Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Владимир Путины 20 жил: Гадаад бодлогын хувирал

Владимир Путин ОХУ-ын засгийн эрхэнд 20 жил болж байгаа ч түүний эрх мэдлийн хугацаа хэзээ дуусах нь тодорхойгүй, ялангуяа гадаад бодлогын салбарт эцсийн үр дүн нь харагдаагүй байна. Бүрэн эрхийн хугацаа нь таван жил гээд байгаа ч Оросын улс төрийн бодлогод нөлөө бүхий хэвээр байх хугацаа нь хэдий болохыг хэн ч тааж мэдэшгүй. Гэхдээ л Оросын түүхэнд В.Путины эрин үе төгсгөл рүүгээ явж байгаа нь тодорхой болохоор өнгөрсөн 20 жилд түүний хийж бүтээснийг эргэн харж ойлгох нь хэрэгтэйгээс гадна ирээдүйд юу болохыг анхаарах ёстой нь ойлгомжтой.

В.Путины гадаад бодлогын үр дүнг янз бүрийн үндэслэл, шалгуураар авч үзэх хэрэгтэй. 1999 оноос түүнд хоёр үндсэн зорилт буюу Оросын нэгдсэн байдлыг хадгалах, түүний дэлхийн тавцан дээрх том гүрэн гэсэн статусыг бататгах явдал байсан. Үүнийг тэр хийж чадсан. Оросын холбооны бүхий л нутаг дэвсгэрт төв засгийн газрыг хүлээн зөвшөөрүүлж чадсан. XXI зууны зааг дээр Орос задралд орж байгаа улсын тоонд орж байсан бол 15 жилийн дараа гэхэд дэлхий дээр хамгийн том, геополитик болон цэргийн идэвхтэй гол тоглогч болж чадсан юм.

Тавьсан зорилгынх нь талаас авч үзвэл энэ нь маргашгүй ололт мөн боловч засаглалыг төвлөрүүлэх, том гүрний статус нь тийм амар хялбар, хямд олдоогүй. Засаглалын босоо тогтолцоо Оросын хувьд уламжлалт авторитар дэглэмээс үүдэлтэй. 1990-ээд оны эмх замбараагүй байдлыг халсан дэглэм нь улс төрийн бүрэн эмх цэгц засаглалд шилжиж чадалгүй, явцуу элитүүдийн эдийн засгийн сонирхол буюу улс орны нөөц баялгийг хувийн болон бүлэглэлийн зорилгоор ашигладаг тийм хэлбэр лүү орж байлаа.

Владимир Путины гадаад улс төрийн бодлогын уламжлал нь олон талтай өргөн ойлголт. Үүний төлөвших явц нь зөрчилтэй, нэлээд төвөгтэй байж Москвагийн гадаад бодлого нэг бус удаа өөрчлөгдсөн юм. 2000 онд В.Путин Оросыг НАТО-д элсүүлэх гэж идэвхтэй оролдож байсан бол, 2001 онд АНУ-ын гол холбоотон болгож Афганистан дахь Америкийн цэрэгт тусламж дэмжлэг үзүүлэх гэж, Лиссабоноос Владивосток хүртэл Том Европ бий болгох гэж мөрөөдөж байв. В.Путин Германы Бундестагт немц хэлээр үг хэлэхдээ эдийн засгийн нэгдмэл орон зай бий болгохын тулд Орос Европыг сонгож байгааг зарлаж байлаа.

Гадаад бодлого дахь амжилтууд

Владимир Путины үед ОХУ жинхэнэ бодит бие даасан тусгаар улс болсон нь үнэн баримт. 2000-аад онд газрын тосны үнэ эрчимтэй өсч улс орон эдийн засгийн цоо шинэ өсөлтөд орсноор гадаад санхүүгийн хараат бус байдлаас гарч чадсан. Эрчим хүчний бодлогоо хяналтад авахын тулд 2000-аад оны дундуур газрын тос олборлох үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг үндэснийх болгосон.
2010-аад оны эхний хагаст зэвсэгт хүчнийг шинэчиллээ. В.Путин эр зориг гаргаж засаглалын босоо тогтолцоо бий болгосноор бодлогын нэгдмэл байдлыг хадгалж хүн амын ихэнх хэсэг төр засагт итгэх болов.

Энэ бүхний ачаар XXI зууны эхэн гэхэд Орос том гүрний статусаа эргүүлэн олж авсан юм. Том гүрэн гэдэг ойлголт үндсэндээ цэрэг, улс төрийн талаас хэлж байгаа нь мэдээж. Өнөөгийн нөхцөлд гаднаас ирэх дарамтад өөрийн улс төрийн бодлогоор хариу барьж, шаардлагатай үед гадны тусламжгүйгээр өөрийгөө хамгаалах чадвартай улсыг том гүрэн гэж ойлгож болно.

Америк төвтэй, евро-атлантын тогтолцооны хүрээнд Оросыг автономит статустай багтаах гэсэн 1990-2000 оны Оросын оролдлого амжилтгүй төгсгөл болох нь тэр. Оросын удирдлага, нийгэм ч гэсэн АНУ-ыг тэргүүлэх байдалд байхыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэгэхээр Орос бие даагаад, ганцаараа том гүрэн байх нь зайлшгүй боллоо.

В.Путины бодож байсан Их Европ, Их Еврази гэсэн энэ хоёр интеграц амжилтгүй болоод ирэхээр тэрээр дорно зүг рүү тодорхой хэлбэл Хятад руу хандахаар эргэсэн юм. Энэ бол Оросын хувьд гадаад бодлогын огцом өөрчлөлт байлаа. Өнөөдөр Орос Евразийн умард хэсэгт оршдог бие даасан том гүрний хувьд Зүүн болон Төв Ази, Европ, Ойрхи болон Төв Дорнод, Умард Америктай шууд харилцах боломж бүрдүүлсэн юм. Москва Европтой ч АНУ, Хятад аль алинтай нь дан ганцаар харилцахыг эрмэлзэхгүй болов.

Орос, АНУ-ын сөргөлдөөн эхлэхээс өмнө В.Путины үед Европын холбооноос Дорныг чиглэсэн гадаад бодлого барьсан нь барууныг чиглэсэн уламжлалт бодлогоос хальж илүү ач холбогдол, статус олж авсан юм. Энэ нь Оросын гадаад бодлогод тэнцвэрт байдал олж энэ нь өнөө ч тогтвортой байгаа юм. Энд Ази дэлхийн эдийн засаг, улс төрийн төв болсонтой ч холбоотой. Нөгөө талаар Оросын дорнод бүсийн геополитик, эдийн засгийн сул байдлыг анхааралдаа авах хэрэгтэй байсан. Энэ бүхэнд тулгуурлаад В.Путин 2000-аад онд Хятадтай хилийн асуудлаа эцэслэн шийдэж, Бээжинтэй нягт, бүтээлч харилцаа тогтоож авсан юм.

Ийнхүү В.Путины үед Оросын Ази руу чиглэсэн бодлого эхэлсэн юм. Үүний зэрэгцээ Хятадын хажуугаар Энэтхэг, Япон, Солонгостой, АСЕАН-ы орнуудтай уламжлалт харилцаагаа хөгжүүлж байна. 2009 оноос Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудтай ч эдийн засгийн интеграцад оров. Ийм хоёр талын харилцаанаас гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, РИК буюу Ооос, Энэтхэг, Хятад гэсэн олон талын хамтын ажиллагааны хэлбэр бий болгож Орос гол тоглогч нь болж байна.

Оросын гадаад бодлогын шинэ хэлбэр нь Ойрхи болон Төв Дорнодод ялангуяа Сирийн цэргийн ажиллагаа эхэлсэн 2015 оны үеэс нэлээд өрнөж эхэлсэн гэж болно. Зөвлөлт холбоот улс задарснаас хойш Москва ийнхүү энд нэлээд нухацтай тоглогч боллоо. Сири, Ойрхи дорнод дахь энэ нөлөөлөл нь зөвхөн энэ бүсэд ч биш ОХУ дэлхийн тавцанд ЗХУ-ынхаас огт өөр чанараар гол тоглогч болсныг харууллаа. Дэлхийн бусад газарт өөрийн загварыг түгээхийн зэрэгцээ өөртөө ашигтай байдал олохын тулд Москва асар их хүчин чармайлт гаргаж байна. Эрчим хүчнээс гадна зэвсэг, цөмийн эрчим хүчний технологи, хүнс экспортлохоос гадна улс орнуудад аюулгүй байдлаа хангахад тусламж үйлчилгээ санал болгож улс төрийн бодлогын хаалт болж цэргийн болон дипломатын тоглогч болж байна. Ийм байдлаар Европт ч, Азид ч нөлөөлж байгаа. ОХУ-ын нэр хүнд өнөөдөр зөвхөн Ойрхи Дорнод төдийгүй, Африк, Латин Америкт ч өслөө. Энд ганцхан асуудал байгаа нь тактикийн хойноос хөөцөлдөж байгаад стратегийн хувьд ялагдахгүй байх. Энэ асуудлыг шийдвэрлэхэд төрөл бүрийн чиглэл, түвшинд зохицуулалт шаардлагатай. Үүнээс гадна Орос өөрийнхөө зарчим, үнэт зүйлст итгэлтэй байж өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг бэхжүүлэх явдал чухал.

В.Путины гадаад бодлогодоо гадаад ертөнцтэй харилцах харил­цаагаа хөгжүүлэх, нөгөө талаар өрсөлдөгчидтэйгөө тэмцэлдэх бас нэг фронт нь өнөөдөр Арктик, байгаль цаг уурын өөрчлөлт болж байгаа юм.

Бүтэлгүйтэл

В.Путины эрх барих энэ хугацаа эцсээ хүртэл бүтэлтэй байсангүй. В.Путин үндэсний эрх баригч элитүүдийг бий болгож чадсангүй. Өнөөдөр Оросын дээд түвшинд улсын болон үндэсний эрх ашгаас илүүтэй хувийн эрх ашгаа дээдэлсэн хүмүүс бий боллоо. Энэ нь Зөвлөлтийн үеийн юм уу, Эзэн хаант Оросын үеийн төрийн зүтгэлтнүүдээс зарчмын хувьд эрс ялгагдаж байна. Магадгүй энэ нь улс төрийн дэглэмийг урт удаан ирээдүйтэй гэж харагдуулахгүй байгаа юм.

Их Европ байгуулах гэсэн үзлээс Их Ази гэсэн үзэлд шилжсэн нь эмгэнэлтэй хэрэг. Оросын ойрын хөрш Европтой хамтран ажиллах нь зөвхөн Украины хямралаас төдийгүй улс төр, нийгмийн үнэт зүйлсийн талаарх үзэл бодлын зөрүүгээс болсон. Европын хувьд Оростой Европын хэм хэмжээ, зарчмаар, гэхдээ Оросыг Европын холбоонд оруулалгүйгээр харьцах гэсэн бол Оросын хувьд хүйтэн дайны төгсгөлөөр Атлантын тойрогт орос орж хамтдаа Их Европыг байгуулах санаа байсан. Геополитик болон аюулгүй байдал гэдэг Орос-Америкийн харилцааны тээг хэвээр үлдлээ.

Энэтхэгтэй түншлэх явдал тийм ч их амжилтад хүрсэнгүй. Москва, Делигийн харилцаа ЗХУ задарсан үеэс хойш зогсонги хэвээр л байна. Энэтхэгтэй харилцаа Хятадынхаас хоцорч явна. Европын холбоотой харилцаа улам суларч байна. Орос-Японы энхийн хэлэлцээр бас гацаанд орчхоод байгаа. Японтой хийх гэсэн төслүүд нь амжилтгүй болж байгаа нь Оросыг Хятадын хараат болгоход нөлөөлж байгаа юм.
Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудтай эдийн засгийн интеграц нь Гаалийн холбоогоор идэвхжиж байгаа нь Оросын ч, түнш орнуудын ч ашиг сонирхолд нийцэж байна. Евразийн хувьд төслүүд нь чухал, гэхдээ хязгаарлагдмал. Нэг үгээр хэлбэл эдийн засаг, геополитик, цэргийн гээд аль ч талаараа нэг их ирээдүй харагдахгүй байна. Беларусс, Казахстан зэрэг ойрын түнш орнууд бол тусгаар байдлаа хамгаалахын тулд маш хардангуй харьцаж байна. Минск, Нур-Султаны хувьд тусгаар тогтнол гэдэг нь Москвагийн тусгаар тогтнолоос чухал. Евразийн эдийн засгийн холбооны хувьд Европын холбоо, АСЕАН, бас Хятад зэрэг бусад интеграцчиллын итгэлтэй түнш байх юм уу, хүчтэй өрсөлдөгч байх боломж муу.

Алдаа

В.Путины эрх мэдлийн үеийн зарим шинэчлэл нь мэдээж практик шалгуурыг туулаагүй. Оросын хүсээд байгаа гео эдийн засгийн болон геополитикийн тэнцвэрт бодлого, олон тулгуурт дэлхий ертөнц гэдэг нь Оросын энхийг эрмэлзэх, эх оронч уламжлал.

Гэхдээ өнөөдөр байгаа дэлхийн дэг журмыг өөрчлөх, өөрөөр хэлбэл АНУ-ын ноёрхлыг өөрчлөх гэж хүчин чармайлт гаргаж байгаа нь буруу. Америкийн дайснуудыг дэмжиж “өөр дээрээ гал” дуудаж байгаа нь өөрийн байр сууриа бэхжүүлж байгаа хэрэг биш, харин ч өөртөө нэмэлт бэрхшээл дуудаж байгаа хэрэг. Оросын хувьд дэлхийн дэг журам сахиулах нь гол биш харин энэ дэг журамд байраа эзлэх нь гол зүйл. Өнөөгийн дэлхий ертөнцөд ашигтай, боломжийн байр эзлэх эрмэлзэл нэлээд бодлоготой стратеги, тун нарийн цогц бодлого шаардана.

АНУ-тай мөргөлдөхгүй гэж В.Путин нэг бус удаа мэдэгдсээр байсан ч Америк-Оросын сөргөлдөөн хэдийнээ таван жил үргэлжилчхээд байгаа нь баримт. АНУ-тай зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөн байхгүй гэж байгаа ч гэсэн бодит байдал дээр зэвсэглэлд хяналт тавих баталгаа үгүй болж, батлан хамгаалах зардал өссөөр байна. Мэдээж бүх зүйл Москвагаас шалтгаалахгүй ч Вашингтоны өөрийн гэсэн төлөвлөгөө, стратеги нь нөхцөл байдлыг Оросын хувьд таагүй талаар хөтөлж мэдэх юм.

Оросын гадаад бодлогын гол алдаа бол 1990-ээд оны дундаас НАТО-г өргөжүүлэхэд хүргэсэн. Зүүн Европ дахь Зөвлөлт холбоот улсын хуучин холбоотнууд, Балтийн орнууд НАТО-д нэгдэж Оросын аюулгүй байдал, Москвагийн гадаад улс төрийн бодлогын байр суурийг сулруулсан. Дээр нь Украины хямралын явцад НАТО-д шинэ нөхцөл үүсгэж Оросыг барууны цэргийн өрсөлдөгч гэгдэхэд хүргэсэн юм. Хүйтэн дайн дуусаад даруй 25 жил өнгөрч байхад энэ бол Оросын хувьд ёстой аюул байлаа.

Энэ алдааны бүр үндэс нь газар зүйн байдал, стратегийн байрлалд хэт их ач холбогдол өгдөгтэй холбоотой. Эх орны дайны эхэнд германчууд оросын улс төр эдийн засгийн төв рүү их анхаарч байсан бол дайны дараа ЗХУ Дорнод Европт аюулгүй байдлын бүс байгуулж байсан. Өнөөгийн нөхцөлд бол эсрэг тал 1941 он шиг биш л дээ. Орост аюул учруулах цэргийн хүчин бол өнөөдөр огт өөр газар, АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа.

Асуудлын нөгөө тал нь үүнээс үүдээд Америкийн зэвсэг, зэвсэгт хүчин Оросын эсрэг Европын нутагт байршиж эхэлнэ. Энд хэн ч саад болохгүй. Дорнод Европт Америкийн цэргийн бааз бий болох нь энэ улсууд үндсэндээ Вашингтоны шийдвэрээс хамаа­рал­тай болно гэсэн үг. Донбасс, Өмнөд Осети, Абхазын сөргөлдөөнөөс болоод Вашингтон Украин, Гүржийг НАТО-д урихаас татгалзаж байгаа нь Оростой шууд цэргийн сөргөлдөөнд хүрэхгүйг бодож байна. Хүйтэн дайны үеийн Холбооны Герман шиг гэх юм уу даа.

Ер нь Украины талаарх бодлого улс төр бол сүүлийн жилүүдийн гадаад бодлогын ноцтой жишээ. Крым дэх үйл ажиллагаа биш, харин Украины хямрал эхэлсэн 2014 он бол Оросын хуучин зөвлөлтийн үеийнх шиг гадаад бодлогын үр дагавар байсан. Кремлийн тооцоолж байснаар Виктор Янукович сүүлийн мөчид өөрийгөө хамгаалахын тулд Майданыг тараахаар хүч хэрэглэсэн нь Москваг АНУ болон Европын холбоотой харилцах харилцаанд Крым, Донбассын асуудлаас ч илүү асар том хямрал дагуулсан. Улмаар Украин улс Оросын хөрш атлаа дайсагнагч улс болж хувиран энэ удаан үргэлжлэх юм. Москвагийн тайвшрах ганц зүйл бол Украины дотоод асуудал нь Оросын хувьд дахиад дарамт болохгүй явдал. Дахиад хэлэхэд В.Путины үе үргэлжилж байгаа болохоор эцсийн үр дүнг хэлэхэд арай эрт байна даа.

Гадаад болон батлан хамгаалах бодлогын зөвлөлийн гишүүн Дмитрий Тренинийн “Ведомости” хэвлэлд нийтэлснийг товчлон орчуулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com