Саудын Арабын нефтийн байгууламж руу дайрсны хариуг Америкийн цэргийнхэн өгөхөд бэлэн байна гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ. Тэрээр Вашингтон дахь Heritage Foundation шинжилгээний төвд үг хэлэх үеэрээ ингэж мэдэгдсэн байна. “Саудын Арабын нефтийн байгууламж руу өнгөрсөн амралтын өдрүүдээр аймшигтайгаар дайрч халдсан нь биднийг ийн бэлэн байдалд оруулсныг би мэдэгдэж байна” гэж М.Пенс хэлээд АНУ цэргийн хэрэгслээр хариу барихад бэлэн байгаагаа зарлажээ.
АНУ өөрийгөө болон Персийн булан дахь холбоотнуудаа хамгаалах болно, Америкийн холбоотнуудад, дэлхийн нефтийн эх үүсвэрүүдэд халдвал тусгүй л юм болно гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Тэр бас Вашингтон бүхий л мэдээллийг судалж байна гэжээ. “Бид холбоотнуудтайгаа зөвлөлдөж, ойрын өдрүүдэд ямар арга хэмжээ авах нь зохистой вэ гэдгээ Ерөнхийлөгч тодорхойлж байгаа” гэж М.Пенс нэмж хэлсэн байна.
Дэд ерөнхийлөгч бас хэрэв Иран энэ халдлагыг үйлдсэн бол Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг тэвчихгүй. “Америк өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн” гэжээ. М.Пенс үүний өмнө Д.Трампын хэлсэн шиг америк “тулаанд бэлэн” гэж давтсан байна. М.Пенс Д.Трампын засаг захиргаа АНУ-ыг хамгаалах, Персийн булан дахь холбоотон, америкийн цэргүүдийг хамгаалах “эрчим хүчний салбарт давуу байдлаа хадгалах, эрчим хүчний хараат бус байхын тулд шаардлагатай бүхнийг хийнэ” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Хаант улсын газрын тосны гол байгууламж руу халдсан асуудлыг судалж ярилцахаар Саудын Араб руу Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нисч явсан гэдгийг Дэд Ерөнхийлөгч бас мэдээлжээ.
Пентагоны илтгэл
Саудын Арабын нефтийн байгууламж руу халдсаны хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуудлаар АНУ-ын Батлан хамгаалах яам хоёр хоногийн дотор илтгэл бичих үүрэг хүлээгээд байгаа юм байна. Америкийн цэргийн шинжээчид Саудын Арабын нутаг дэвсгэр дэх тагнуулын мэдээлэл, радараас авсан мэдээлэл зэргийг судалж байгаа гэж Цэргийн хүрээний эх сурвалж хэлжээ. АНУ-ын тагнуулын удирдах газар ч нууц мэдээлэл бэлтгэж байгаа юм байна. Саудын Араб руу Ираны зүгээс пуужин харвасан гэсэн мэдээлэл хэвлэлээр тарсныг цэргийн нэрээ хэлээгүй эх сурвалж батлаагүй байна. Тэр эх сурвалж Пентагоны илтгэлийг 48 цагийн дотор гарна гэж хэлсэн бол өөр нэг эх сурвалж энэ илтгэл хэзээ бэлэн болохыг одоохондоо товлоогүй гэж хэлсэн гэнэ.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах нь Ойрхи Дорнодод дахиад ээлжит сөргөлдөөн бий болгоно гэж Америкийн зарим хууль тогтоогч үзэж байна. Тэднийхээр бол тагнуулын мэдээллээр үнэхээр Тегеран буруутай нь батлагдвал Ерөнхийлөгч тэртэй тэргүй Конгрессоос зөвшөөрөл авах ёстой гэнэ.
Саудын Араб руу халдсан нь
Бямба гаргийн шөнө Саудын Арабын газрын тос олборлож, боловсруулдаг улсдаа хоёрт ордог байгууламж руу нисгэгчгүй төхөөргөөр довтолсны улмаас их хэмжээний түймэр дэгдэж тус улсын нефть олборлолтын хэмжээ 50 хувь буурсан юм. Ердийн үед энд хоногт 9.8 сая баррель нефть гаргадаг байсан бол энэ дэлбэрэлтийн дараа дөнгөж 5.7 сая баррелийг гаргаж байгаа юм.
Эр-Рияд тэргүүтэй Арабын эвслийн эсрэг байлдаж байгаа Йемений босогч хуситууд нисгэгчгүй төхөөргийн тусламжтайгаар бид тийш халдсан гэж мэдэгдээд байгаа. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ халдлагыг Йемений зүгээс хийсэн гэх ямар ч нотолгоо алга, харин Тегеран л үйлдсэн гэж мэдэгдээд байна. Ирааны Гадаад хэргийн яам болохоор энэ буруутгалыг няцааж байгаа юм.
Иран довтолсон баримтыг Эр-Рияд дэлгэнэ
Улсынх нь нефтийн байгууламж руу Иран улсын зүгээс довтолсон тухай баримт нотолгоог Саудын Арабын Батлан хамгаалах яам лхагва гаргийн орой гэхэд дэлгэж хэвлэлийн бага хурал хийнэ гэснийг Al Arabiya телевиз дамжуулсан байна.
“Батлан хамгаалах яам лхагва гаргийн орой хэвлэлийн бага хурал хийж “Saudi Aramco” компани руу Ираны зүгээс террорист халдлага үйлдсэнийг дэлгэнэ” гэж мэдээлэлд дурджээ. Үүний араас Саудын Арабын цэргийнхэн “Энэ халдлагад Ираны зэвсгийг ашигласан” гэж мэдэгдсэн байна. Халдлагыг Йемений хуситын босогчид үйлдсэн гээд байгаа ч Саудын Араб болохоор босогчдыг Тегеран дэмждэг гэж буруутгадаг юм.
Саудын Араб тэргүүтэй эвслийн албан ёсны төлөөлөгч хурандаа Турки аль-Малики даваа гарагт бас нотлох баримтаас үзэхэд халдлагад Иранаас гаралтай нисгэгчгүй аппаратууд ашигласан байна, гэхдээ дайралт Йемений зүгээс эхлээгүй гэж даваа гарагт мэдэгдсэн юм. АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид ч мөн энэ террорист халдлагыг Ираны зүгээс хийсэн гэж баталж байгаа юм.