-Ардчилсан нам 2019 оныг залуусын хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна-
“Хонины бэлчээрт модон шилбүүр барьж явснаас тайзан дээр микрофон бариад үг хэлнэ гэж төсөөлсөнгүй явлаа. Энэ бол залуус бидэнд олдсон тэгш боломж”.....хэмээн Увс аймгийн Баруунтүрүүн сумын малчин бүсгүй ярьж байна. Эдүгээ 20 гаруй настай малчин бүсгүй ардчиллын алган дээр өсч, өндийсөн “Ардчиллын бүтээгдэхүүн” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм.
Ардчилсан нам энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Шинэ давлагаа” бүсийн чуулгануудыг амжилттай зохион байгуулж байна. Одоогоор зүүн, баруун, хангайн бүсийн залуус “Шинэ давлагаа”-нд нэгдсэн бол тун удахгүй Төв бүсийн залуус чуулж, ирэх сард говь нутгийн хөгжлийн түүчээ болсон залуус “Шинэ давлагаа”-нд нэгдэхээр зэхэж буй.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны хар нуурын эрэгт гурван өдрийн турш зохион байгуулагдсан “Шинэ давлагаа” баруун бүсийн чуулганд оролцогчид үнэхээр ч энэ цагийн эзэд болсон 18-35 насныхан байв. Энэ удаагийн чуулганд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас гадна нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн залуусын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож, Ардчиллын үнэт зүйл, Ардчилсан намын Үзэл баримтлал, орон нутгийн хөгжил, улс төр дэх залуусын оролцооны талаар хэлэлцэж, сургалтад хамрагдлаа. Үүний зэрэгцээ Улаагчны хар нуурын эрэгт цугласан залуус гар бөмбөг, олс таталт зэрэг спортын наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, урлагийн наадамд авьяас чадвараараа өрсөлдөж, уйдах завгүй гурван өдрийг өнгөрүүлсэн юм. Баруун бүсийн залуусын чуулга уулзалт нээлтийн арга хэмжээнээсээ эхлээд шинэлэг, өнгөлөг байв. Энэ үеэр нутаг, нутгийн хоолны соёл, идээ ундааны онцлогийг харуулсан “FOOD FESTIVAL”, “Ардчилсан оюутны холбоо”-ны “Хувь хүний эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө” сэдвээр зохион байгуулсан илтгэлийн тэмцээн, галын наадам, сургалтууд гээд онцлох зүйлс олон байв. “FOOD FESTIVAL”-ийн үеэр Өлгийчүүд казаар дайлж, Завханчууд хар нуурынхаа загасаар зоог барьж, олон ястны өлгий нутаг Ховдчууд шинэ ургацынхаа ногооны дээж болох амтат тарвас, жимс, Алтайчууд нутгийн брэнд болсон амтат дарс, ааруул, хурууд, чацарганаар оролцогчдыг дайлсан юм. Баруун бүсийн чуулганд 800 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьсноос Говь-Алтай аймаг шилдгээр шалгарч, цомын эзэн болов. Удаах байрт Ховд, гуравдугаар байранд Увс аймаг тус тус шалгарсан юм. “Ардчилсан оюутны холбоо”-ноос зохион байгуулсан илтгэлийн тэмцээнд Ховд аймгийн илтгэгч тэргүүлж, Баянгол дүүрэг удаах байрыг эзэлж, Увс аймгийн илтгэгчид гурав, дөрөвдүгээр байрт шалгарлаа.
“Урам зоригтой ирээдүй, үнэт зүйлтэй залуус, Үзэл баримтлалтай Ардчилал”
Зүүн бүсийн залуусын чуулга уулзалт Дорнод аймгийн Баянтүмэн суманд зохиогдсон бол Хангайн бүсийн залуус Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт чуулсан юм. Хангайн бүсийн чуулга уулзалтад Булган, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 1000 орчим залуус оролцсон. Хангайн бүсийн чуулга уулзалтад Булган аймгийн залуус багийн дүнгээрээ тэргүүн байрт орж, шилжин явах цомын эзэн болсон бол Орхон аймаг хоёрдугаар байрт, нийслэлийн Хан-Уул дүүрэг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд “Шинэ давлагаа” чуулганы үеэр Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалтыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж байгаа нь оролцогчдод өндөр сэтгэгдэл үлдээсэн тухай залуус хэлж байна. Түүнчлэн “Хоггүй чуулцгаая” уриалгыг дэвшүүлж, дараа, дараагийн чуулганд оролцогчдыг байгаль орчинд ээлтэйгээр чуулахыг уриалсан нь Хангайн бүсийн чуулга уулзалтын онцлог байв. Оролцогчдыг таван хэсэгт хувааж “Хувь хүний эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Улс төрийн эрх чөлөө”, “Шударга ёсны эрх чөлөө”, “Үндэсний эрх чөлөө” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд өртөөчлөн сургалт зохион байгуулж, залуусын идэвхи, оролцоо өндөр, асар дүүрэн хүнтэй өрнөсөн юм.
Сургалтын багийн ахлагчаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Мөнгө, албан тушаал нэгдүгээрт бичигддэг цаг өнгөрч байна. Цаашид улс төрийн намд Үзэл баримтлал тэргүүнд бичигдэх болно. Энэ бол шинэ давлагаа юм. Өнгөрсөн 30 жилийн турш засаг, төрөөс эхлээд нийгмийн ухамсар бүхэлдээ мөнгө, албан тушаал гэсэн хоёрхон зүйл дээр төвлөрч, харанхуй руу унасан. Тэгвэл цаашид Монгол Улс хаашаа чиглэх юм бэ. Мөнгө, албан тушаалыг чухалд тооцсоор, харанхуй нүхэндээ байсаар байх уу. Ардчилсан залуус үүнийг хүсэхгүй байна. Монголын залуус өөр зүйлийг хүсч байна. Аргалаад өнгөрөх бус, зохицоод явах биш болно гэдэг зүйлд итгэж, үнэмших нь чухал. Нам гэдэг мөнгөтэй болох арга хэрэгсэл биш, албан тушаалд хүрэх гүүр бус. Үзэл баримтлалаараа нэгдэж, бусдын төлөө ажилладаг хүмүүсийн нэгдэл байх ёстой. Энэ соёлын давлагаа бол шинэ давлагаа юм” гэв.
Чуулганы үеэр “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Ардчиллын анхдагч болсон залуус өвлийн тэсгим хүйтнийг сөрж, ардчиллын төлөөх тэмцлийг анх эхлүүлж байлаа. Залуус бол улс орны хөгжлийг түүчээлэгч, шинийг эрэлхийлэгчид байдаг. Ирээдүйг гэрэлтүүлэх сайн сайхан бодол бүх хүнд нэгэн зэрэг төрдөггүй. Гэгээн цагаанаар ирээдүйгээ төсөөлдөг урам зориг, итгэл төгс залуусын толгойд эхэлж төрдөг. Иймээс бид орон нутагтаа манлайлагч залууст шинэчлэгдсэн Ардчилсан намын Үзэл баримтлалыг ойлгуулан, таниулахыг хүссэн юм” гэлээ.
Залуус улс төрийн намыг албан тушаалд хүрэх гүүр, мөнгөтэй болох гаргалгаа бус, “цүнх баригч”, “бөгс долоогч”, хэн нэг даргыг аялдан дагалдагч гэдэг нийгмийн ухамсарт тогтсон нэр, томъёолол, үг хэллэг, ойлголтоос татгалзаж, нийгэмдээ оролцоотой амьдрахыг хүсч байгаагаа чуулга уулзалтын үеэр илэрхийлж байлаа. “Нийгэмдээ оролцоотой амьдрахыг улс төрд орох гэж хэлнэ. Бид сум, орон нутгаа хөгжүүлмээр байна, нийгэмдээ оролцоотой амьдрахыг хүсч байна. Үүний тулд улс төрийн намыг дэмжиж, гишүүнээр нь элсдэг. Гэтэл залуус улс төрийн намд элсэхээр нийгэм “Цүнх баригч”, “Бөгс долоогч” хэмээн тодорхойлдог. Бид нийгэмд тогтсон энэ харанхуй ойлголтыг өөрчлөхийг хүсч байна” хэмээн 20 настнууд хэлж байна. “Урам зоригтой ирээдүй, үнэт зүйлтэй залуус, Үзэл баримтлалтай Ардчилал” уриан дор Ардчилсан залуус шинээр давлагаалж байна. Эерэг хандлагыг түгээж, байгаль орчиндоо ээлтэй, хоггүй чуулж, Үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэн залуус ШИНЭЭР ДАВЛАГААЛЖ БАЙНА.