Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ТҮҮХЭНД БИЧИГДЭХҮЙЦ ХАМГИЙН МУУ ТӨСӨВ

Эрх баригчдын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны Tөсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон тэдгээрийг дагалдуулж холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилд байгаагүй хамгийн муу төсөв болсон байна.

Засгийн газар эдийн засаг санхүүгийн гадаад орчны таатай байгаа өнөө үед улс орны үндэсний эрх ашгийг эрхэмлэн оновчтой зөв бодлого хэрэгжүүлэх ёстой атал харин МАН-ын бүлэглэлийн эрх ашгийг урьтал болгон зарлагаа огцом нэмэгдүүлсэн төсөв өргөн барилаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон төсвийн нэмэлт орлогыг төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлаар дамжуулан эрх баригч намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэр хүндийг өсгөх, “тууз хайчлах дон”-г санхүүжүүлэхэд зориулсан байх юм. Макро эдийн засгийн алдаатай бодлого хэрэгжүүлсэн нь төсвийн алдагдал, улсын гадаад өр урд өмнө байгаагүй хэмжээнд эрс өсч, “чимээгүй халаасны хулгайч” гэгдэх инфляцыг хоёр оронтой тоонд хүрч, төгрөгийн ам. доллартай харьцах ханш 35 хувиар суларснаар нотлогдож байна. Энэ бодлогын алдаа ирэх он жилүүдийн төсөвт асар их хүндрэл, дарамт авчирна.
Улс орны хөгжил, ард түмний амьдралын түвшинг ДНБ-ээр хэмждэг. Манай эдийн засаг өнгөрсөн жил 7.2 хувийн буюу сүүлийн жилүүдэд хамгийн өндөр үзүүлэлттэй байсан. Харин энэ оны хувьд Азийн хөгжлийн банк манай эдийн засгийн өсөлтийг 6.7 хувь, Дэлхийн банк 6 хувь орчим, ОУВС 6.3 хувь хэмээн зураглаж байна. Энэ нь уул уурхайн эрдэс бодисын мөчлөг буурч буйг сануулсан дохио. Харин Засгийн газар өргөн барьсан төсөвтөө энэхүү олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллийг огт тооцсонгүй.


Төсвийн орлогыг тооцоо судалгаагүй нэмсэн нь

2020 оны төсөвт орлогыг бодитой төсөөлөх, боломжит эх үүсвэрийг дайчлах, төсвийн бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой шинэчлэл хийсэнгүй. Төсвийн орлогыг тооцоо судалгаагүй хэт их хэмжээгээр нэмэгдүүлжээ. Тухайлбал: Орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар нэмж 2,764.7 тэрбум төгрөг төсөвт орно гэж тооцсон. Татварын дарамт есөн төрлөөр нэмэгдсэн, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих ямар ч бодлогогүй байхад хаанаас, хэнээс татвар нэмж авах гээд байгаа нь үл ойлгогдох ажээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж 41.6 хувиар нэмэгдэж 2,402.7 тэрбум төгрөг төсөвт орох тооцоо хийж. Ажлын байр 41 хувиар нэмэгдээгүй байхад нийгмийн даатгалын шимтгэл төдий хувиар өсөх үү?
Түүнчлэн Гаалийн албан татварыг 17.7 хувиар, Онцгой албан татварыг 13,8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувь, хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцож байгаа нь ханш, инфляцад “дарлуулсан” иргэдийнхээ шүүсийг шахахаар шийджээ гэж дүгнэж болохоор байна. Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийн үр дүнд 2019 онд экспортын орлого 13.9 тэрбум ам.доллар болно хэмээн хэт өөдрөг төсөөлсөн нь ирэх жил экспортын орлого 14.5 тэрбум ам.доллар болж өсөх баталгаа огт биш. 2018 онд 36 сая тонн нүүрс 2.8 тэрбум ам.доллароор борлуулсан. Харин энэ онд 42 сая тонн олборлох тооцоо хийсэн боловч есөн сарын байдлаар 28 сая тонн нүүрс экспортолсон нь төлөвлөгөө тасрах бодит дохио. Гэвч ирэх жил бас дахиад л 42 сая тонн нүүрс 75.9 ам.доллароор борлуулна гэж тун өөдрөг зураглажээ. Гэтэл Австралийн Үндэсний банк 2020 оноос нүүрсний эрэлт буурах төдийгүй ирэх оны төсөвтөө нүүрсний ханшийг тонн тутамдаа 70-72 ам.доллар байхаар тооцжээ. Харин 2021 онд тн нүүрсний ханш 68 ам.доллар байна хэмээн төсөөлсөн байна.


Лондонгийн металлын бирж дээр өнгөрсөн долоо хоногт зэсийн ханш тонн нь 5922 ам.доллар байв. Харин манай төсөвт ирэх жил 5991 ам.доллар байхаар тусгаад байгаа. Өнгөрсөн оны 12 сард 7000 ам.долларт хүрсэн зэсийн ханш хэдхэн сарын дотор 1000 гаруй ам.доллароор унасан. Дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсийн 45 хувийг дангаараа хэрэглэдэг Хятад улсын эдийн засаг энэ онд сүүлийн 27 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Ийнхүү манай улсын эдийн засгийг тодорхойлдог голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ ханшийг дэндүү хариуцлагагүй тооцоолсон нь ирэх онд асар их сөрөг үр дагавар дагуулах нь гарцаагүй.
2018 оны оны жилийн эцсийн байдлаар улсын төсвийн гол бүрдүүлэгч болох уул уурхайн салбарын гүйцэтгэл, нийт хоёр их наяд /2,051.5 тэрбум/ төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Гэтэл 2020 оны төсөвт зөвхөн уул уурхайн орлого гурван их наяд 194.5 тэрбум төгрөг олно гэж тооцсон. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр татвараар иргэд, аж ахуй нэгжүүдийг сөхрүүлэх л бодлого юм.

 

Төсвийн зарлага асар их хэмжээгээр данхайжээ

Төлөвлөснөөс орлого давж, зардал хэмнэгдэж, төсөв ашигтай гарч, тогтвортой үргэлжлэх төлөв хадгалагдаж байхад жил дараалан төсвийн зарлагыг огцом өсгөж төлөвлөсөн нь Засгийн газрын төсөв, санхүүгийн бодлого төсвийн тогтвортой байдлыг хангах стратегид чиглэсэн бус харин татвар төлөгчдийн мөнгийг сонгуульд зориулах улстөрийн зорилгод чиглэсний илэрхийлэл гэж үзэхээс өөр аргагүй. Төсвийн зарлага 2013-2016 онуудад 7 их наяд төгрөгт эргэлдэж байсныг 2020 онд бараг 14 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмж байгаа аж.

Төсвийн зарлага 2020 онд өмнөх оны батлагдсан төсвөөс 2 их наяд 303.6 тэрбум төгрөгөөр, урсгал зардал 20.9 хувиар өсчээ. Танаж болох зардлууд дараах байдлаар нэмэгдсэн байх юм. Үүнд: Эд хогшил, урсгал засварын зардал 28.4 хувиар, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардал 28.1 хувиар, бараа материалын зардал 60.3 хувиар, байр ашиглахтай холбоотой тогтмол зардал 17.6 хувиар, томилолт, зочны зардал 15.6 хувиар, хичээл үйлдвэрлэлийн дадлага, сургалтын зардал 10.5 хувиар нэмэхээр тооцсоныг хэмнэлтийн зарчим баримтлан өмнөх оны түвшинд батлах бүрэн боломж байсан юм.
Ийнхүү ирэх онд төсвөөс бараг 14 их наяд төгрөгийн зардал гарах нь Монголбанкны мөнгөний бодлогыг шууд хязгаарлаж байгаа юм. Төсвийн зарлагаар дамжин импортыг тэтгэх нь зээлийн хүүг нэмэгдүүлж валютын ханш болон инфляцыг шууд хөөрөгддөг зүй тогтолтой. Ирэх оны улсын их хурал болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай уялдсан Төсвийн зарлагын хэт тэлэлт буюу энэ тэлсэн төсвийн бодлого нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох инфляц, төсвийн алдагдал, гадаад, дотоод өрийг нэмэгдүүлэх нь гарцаагүй болжээ.

 

Улсын хөгжлийг ухраах төсвийн алдагдал

2017-2019 оны улсын төсөв нийтдээ 7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. 2020 оны төсөв 2 их наядын алдагдалтай байхаар төлөвлөж байна. Алдагдал бол өр! Энэ өрийг хэн төлөх юм, мэдээж хэрэг ард түмэн, сонгогчид. Ийм их хэмжээний өрийг урьд өмнө нь ямар ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг улс төрийн хүчин өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд бодитойгоор аюул занал учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүлж эхэллээ.
Өнгөрсөн долоон жилд хамгийн их төсвийн орлого олох боломж сүүлийн хоёр жилд тохиож байна. Энэ боломж, завшааныг ашиглан 10 жилийн туршид алдагдалтай баталж ирсэн төсвийн алдагдлыг тэглэх боломж байсан юм. Гэвч боломжоо огоорон нэгдсэн төсвийн тэнцлийг асар өндөр алдагдалтай батлан, энэхүү алдагдлын 1,3 их наядыг гадаад зээлээр эх үүсвэрээр, үлдсэнийг нь Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр нөхөх нь үндэсний эрх ашигт ч харш үйлдэл мөн.

 

Бодлогогүй хөрөнгө оруулалт

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд батлагдсан 2,689 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэл одоогоор дөнгөж 36.9 хувьтай хэрэгжиж байна. Гэтэл 2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт 3,055.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болжээ. Иргэнээ хөдөлмөрлөх боломжоор ханган, бизнес эрхлэх, өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах чиглэлд нэг төгрөг ч тавигдсангүй. Хөрөнгө оруулалтыг орлогын шинэ эх үүсвэр бий болгох салбар, импортыг орлох үйлдвэрүүд, иргэдийнхээ амьдралд нэн чухал шаардлагатай дэд бүтцийг байгуулахад зориулах ёстой юм.
Хэрэв төсвийн төслийг энэ хэвээр баталбал ирэх онд манай эдийн засагт асар их хэмжээний мөнгөн урсгал төсвөөр дамжин зах зээл рүү орж ирэх нь. Гишүүдийн танил тал, санхүүгээр дэмжигчид энэ их хэмжээний мөнгийг хатуу валют болгоод барилгын материалаа худалдаж авахаар Эрээнийг зорино. Энэ нь урд хөршийнхөө иргэдийг ажлын байраар хангах Монгол төрийн бодлого сүрхий хэрэгжих нь гэж дүгнэх аваас үнэнээс хол зөрөхгүй.
Ийнхүү эрх баригчид “Эдийн засаг үр ашигтай байх, мөнгийг оновчтой ашигтай төсөл санхүүжүүлэх ёстой” гэсэн төсвийн алтан дүрмээ огоорон “төсвийн хөрөнгийг хэрхэн хамгийн үр ашиггүй зүйлд зарцуулж болох вэ” гэсэн уралдаан зарласан мэт дураараа аашилж байна.

 

Монгол Улсын өр аюулын харанга дэлдэж байна

Монгол улсын нийт өр 2016 оны II улиралтай харьцуулахад 5.43 тэрбум ам.доллар буюу 14.67 их наяд төгрөгөөр, харин Засгийн газрын өр 2.47 тэрбум ам.доллар буюу бараг 6.5 их наяд төгрөгөөр өсчээ. Ирэх 4 жилд Засгийн газар гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, бусад төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байна. Үүнийг Монголын эдийн засаг дийлэхгүй.
Ийнхүү гадаад өрийн өсөлт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч эхэллээ. Энэ нь үндэсний валютын ханш суларч байгаагаар илэрч байна. Монголбанк тэрбум тэрбум ам.долларын интервенц хийсэн ч үндэсний валютын ханшаа алдаж байгаа нь гадаад өрийн хэмжээ болон төсвийн алдагдал хэт ихэссэнтэй шууд холбоотой юм. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханш өссөн энэ үед хуримтлал үүсгэн дотоод нөөц бололцоогоо ашиглан өр төлбөрөөс гарах боломж Монгол Улсад байсан юм.
Эрх баригчид өрөөр айлгаж, өрийн дарамтаас гаргах амлалт өгч сонгогдсон. Гэвч тэдний 2016 оны сонгуульд “Монгол улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэх дүн “иргэн бүрт 25 сая төгрөг ногдох” хэмжээнд хүрч өслөө.

 

Халамжийн бодлогоо эргэж харах цаг болсон

Нийгмийн даатгалын сангийн нийт зарлага 2,510.7 тэрбум төсөвлөгдсөнөөс тэтгэврийн даатгалд 2,251.9 тэрбум, тэтгэмжийн даатгалд 143.7 тэрбум, ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшуулал, дэмжлэгт 187.5 тэрбум, нийгмийн халамжийн сангаас 750.3 тэрбум тусгагджээ. Харамсалтай нь эдийн засгийн гол хөдөлгүүр болсон үйлдвэрлэлийг дэмжих бус, харин халамжийг өсгөн, иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэхдээ дараа жилүүдийн төсөвт асар их дарамт ирнэ гэдгийг огт тооцсонгүй.

 

Тусгай сангаар татвар төлөгчдийн хөрөнгө гоожсоор

Сангаар дамжуулж ямар их хөрөнгө хулгайлах боломж байдгийг ЖДҮХС-ийн мөнгийг хувааж авсан МАН-ын дарга нарын болон “ТЭДС-гийн 50 хувийг 22 охин компаниараа дамжуулж идсэн” жишээнээс тодорхой харж болно. Засгийн газар тусгай сангуудын үйл ажиллагааг цэгцэлж, оновчтой зохион байгуулан, санхүүжилт, зарцуулалтыг ил тод болгон олон нийтийн оролцоог ханган, эдийн засгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх амлалт авсан. Харамсалтай нь Мал хамгаалах сан, Тариалан дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санг нэгтгэхээс өөр үр дүнтэй ажил хийсэнгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг долоон санг татан буулгах юм байна. Харин оронд нь кино урлагийг дэмжих сан гэгч байгуулагдаж иргэдийн тархийг угаах юм гэнэ. 2020 онд тусгай сангуудаар 4 их наяд 295.9 тэрбум төгрөг санхүүжүүлэх мөртлөө Эрүүл мэндийг дэмжих санд ердөө 3 тэрбум төгрөг, Шинжлэх ухаан, технологийн сан 13.5 тэрбум, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих санд 84.9 тэрбум төгрөг суулгасан байна. Энэ бүхэн эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэнд болон, шинжлэх ухааны салбарт ямар их тоомжиргүй хандаж байгааг тодорхой илтгэн харуулж байна. Мөн иргэдээ ажлын байраар хангах, хийж бүтээж төр засагтаа татвар төлөх бололцоог үгүйсгэж байгаа дүр зураг маш тодорхой харагдана.

Дүгнэлт:
Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн мөчлөгөөс эдийн засаг нь шууд хамаардаг улс орнууд төсвийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Энэ нь эдийн засаг өсөлттэй үед хангалттай хуримтлал үүсгээд, эдийн засаг хумигдах үед зээл авч, өрөө нэмэхгүйгээр хуримтлалаа ашиглаж эдийн засгаа тэлдэг. Энэ туршлагыг дэлхийн олон улс орон амжилттай хэрэгжүүлж эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж ирлээ.


Манай улс төрчид 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан талаар ам булаалдан ярьдаг боловч, энэ үед ямар буруу бодлого хэрэгжүүлсэн талаараа огт дурсдаггүй. Тухайн үеийн Засгийн газар уул уурхайгаас гэнэт орж ирсэн орлогоо хавтгайруулан халамж болгон тарааж, хуримтлал үүсгэж чадаагүй. Энэ нь дараагийн Засгийн газар иргэдээ ажлын байраар хангах, эдийн засгийн хямралын зөөлөн газардуулахын тулд гаднаас бонд авах байдалд хүргэж байсан юм. 2020 оны төсөв мөн ялгаагүй МАН-ын өмнөх гашуун туршлагыг дахин давтаж байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиар хатуу хязгаар тавьсан төсвийн тусгай шаардлагуудыг УИХ хүч түрэмгийлэн өөрчилж, төсвийн алдагдал, өрийн таазыг нэмэгдүүлэх, УИХ баталсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх зэргээр дураараа дургиж байгаа нь Төсвийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх утга санааг бүрэн алдагдуулахад хүргэжээ.


Хэдийгээр эрх баригчид манай эдийн засаг өссөн хэмээн сүржигнэж байгаа боловч иргэд, өрхийн орлого эрс буураад байна. Сүүлийн гурван жил инфляц бараг хоёр оронтой тоонд хүрч, валютын ханш өссөн нь бага дунд орлоготой иргэдийн амьдралд асар хүнд цохилт боллоо. Өнгөрсөн хавар Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэл энэ бүхнийг баталдаг. Манай улсын нийт хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн судалгаа гарчээ. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийг “бидний сайн ажилласан үйл ажиллагааны үр дүн” хэмээн өөрсдийгөө “дөвийлгөх” эрх баригчдын үйлдэл иргэд, сонгогчдоо “харанхуй” хэмээн басамжилж байгаа нэг хэлбэр мөн.


2020 оны Монгол Улсын төсвийг бүхэлд нь дүгнэж үзвэл татвар төлөгчид болон уул уурхайн орлогод хэт эрдсэн, томоохон бүтээн байгуулалтгүй хэрнээ уул уурхайн өсөн нэмэгдэж буй орлогоос хуримтлал үүсгэх эрмэлзэлгүй, олсныхоо хэрээр үргүй зарцуулж, улсын өр, зээллэгийн хэмжээг ноцтой байдалд хүргэсэн үрэлгэн, үр ашиг муутай сонгуулийн популист амлалтуудаа хэтэрхий ач холбогдол өгсөн, Монгол Улсын нийтлэг эрх ашиг, ирээдүйн хөгжил дэвшлийг огоорсон түүхэн хамгийн муу төсөл болжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com