ОХУ-ын Алс дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг тэлэх, Алс дорнодын холбооны тойрог ба чөлөөт боомт Владивостокт хөрөнгө оруулалт татах зорилготой Дорнын эдийн засгийн форум уржигдар эхэлсэн. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар анх 2015 онд зохион байгуулагдсан уг чуулга уулзалт нь өдгөө тав дахь жилдээ амжилттай болж байгаа нь энэ юм.
Энэхүү форум нь Орост болдог олон улсын бизнес, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд 2015 оноос хойш Владивостокт нийтдээ 8.7 их наяд рублийн гэрээ, хэлцэл байгуулагджээ. Өнгөрсөн онд л гэхэд 3.2 их наяд рублийн дүн бүхий 222 гэрээг үзэглэсэн байна.
Энэ удаагийн чуулганд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Малайзын Ерөнхий сайд Махатир Мохаммад, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүтэй төрийн тэргүүн нар оролцож байгаа аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэхүү чуулга уулзалтад дөрөв дэх жилдээ оролцож байгаа бол Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа оролцож байгаагаараа онцлог болж байна.
Мөн тэднээс гадна БНХАУ болон БНАСАУ-ын Шадар сайд нар мөн чуулганд оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ОХУ-тай хэлэлцэх ажээ. Дорнын эдийн засгийн V форумд дэлхийн 65 орны 8000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа ба гурав хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөнө.
В.Путин: Алс Дорнодод ипотекийн зээлийн жилийн хүүг хоёр хувь болгоно
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр Алс Дорнодод ипотекийн зээлийн хүүг хоёр хувь болгох тухай ярив. В.Путины хэлснээр энэ оноос эхлэн Алс Дорнодод залуу гэр бүлийг дэмжих зорилгоор жилийн хоёр хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлэх аж. Тэрбээр “Алс Дорнодын бүс нутагт ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүл жилийн хоёр хувийн хүүтэй зээл авч орон сууц болон байшин худалдаж авч болно” гэжээ.
В.Путины хэлснээр бол дээрх хөтөлбөрийг энэ жил эхлүүлж таван жилийн турш үргэлжилнэ гэнэ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд Алс Дорнодыг хөгжүүлэх сангаас мөнгө гаргахаар болжээ. Оросын төрийн тэргүүний бодлоор Алс Дорнодыг хөгжүүлэх чухал хөшүүрэг бол залуучуудыг дэмжих явдал аж.
Нарендра Моди форумд анх удаа оролцож байна
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Дорнын эдийн засгийн форумд анх удаа оролцож байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Москватай харилцаагаа улам өргөжүүлэхээ амлав. В.Путин чуулганы эхний өдрийн ихэнх цагаа Модитой ярилцаж өнгөрүүлсэн байна. Н.Моди “Энэ бол манай хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ эрч хүч өгөх түүхэн боломж юм. Сибирийн тогоруу жил бүр миний төрсөн нутаг Гужарат руу нүүдэллэн ирдэг нь онгон зэрлэг байгальд ч хоёр улсын харилцаа холбоо цаашид улам нэгдэн нягтрахыг бэлгэдэж буй мэт санагддаг” гэв. В.Путин, Н.Моди нар уулзалтын дараа Оросын тэнгисийн цэргийн эргүүлийн усан онгоцонд сууж, Владивостокоос 40 км орчим зайтай “Звезда” усан онгоцны үйлдвэрт зочилжээ.
Энэтхэг бол Оросын зэвсгийн хэрэглэгч орон бөгөөд энэ удаагийн форумын үеэр Москва шинэ гэрээ хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм. Чуулга уулзалтын өмнөхөн Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков Энэтхэг, Орос улсын хоорондын яриа хэлэлцээнд “харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”, “эрчим хүчний хамтын ажиллагаа” зэрэг асуудлууд өндөр байр суурь эзэлнэ гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр цааш нь бид Арктик болон Оросын Алс Дорнод дахь эх газрын нүүрс устөрөгчийг судлах боломжийг хамтдаа судалж байна хэмээн хэлсэн байна.
ОХУ, Энэтхэгийн хоорондын худалдааны эргэлт ойролцоогоор 11 тэрбум ам.доллар. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн санаачилсан “Make in India” санаачилгын хүрээнд Орос, Энэтхэг улсууд 2015 онд “Камов Ка-226” цэргийн нисдэг тэрэг үйлдвэрлэхээр нэг тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Гэсэн ч энэ гэрээ хараахан хэрэгжээгүй байгаа юм. Зэвсэгт хүчнээ шинэчлэхийг эрэлхийлж буй дэлхийн зэвсгийн томоохон импортлогч Энэтхэг улс нь өөрийн газар нутаг дээр зэвсэг үйлдвэрлэх хүсэлтэй байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Орос улстай хамтарсан “АК-203” винтов бууны үйлдвэрийг нээсэн билээ. Энэтхэг улс Оросоос зэвсэг худалдан авбал хориг тавина гэсэн АНУ-ын анхааруулыг үл ойшоон өнгөрсөн онд Оросын “S-400” агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системийг таван тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсон.