Т.ЭРДМАА
Хөл хорионы улмаас манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд унаж иргэдийн орлого, гар дээрх бэлэн мөнгө хумигдаж амьдрал өдрөөс өдөрт хэцүүдэж буй. Үүнийг эдийн засагчид, ажил олгогчид хэлсээр байвч эрх баригчид үл тоосоор өдий хүрэв. МАН эрх барих хугацаандаа иргэдийг мөнгөжүүлэх, эдийн засгаа тэтгэх, ажлын байр хадгалах талаар дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Одоо сонгууль хэмээн хөөрцөглөж эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө улайран зүтгэх цаг тулчихлаа. Тэгэхээр ажлын байр хадгалах, аж ахуйн нэгжүүдийг тэтгэх, иргэдийн орлогыг тогтмол нэмэгдүүлэх тууштай бодлого боловсруулж хэрэгжүүлнэ гэдэг худал болсон гэсэн үг. Иргэд бэлэн мөнгөний хомсдолд орж буйг дараах тоо баримтаас харж болох юм. Өнгөрсөн сарын статистикаас харвал энэ оны эхний дөрвөн сард 858.5 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаж эдийн засагт нийлүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 74.5 тэрбум төгрөгөөр буурсан дүн юм. Өөрөөр хэлбэл иргэдийн гар дээрх бэлэн мөнгө энэ хэмжээгээр багассан гэсэн үг. Ийм учраас зургаа, найман нэрийн барааны жижиг дэлгүүрийн худалдагчид “Бэлэн мөнгөтэй хүн тэр бүр алга.
Ихэвчлэн зээл авъя. Аль хямдыг нь сонгоё гэдэг болж. Өрийн дэвтэр маань өдрөөс өдөрт зузаарч байна. Өдөрт 100 хүн орж ирэхэд 30-40 нь зээл авах болсон” хэмээн ярих болсон билээ. Энэ бол бодлогогүй баримжаагаар “туудаг” харалган төрийн ажлын үр дүн. Үүнийг нь тодотгосон жишээ юм. Орлого нь буурч өр зээлээ дараад амьдралд нь хүрэлцэх мөнгө үлдэхгүй байгаа нь харамсалтай.
Өнөөдөр жижиг хүнсний дэлгүүрээс өгсүүлээд арилжааны банканд, бусдад өр зээлгүй хүн Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. Хүнсний дэлгүүрт тавьсан хэд арван төгрөгийн зээлээ хэлсэн хугацаандаа төлж чадахгүй удааж буй хүмүүс ч байгаа л байх. Үүнийг үл өгүүлээд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас иргэдийн авсан зээл ямар байгааг сонирхъё. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар нийт 17.2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 1.9 их наяд төгрөг нь чанаргүй зээл байгаа юм. Зөвхөн дөрөвдүгээр сард гэхэд л чанаргүй зээл хоёр хувиар буюу 37 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн гарч байна.
Зээл төлөх хугацаа хэтэрнэ гэдэг нь муугийн дохио. Тухайн зээл хэвийн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болж буйн шинж. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлийн ангилал руу гулсаад ороход бэлэн амсар дээр нь очлоо л гэсэн үг. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үеэс 33.5 хувиар өсч 1.3 их наяд төгрөгт хүрчээ. Өмнөх сартай нь харьцуулаад харвал нэг сарын хугацаанд 158 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм.
Ингээд иргэд ямар төрлийн зээл голчлон авсныг сонирхъё. Иргэдийн авсан нийт зээлийн өрийн үлдэгдлийн 40.4 хувийг ипотек, 26.1 хувийг цалингийн, 14.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл, 11.6 хувийг хэрэглээний зээл, 1.4 хувийг тэтгэврийн, 5.7 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. Иргэдэд олгосон нийт зээлийн 73.8 хувь нь арилжааны банкуудад ногдож, үлдсэн банк бус санхүүгийн байгууллагынх.
Иргэдийн гар дээрх бэлэн мөнгө, орлого буурч буй бас нэг нотолгоо нь хадгаламж буурсан явдал гэж хэлж болох нь. Төгрөгийн хадгаламж өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөг болж буурчээ. Зөвхөн нэг сарын хугацаанд 179.2 тэрбум төгрөгөөр иргэдийн хадгаламж буурсан дүн мэдээ байгаа юм. Үүнийг өнгөрсөн мөн үетэй харьцуулж харвал иргэдийн хадгаламж 437.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Мөнгө санхүүгийн эдгээр үзүүлэлт, дүн мэдээ нь монголчуудын амьдрал хэрхэн уруудан доройтож буйг шууд илтгэнэ. Ийнхүү монголчууд өрнөөс өрний хооронд бэдчиж, байсан хэдийгээ барж бор хоногийг өнгөрөөж явна.
Дээрээс нь Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орж эдийн засгийн хориг арга хэмжээ авхуулахдаа тулчхаад байгаа. Мөн экспорт буурч төсвийн орлого, эдийн засагт орж ирэх мөнгө багассан. Тэгэхээр сонгуулийн дараа, оны эцэст монголчууд ёстой л бүсээ чангалж бүтэн аяга хоол ч идэж чадахгүй байдалд хүрч мэдэх нь. Монгол Улсын эдийн засгийн хүндрэл эндээсээ улам бүр даамжирна гэдгийг мэргэжилтнүүд, олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид өнөөдөр хэлж анхааруулсаар байна. Даанч эрх баригч МАН улсын орлогоо тооцож хэрхэн зарцуулах талаар ямар ч алхам хийлгүй сонгуультай золгох боллоо. Уг нь төсвөө тодотгож илүү зардлаа танасан бол иргэдийн амьдрал, орлого, улс орны эдийн засагт нааштай үр дүн авч ирэх байв. Харамсалтай нь эрх баригчид зөвхөн сонгууль бодож цаг хугацаа алдсаар.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН