Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Хуралд Ерөнхий сайд болон Шадар сайд тэргүүтэй Засгийн газрын болон яам, агентлагийн газрын гишүүд, мөн 21 аймгийн Засаг дарга нар оролцов.
Хурлын эхэнд, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан илтгэл тавив. Тэрбээр “2019 онд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан эхний хагас жилийн гэрээний биелэлт зохих түвшинд хугацаандаа хэрэгжиж байна. Гэхдээ цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцоллоо. Мөн бороо хур ихтэй байгаа учраас мал угаалгын ажил удаашралтай байгаа ба ирэх есдүгээр сарын 15 гэхэд бүх ажлыг бүрэн дуусгахыг үүрэг болгосон гэдгээ хэлэв.
Ц.Даваасүрэн: Орон нутгийн ДЦС-ууд бэлтгэлээ хангаж чадахгүй байна
Дараа нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв. Тэрбээр эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явж байгааг дурдав. Улаанбаатар хотын ДЦС-ууд өнөөдрийн байдлаар 20-25 хоногийн нөөцтэй байгаа гэнэ. Орон сууцны айлуудыг хуваарь ёсоор ирэх есдүгээр сарын 15-наас дулаанаар хангаж эхэлнэ гээд цааш өгүүлэхдээ “Орон нутгийн дулааны станцууд өвөлжлтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна. Ховд 10 хувь,Сэлэнгэ-32 хувьтай. Тэд жил бүр алдагдалтай ажилладаг. Багануурын дулааны станцыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Одоогоор хоёр тэрбум төгрөгийн алагдал хүлээгээд байгаа. Энэ мэтчилэн зарим аймагт татаасын асуудалд анхаарах шаардлага тулгарч байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ажиллаж байна. Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нийт 700 мянган тонн нөөц байна. Шахмал түлш 150-200 орчим мянган тонныг үйлдвэрлээд байгаа. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана” гэв.
Л.Халтар: Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын ажил 24 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар “ЗТХЯ-ны хүрээнд 2019 онд авто замын салбарт нийт 133 төсөл арга, хэмжээ хэрэгжиж байгаагаас өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 60.5 хувьтай явагдаж байна. Үүнээс Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам 24 хувь, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.2 км хатуу хучилттай зам 37 хувьтай байна. Дарханы зам засвартай байгаатай холбогдуулан ургацаа төмөр замаар тээвэрлэх асуудлыг ярилцаж байгаа. Мөн ургац тээврийн замыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар онцгойлон анхаарч ажиллаж байна. Зам засварын ажилд цаг агаар сөрөг нөлөө үзүүлж байна. Нийт нутгаар 6-8 дугаар сард орсон бороо, үерийн улмаас замын эвдрэл нэлээд нэмэгдсэн. Тодруулбал,18 газарт ноцтой эвдрэл үүсч, 14 газрын засварын ажил бүрэн дуусч, үлдсэн газруудад ажил үргэлжилж байгаа. Бороо нэмж орохгүй бол энэ сарын сүүлчээр засварын ажил бүрэн дуусна” гэв.
С.Амарсайхан: Хотын 53 байршилд 145.2 км далан суваг, замыг засч байна
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Бороо ус, үерээс шалтгаалан хүндрэл гарсан 53 байршилд 145.2 км орчим далан суваг, замыг засахаар ажиллаж байна. Цаашид ч авч хэрэгжүүлэх ажил байна. Зам талбай, цэвэрлэгээний давс бодисын нөөцөд 1454 тонн үлдэгдэлтэй ч шинээр нөөцөлж авна. Өвлийн бэлтгэлийн гол ажил бол шахмал түлш нийлүүлэх тээвэрлэх, нийслэлийн хэмжээнд зохион байгуулалттайгаар оролцоог хангах ажил. Хүндрэлтэй асуудал гэвэл нийлүүлэхэд иргэн, байгууллага бүрийн оролцоо хангалтгүй байна. Сургууль цэцэрлэгийн дээвэр борооны улмаас засварлах шаардлагатай болж байгаа гээд нэмэлт ажлууд байгааг хотын мээр дурдав.
М.Энх-Амар: Байгалийн гамшгийн улмаас 28 хүүхэд, 132 том хүн амиа алджээ
Улсын онцгой комиссын Нарийн бичиг, хурандаа М.Энх-Амар мэдээлэл өгөв.
Энэ жил гарсан осол, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийт 28 хүүхэд 132 том хүн нийт 160 хүн амиа алдаж, 54 хүн бэртэж гэмтэн 26.50 мянган толгой мал хоргоджээ. Үүний улмаас 130.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Дараа нь, УЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин ирэх сарын цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Энэ сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрдөг учир есдүгээр сарын сүүлийн хагаст цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Энэ хавар арай эрт дулаарч олон жилийн дунджаас эрт бороо орж өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрд үерийн түвшинг даваад байна. Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Энэ жил их бороо орсон учир хөрс чийгээр ханасан тул цасан бүрхүүл ихээр тогтох төлөвтэй байна” гэлээ.