Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүх танхимд үргэлжилж байна. Б.Хурцынх гэж нэршээд байгаа боловч чухамдаа энэ шүүх хурал С.Зоригийн хэргийн захиалагчийг олж илрүүлэх явцыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай. Учир нь, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн гэгдэж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүүдэн шүүлт тулгасан тухай бичлэгийг хуульзүйн сайд Ц.Нямдорж олон нийтэд түгээснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг өнөөдөр яллахад хүрээд байгаа юм. Өдгөө яллагдагчаар татагдсан ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг алсан гэдгийг нотлох баримтаар илчилсэн. Гүйцэтгэх ажиллагаанд хууль бус үйлдэл гарсныг үгүйсгэхгүй.
Хэрэв намайг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн яллахад хүрвэл С.Зоригийн хэрэг мухардалд орно. Захиалагчийг олж чадахгүй болно гэсэн үг. Тэгвэл ахиад энэ хэргийг шалгах зоригтой аавын хүү олдохгүй л болов уу” хэмээн ярьж байсан. Гэвч энэ удаагийн шүүх хуралд ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хохирогчоор, тэднийг эрүүдэн шүүсэн Ц.Амгаланбаатар, Н.Итгэлтөгс нар гэрчээр оролцож байгаа нь сонирхолтой. Харин хэргийн цор ганц гэрч С.Зориг агсны гэргий Б.Булган хохирогчоор оролцож байгаа юм. Түүний хувьд үүнээс өмнө яллагдагчаар, гэрчээр шүүх хуралд оролцож байсан удаатай.
Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр ярихдаа, “Эрүүгийн хуулийн 3.2-т байдаг ижил төсөөтэй ашиглахыг хориглосон заалт. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх гээд зохицуулалт байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд байгаа хүн нь хоригдол Ц.Амгаланбаатар байгаа шүү дээ. Ийм байсаар байхад иргэдэд буруугаар таниулж болохгүй л дээ. Эрүүгийн хуулинд зааснаар хэрэв зодож хэрэг хүлээлгэсэн бол сахилгын шийтгэл хүлээнэ гэсэн заалттай. Ц.Амгаланбаатар, Н.Итгэлтөгс нар сахилгын шийтгэл хүлээх ёстой. Гэтэл энэ хүмүүс нь хариуцлага хүлээхгүй, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар буруудаад явж байна. "Маш нууц" гэсэн нэрийн дор хүнийг хэлмэгдүүлэх зүйл явагдаж магадгүй байна” гэсэн юм.
Харин шүүгдэгч Б.Хурцын үеэл эгч Н.Төгсжаргал ярихдаа, “С.Зоригийн хэрэг өчнөөн олон жил шийдэгдэхгүй явлаа. Яагаад шийдэгдэхгүй байна вэ гэвэл нууцын зэрэглэлтэй учраас тэр. Тэгэхээр бид өнөөдөр энэ хэргийг нууцын зэрэглэлээс нь 100 хувь гаргаж өгөөч гэж хүсч байна. Б.Хурц өнөөдөр яагаад хүмүүст буруутан юм шиг ойлгогдоод байгаа вэ гэвэл “тангараг өргөсөн” болохоор тэр. Б.Хурц өөрийнхөө ажил үүргийнхээ дагуу нууцын зэрэглэлтэй хэргийг ил гаргаж хэлэх эрхгүй. Үүнийг ойлгохгүйгээр “Б.Хурц л бүх юмыг нууцлаад, далдлаад байгаа юм шиг ойлголт өгч байна. Ингэж нэг хүн рүү дайрах, хэргийн захиалагчийг илрүүлэхгүй байхзорилготой хүмүүс ард түмэнд буруу ойлголт өгч байна. Хуульзүйн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан хуулийн дагуу шийдэгдээд, захиалагчийг илрүүлэх гэж байсан хэргийг замхруулах оролдлого хийж байна. Ийм учраас С.Зоригийн аллагын хэргийг 100 хувь ил болгоод, шүүх хурлаа нээлттэй явуулаач гэж хүсч байна. Б.Хурцын өмнөх Тагнуулын ерөнхий газрын даргын үед ч энэ хэрэг байсан. Тэр үед бас шийдэж чадаагүй. Тэр даргыг шоронд хийгээд, амыг нь хаасан. Одоо ахиад ийм үйл явдал давтагдаж байна. Б.Хурцыг байхгүй болгосон ч дараагийн Тагнуулын ерөнхий газрын даргад ийм явдал тохиолдоно. Тэр хүн ахиад ийм байдалд орно. Ийм байдлаар явбал энэ хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй, давтагдаад явна гэсэн үг. Үнэхээр хэргийг шийдье, үнэн мөнийг ольё гэж байгаа бол үндсийг нь олох хэрэгтэй. Хэн энэ хэргийг нуух сонирхолтой байгаа юм. Ил гаргахыг хүсэхгүй байгаад байгаа юм. Тэр хүнийг олох ёстой.Ингэлээ гээд энэ хэрэг шийдэгдэхгүй. Энэ хэргийг 100 хувь ил болгоод, шүүх хурлыг нээлттэй ил тод болгооч” гэж хүсэх байна гэлээ.
Б.Жавхланбаяр: Шүүгдэгч болон хохирогч нарын асуулга дууссан
Харин өчигдөр шүүх хурлын явцын талаар тус шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Нийслэлийн прокурорын газраас маш нууцын зэрэглэлтэй ирсэн учраас энэ хэргийг хаалттайгаар хэлэлцэж байна. Шүүх хурлын явцаас мэдээлбэл, шүүгдэгч болон хохирогч нарын асуулга дууссан. Одоо гэрч нарыг асууж байна. Шүүх хуралдаанд нийтдээ 49 оролцогчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр (өчигдөр) үргэлжилнэ. Түүнчлэн маргааш (өнөөдөр) ч бас үргэлжлэх төлөвтэй байна” гэсэн юм. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгчээ. Б.Жавхланбаяр, “Өчигдрийн (2019.08.13) хуралдааны үеэр хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн даралт нь ихэссэн гэх үндэслэлээр эмчид үзүүлсэн. ШШГЕГ-аас хохирогч Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нартай хамт ирсэн эмч байгаа учир тухайн эмчид цаг тухайд нь үзүүлж байгаа. Ухаан алдсан юм байхгүй энэ бол ташаа мэдээлэл. Биеийн байдал сайн байгаа. Өнөөдрийн (өчигдөр) байдлаар эмчид хандаж үзүүлээгүй байна. Шүүх хуралдаан болж байгаа танхим 54.5 мкв талбайтай. Хамгийн том танхимдаа шүүх хуралдааныг хийж байна. Гурван цонхтой, салхи орох боломжтой. Цонх онгойлгож, хааж байна. Байнга нээлттэй байлгах боломжгүй, нууц алдагдана” гэжээ.
Б.Хурцын талаас Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг хүсчээ
Хаалттай хуралдааны гадна иргэний хөдөлгөөнийхөн болон хохирогч нарын ар гэрийнхэн цугларсан хэвээр байгаа юм. Иргэний хөдөлгөөнийхөн ярихдаа, “Бид бусад жагсагчид шиг нүүрээ дарж хааж зогсохгүй, ил тодоор тэмцэж зогсоно. Бидний хувьд шүүх хурлын шийдвэр гартал жагсах болно. Энэ удаагийн шүүх хурлаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мухарлах ёстой. Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардаж байгаа юм билээ” гэсэн юм. Энэ талаар Б.Хурцын үеэл эгч Н.Төгсжаргалаас лавлахад, “Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манай талаас шүүхийн хашаан дээр хэд хэдэн самбар өлгөсөн байгаа. Түүний нэг дээр “С.Зоригийн хэргийг зохион байгуулагч Ц.Элбэгдоржийг гэрчээр дууд” гэж бичсэн. Үүнээс үүдэж тийм яриа гарсан болов уу” гэсэн юм.