй. Гэтэл социалист нийгмийн үед аль нэг дарга ангийн эрх чөлөөний төлөө хувь хүний эрх чөлөөг үгүй хийж, хувь хүнийг зөвхөн ажлын багаж хэрэгсэл болгож байсан. Харин өнөөдөр зарим хүмүүс тэр үеийг их сайхнаар дурсан ярих болсон нь харамсалтай. Өнөөдөр эргээд “үндэсний эрх ашгийн төлөө” гэдэг зүйл гаргаж ирээд, үүний төлөө хувь хүний эрх чөлөөг арчин хаяж болохгүй. Бид хорвоо дээр нэг л амьдрах хүмүүс. Хүн бүрт эрхэм чанар, амьдралын утга учир гэж бий. Ардчилал бол хэн юу дуртайгаа хийдэг, хамаа замбараагүй байх гэсэн үг биш юм. Бусдын эрх ашгийг хүндэлж, бусдын эрхэм чанарыг хүндэлж, хариуцлагатайгаар өөрийнхөө хувь заяаны эзэн болох тухай ярьж байгаа гэдгийг өнөөдөр залуус ойлгоосой гэж хүсч байна. Ийм зүйлийг үнэт зүйл, зарчмаа болгодог нам бол Ардчилсан нам юм” гэлээ.
Мөн энэ үеэр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга Д.Ганболд ярихдаа, “Орхон аймгаас энэ удаагийн чуулганд 120 залуу ирсэн. Тэд Ардчилсан намын шинэчлэгдсэн үзэл баримтлал, үндсэн дүрэм, зорилго чиглэлийг ойлгоё, мэдэрье, дуу хоолойгоо өргөе гэж зорьж ирсэн. Манай аймагт сүүлийн нэг жилийн дотор шинэчлэгдсэн Ардчилсан намд шинээр гишүүн болж орсон олон залуус бий. Тэдний төлөөлөл болж 50 залуу ирээд байна. Залуучуудын оюун бодол, үзэл баримтлал улс орныхоо хөгжилд яаж оролцох, нөлөөлөх ёстой юм, ардчилсан намын үндсэн амин сүнс нь юундаа оршдог юм бэ гэдгийг мэдэхийг хүссэн маш олон залуучуудтай ирсэндээ маш их баяртай байгаа. Орхон аймгийн ардчилсан нам шинэчлэгдсэн зохион байгуулалтаар, нэлээн үр дүнтэй ажлуудыг хийж байна. Орхон аймаг бол залуусын хот. Тийм учраас Орхон аймгийн Ардчилсан нам намын байрныхаа нэг давхрыг тэр чигт нь залуучуудын клуб болгон тохижуулж, хөрөнгө оруулсан. Залуу гэр бүлүүдэд зориулсан англи хэл, бүжгийн сургалт зохион байгуулж байна. Хөгжлийн тухай хэлэлцүүлгийг тогтмол өрнүүлж байна. Клубээр маань дамжуулж маш олон залуучууд намын гишүүн биш ч гэсэн клубийн гишүүнээр элсч ордог. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлээд Ардчилсан намын үзэл баримтлалтай, бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн залуучууд ч цөөнгүй байна” гэсэн юм.
Хангайн бүсийн залуучуудын чуулга уулзалтын бас нэг сайшаалтай тал нь “Хоггүй чуулцгаая” уриан дор бүгд нэгдсэн явдал байлаа. Дээрх санаачилгыг Хөвсгөл аймгийн Ардчилсан залуучуудын холбоо санаачилсан аж. Энэ талаар тус холбооны тэргүүн Ц.Түмэнбаяр ярихдаа, “Булган аймагт болж байгаа энэхүү чуулганыг бид хоггүй чуулган болоосой гэж хүссэн. Манай улсад байгаль орчны бохирдол маш хурцаар яригдаж байна. Нэгэнт бид шинэчлэгдсэн Ардчилсан намын үзэл санааны шинэ давлагаанд нэгдэж байгаа болохоор оюун санааны давлагааг бодит ажил болгох зорилгоор “Хоггүй чуулцгаая” уриалгыг гаргасан.
Бүх оролцогчид хог хаяхгүй, чуулганы хугацаанд гаргасан хогоо ангилж, зориулалтын гялгар уутанд хийгээд, ачиж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэж өгөх юм. Ингэснээр энэ удаагийн чуулганы дараа ямар ч хоггүй цэвэрхэн дэнж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хоггүй чуулсан долоон оролцогчоос нэг шилдэг оролцогчийг шалгаруулж, “Байгаль орчинд ээлтэй оролцогч” гэсэн шагналыг гардуулна” гэсэн юм.