Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Самчжиёны шинэ хотын нээлтэд оролцож тууз хайчилж байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээллээ.
Социалист хэв шинжийн соёлын хот
“Самчжиён бол өнөөгийн удирдагч Кимийн эцэг нөхөр Ким Чен Ирийн төрсөн байшин байдаг Пэктусаны нууц лагерь оршдог гацааны төв. Чухам үүнийг л уулархаг нутгийн социалист хэв шинжийн соёлын хот болгон орчин үеийн соёл иргэншил төлөвшүүлж байгаа юм. Үүний ачаар манай нам, хувьсгалт түүхэнд аугаа их удирдагч Ким Чен Ирийн оруулсан гавьяа, хувь нэмрийг ойлгохоос гадна орон нутгийг хөгжүүлэх намын мэргэн удирдлага, хувьсгалт их үсрэлтийг мэдрэх болно” гэж Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээнд дурджээ.
Мэдээнд дурдсанаар бол хоёр жилийн хугацаанд байгуулсан Самчжиён хот нь 4000 гаруй өрх амьдрах 380 орон сууцаас гадна захиргаа, дэлгүүр, төмөр замын өртөө, орчин үеийн шинжлэх ухаан техникийн номын сан, шинэ үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэг, соёл урлагийн байгууллага зэргээс гадна, уулын цанын амралтын газар байгаа гэнэ. Мөн төмсний гурил үйлдвэрлэх завод, жимсний ундааны үйлдвэр ч байгаа юм.
Умард Солонгосын бусад хотуудаас эрс ялгарна
Хот байгуулах явцад удирдагч Ким Чен Ун байнга очиж төслийн хэрэгжилтийг хянаж, барилгын ажлыг БНАСАУ, Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх 2020 оноос өмнө дуусгахыг шаардаж байжээ.
Барууны хэвлэлүүд энэ шинэ хотыг үзүүлэнгийн хот хэмээн бичиж байна. “Энд барилгуудыг Умард Солонгосын бусад хотуудад байхгүй өнгө төрх, гадаад үзэмжээр барьснаас гадна маш цэвэрхэн” гэж ВВС бичсэн байна. ВВС бас энэ байгууламжийг засан хүмүүжүүлэх хөдөлмөрийнхөн барьсан гэж бичиж байгаа бол умард солонгосын хэвлэлүүдэд сайн дурынхан барьсан гэж бичиж байгаа юм.
Өвлийн амралт, аялал жуулчлал
Ким Чен Уныг засгийн эрхэнд гарсан 2011 оноос Умард Солонгос аялал жуулчал хөгжүүлэхэд их анхаарах болсон. 2014 онд тус улсад анхны олон улсын жишгийн уулын цанын Масик амралтыг нээсэн. 1300 метрийн өндөр дэх энэ байгууламжид зочид буудал, нисдэг тэрэгний буудал, татлагат зам, цанын түрээсийн үйлчилгээ бий. Иймдээ ч Умард Солонгост зорчих жуулчдын тоо байнга өссөөр байгаа. Ихэвчлэн Хятадын иргэд зорчиж байгаа ч бусад орнууд, баруун Европын жуулчид ч ирсээр байна.
2019 оны эхнээс БНАСАУ өдөрт ирэх гадаадын жуулчдын тоог 1000-аас илүүгүй байхаар хязгаарлах шийдвэр гаргасан гэж Yonhap агентлаг мэдээлсэн. Хэргийн учир нь улс төрийн шалтгаан биш, харин зочид буудал хүрэлцэхгүйтэй холбоотой гэжээ. Ийм болохоор улс орондоо хэрэгцээтэй байгаа валют олохын тулд Умард Солонгосын эрх баригчид аялал жуулчлалын салбарыг түлхүү анхаарч байгаа юм.