Иракт Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 113 хүрч, өөр бас зургаан мянга гаруй хүн шархдаад байна гэж Иракийн Дотоод хэргийн яамны эх сурвалжаас авснаа Aljazeera телевиз аравдугаар сарын 6-нд дамжууллаа. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг эхлээд хаймар сум хэрэглэж байсан бол дараа нь нулимс асгаруулагч хий, байлдааны сум хэрэглэсэн байна. Жагсагчид намын найман байшин, төрийн болон хувийн 51 барилгыг галджээ. Иракийн Дотоод хэргийн яамны төлөөлөгч Саад Маанын хэлснээр бол сүүлийн хэдэн өдөрт гэхэд л 104 хүн амь үрэгдсэний найм нь хууль сахиулагч байжээ. Шархадсан хүний тоо 6107 хүрсэн байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн хэдэн өдөр улам өргөжиж ялангуяа Садр хотод хамгийн олон хүн жагсч, хамгийн олон хүн амь үрэгджээ. Жагсаал цуглааны үеэр үл мэдэгдэх мэргэн бууч дөрвөн хүнийг хөнөөсний хоёр нь аюулаас хамгаалахын хүн байсан гэж Sky News Arabia хэвлэлд бичсэн байна. Хууль сахиулагчид нөхцөл байдлыг хяналтад авсан гэж мэдээлж байгаа юм байна. Тэд бас жагсагчдыг тараахдаа хүч хэрэглэ гэсэн тушаал өгөөгүй гэжээ.
Багдадын амбан захирагч огцров
Авлига, ажилгүйдэл ихэссэн, улс орны эдийн засгийн нөхцөл байдал доройтож байгааг эсэргүүцсэн өргөн олны жагсаал Иракт эхлээд дөрөв хонож байна. Улс орны ихэнх нутагт интернэтийг хааж, нийслэл Багдадад бүтэн хоногоор хөл хорио тогтоогоод байснаа ням гарагт цуцалжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаатай холбогдуулан нийслэл Багдадын амбан захирагч Фаллах аль-Жазаири албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгснийг мужийн зөвлөл ёсоор болгосон байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний гол цөм нь нийслэл Багдад, ялангуяа эндхийн шиитүүд амьдардаг өмнөд дүүрэгт болж байгаагаас тэр ийнхүү огцрох хүсэлт гаргасан байна.
Засгийн газар буулт хийж байна
Авлигыг эсэргүүцэж, ажилгүйдлийг бууруулахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас Иракийн Засгийн газар жагсагчдын шаардлагаар авлигын хэргийг мөрдөн шалгах бүрэн эрх бүхий шүүхийн дээд байгууллага байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн Al Hadath телевиз мэдээлсэн байна. Засгийн газар бас эрх мэдлээ урвуулан ашиглах явдалтай тэмцэж, ард түмний сэтгэл дундуур байгаа албан тушаалтнуудыг халахаар шийдвэрлэжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдын шаардлагаар Иракийн Засгийн газар 17 зүйл бүхий төлөвлөгөө гаргасны дотор бага орлоготой гэр бүлд зориулсан 100 мянган сууц барих, нийгмийн доод давхарга, ажилгүйчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудал орсон байна.
Хүчирхийллээ зогсоохыг НҮБ уриалав
Ирак дахь эсэргүүцлийн жагсаалд оролцогсод болон Засгийн газрыг Багдад болон бусад хотуудад жагсаал цуглааны үеэр хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг НҮБ уриалсан байна. Аравдугаар сарын 1-нээс эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр олон хүн амь эрстэж байгаад тус байгууллага сэтгэл түгшиж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ирак дахь тусгай төлөөлөгч, хатагтай Жанин Хеннис-Плассхарт мэдэгдээд талуудыг маргаанаа зогсоохыг уриалав.
“Хүний амь утга учиргүй үрэгдэж байгаад сэтгэл эмзэглэж байна. Тав хоногийн туршид л хүний амь үрэгдсэн, шархадсан тухай мэдээлэл хөвөрлөө, энэ бүхнийг зогсоох хэрэгтэй. Талуудыг би энэ талаар бодож, завсарлага авахыг уриалж байна. Хүчирхийлэл үйлдэгсдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Ирак даяар эв нэгдлийн ойлголцлын хүчин давамгайлах болтугай” гэж хатагтай Хеннис-Плассхарт онцолжээ.