-АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхнээсээ гуравт ордог Чикаго хот дахь “Oatbrook center” худалдааны төвд Монголын брэндийн худалдааны төв албан ёсоор нээгдэхээр болов-
Монголын аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах гарц улам нэмэгдсээр байна. “Экспорт олон улсын худалдааны төв” (EITC)-өөс нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхний гуравт жагсдаг Чикаго хот дахь “Oatbrook center” худалдааны төвд анх удаагаа Монголын брэндийн худалдааны төвийг албан ёсоор нээхээр боллоо. Дэлхийд худалдааны борлуулалтаараа тэргүүлэгч АНУ хүн амын тоогоор 325 сая хэрэглэгчтэй, жилдээ 2.4 их наяд төгрөгийн импорт хийдэг хэрэглэгч төвтэй улс. Энэ том зах зээлд Монгол брэндийн дэлгүүртэй болсноор манай улсын үндэсний брэндүүд олон улсын зах зээл рүү гарах өргөн боломжийг олж байгаа бөгөөд гадаад зах зээлийн суваг нээгдэж байгаа нь ач холбогдолтой юм. Монголын брэндүүдийг олон улсын зах зээлд гаргахад гол гүүр болж буй “Экспорт олон улсын худалдааны төв” төрийн бус байгууллага нь 2015 оноос эхлэн Япон, АНУ, Канад Европын зах зээлд үзэсгэлэн худалдаа экспо удаа дараа зохион байгуулж, АНУ, Европын зах зээлд ложистикийн төвүүдээ нээж Амазон, Ebay зэрэг онлайн худалдаанд хэдийнээ нэгдээд байгаа юм.
АНУ-ын болон Европын зах зээлд гарч байгаа амжилт дээрээ дөрөөлөн ийнхүү энэ оны наймдугаар сарын 1-нээс эхлэн Чикаго хот дахь “Oatbrook center”-т Монгол брэндийн худалдааны төвөө нээхээр болжээ. Эхний ээлжинд тус худалдааны төвд Монголын 6-8 брэнд байрших ба кашмер, арьсан төрлийн бүтээгдэхүүн, дизайнеруудын оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл болон аксесуорын бүтээгдэхүүн худалдаалагдах аж.
Мөн АНУ-ын Вашингтон DC хотноо Монгол брэндийн худалдааны дараагийн төвийг албан ёсоор нээхээр төлөвлөж байна. Ирэх аравдугаар сард Нью-Йорк хотноо гурван сарын хугацаатай “Pop Up shop” буюу түр худалдаа явуулах бөгөөд ирэх оноос байнгын худалдааны төвийг нээхээр болжээ.
Манай улс өнгөрсөн 2017 оноос хойш Монголын брэндингийн зөвлөлийг байгуулж төсвөөс мөнгө татаж буй ч өнөөдрийг хүртэл хэчнээн Монголын брэнд энэ байгууллагын шугамаар гадагшаа зах зээлд хүрээгээ тэлсэн гэх бодитой мэдээлэл төдийлөн дуулдахгүй байна. Тэгтэл экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор нэгэн төрийн бус байгууллага санаачилгатай ажиллаж, төрийн хийж чадаагүй алхмыг хүртэл хийж байгаа нь талархууштай юм. Одоо хүссэн Монголын аж ахуйн нэгжүүд Америк төдийгүй Канад, Япон Европын зах зээлд гарах боломж гарц, гүүртэй болчихлоо. “Экспорт олон улсын худалдааны төв” төрийн бус байгууллагын ярьж буйгаар “Сүүлийн жилүүдэд төр засаг, үйлдвэрлэл эрхлэгчид бизнесийн салбарынхтайгаа хамтраад аль болох бага зардлаар богино хугацаанд экспорт хийх тал дээр тодорхой ажлуудыг зорилтод зах зээлүүдийн хувьд хийж ирлээ. Бидэнд амжилт туршлага олон байна” гэж байв.
Тухайлбал, гадаад зах зээлд гарсан жишээ дурдахад, Япон улсад болсон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн арга хэмжээний үеэр гэхэд Шигүдэри Сарана Экос цай зэрэг брэндүүд Япон улсын зах зээлд нэвтрэхэд болсон байна гэдэг үнэлгээг авч дараагийн шатны ажилдаа хэдийнээ орчихсон яваа аж. Түүнчлэн зөгийн балны зах зээлд нэг аж ахуйн нэгж амжилт олно гэдэг нь бусад олон олон зөгийчдөө бойжуулах хоршин ажиллах гэх мэт олон боломжуудыг нээх боломжтой. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн маань томоохон төлөөлөл болох “Марал” брэндийн хувьд Японы 50 жилийн түүхт арьс цүнх түрүүвчний томоохон компани болох “Кавано Жапан” компанитай Монгол арьсаар Япон технологи шингэсэн арьс цүнх түрийвчийг олон улсын зах зээлд гаргах тал дээр хамтран ажиллахаар болоод байгаа гэх мэт амжилттай олон жишээг дурдаж болно.
Манай аж ахуйн нэгжүүд өдгөө гадаад зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа боловч бараа бүтээгдэхүүний хаяг шошго, олон улсын стандартад нийцүүлэх, гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлтэд анхаарах зүйлс, тээвэр ложастикийн шийдэл зэрэг асуудалд бүдэрдэг нь экспортыг нэмэгдүүлэх боломжгүйд хүргэдэг. Тэгвэл олон улсын зах зээлд нэвтрэх бүх төрлийн зөвлөмж, сургалт, боломж гарцыг “Экспорт олон улсын худалдааны төв”-өөс авч болох юм байна. Ер нь улс орнууд гадаад зах зээлд гарахад том байгууллагууд нь жижиг дунд бизнесээ дэмжээд хөгжүүлээд явах кластераар хөгждөг тогтолцоогоор явах, гадаад зах зээлээс захиалга авах гаргах суваг нь нэг цэгийн болж чадсан, нэг том компани олон жижиг дунд бизнесээ хөгжүүлээд явах гэх мэтээр том зорилтдоо хүрнэ. Бид төр, хувийн хэвшил бүгд нэг зорилт дор том амбицтайгаар явж байж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийж, экспортыг нэмэгдүүлнэ гэж “Экспорт олон улсын худалдааны төв”-ийнхөн ярьж байна. Иймд гадаад зах зээлд гарахыг зорьж буй аж ахуйн нэгжүүд “Экспорт олон улсын худалдааны төв”-EITC (https://www.facebook.com/exportmongolia/)-д хандсанаар АНУ болон Япон, Канад, Европын зах зээлд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах, хөрөнгө оруулалт татах, онлайн худалдаанд нэгдэх, экспортыг нэмэгдүүлэх боломж байна.