Дэлхийн бизнесийн ертөнцөд ул мөрөө үлдээсэн, манай гаргийн таван айл тутмын гэрт тавилга нь байдаг шведийн алдарт, тавилгын эзэнт гүрэн “IKEA” компанийг үндэслэгч Ингвар Кампрад загас хавч барих дуртай, адал явдал, аюул эрсдэлд дуртай гэж ярьдаг байжээ. Тэр үнэхээр ч тийм хүн байлаа. Тэрбумтаныг хэвлэлээр нацист, татвараас зугтаагч, бизнест хөгширч байгаа гэх зэргээр хэлдэг ч шведүүд болохоор түүнийг бүх улстөрчдийн нийлээд хийснээс ч илүү улс орныхоо төлөө ихийг хийсэн гэж дурсдаг байна.
Гэр бүл
Ингвар Кампрад намтартаа худалдааны ажил өөрийнх нь цусанд байгаа гэж хэлдэг байсан, эцэг нь муухан фермийн эзэн байж. Өвөг эцэг нь дэлгүүртэй, жаахан Ингвар байнга тэнд нь очиж зарим үед ажилладаг байсан гэнэ. Гэсэн ч өвөө нь тийм ч амжилттай байсангүй, татвараа төлж чадаагүйгээс бухимдан амиа хорлосон гэдэг.
Кампрадын хувьд хоёр удаа гэрлэж, дөрвөн хүүхдийн аав болжээ. Анхны эхнэрээсээ нэг охинтой бол хоёр дахь гэрлэлтээсээ гурван хүүтэй болж. Чухам тэд нь эцгийнхээ компанийг өвлөн авсан юм.
Домог болсон хүн
Ингвар Кампрадын түүх бол зүгээр л тосгоны фермд өсөөд амжилтад хүрч аугаа ихийг бүтээж, амьдрал нь домог болсон түүх. Түүний хамгийн гол зорилго нь өөрийнхөө компанийг сөхөршгүй, мөхөшгүй байлгах явдал байсан гэдэг. Түүний ойрын хүрээллийн зарим нэгэн нь түүнийг ердөө “ИКЕА”-г удирдахын төлөө төрсөн хүн гэдэг байна.
Намтар, анхны бизнес
Ингвар 1926 онд айлын том хүү болон мэндэлж бага насаа Эльмхульт хотын ойролцоох ферм дээр өнгөрүүлжээ. Эцэг нь ферм эрхлэхээр хот руу шилжсэнээр тэр долоон настайдаа Эльмхультад ирсэн байна. Ээж нь нөхрөө хагас өрөөгөө зочдод түрээслүүлэхийг ятгаснаар тэд гэр бүлээрээ ганц өрөөнд чихэлдэн амьдарч байсан гэж Ингвар хожим нь дурссан байдаг. Тэгээд л тэр ямагт ингэж сүрэглэн амьдрах ёстой юу хэмээн бодож мөнгө олох, түүний тулд хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгож эхэлж. Авга нь түүнд 100 хайрцаг худалдах санал тавьснаар тэр яармаг дээр түүнийг нь зараад анхныхаа ашгийг авчээ.
Улмаар тэр ил захидал худалдаж, загас барьж хөршүүддээ зардаг болсон байна. Тэгснээ бичиг хэргийн зах зээлд анх гарч, Францаас орж ирж байсан үзэг зардаг болжээ. Нэг удаа бүр бараагаа сурталчлахаар ирсэн бүхэнд кофе, жижиг талх амласнаар мянга гаруй хүн ирж Ингвар арай л уйлсангүй.
ИКЕА гэдэг нэр юу илэрхийлдэг вэ
1943 он болоход 17 настай Ингвар өөрийн гэсэн фирм нээхээр шийдвэрлэжээ. Ямар нэр өгөхөө бодож бодож “ИКЕА” гэж. Үүний “И” нь өөрийн Ингвар нэрний эх, “К” нь Кампрад, “Е” нь хотын нэр Эльмтард, “А” нь болохоор Ингварын эцгийн эрхэлж байсан фермийн Агуннард” гэдэг нэрний эхний үсэг гэнэ.
“ИКЕА”-г хэрхэн байгуулсан бэ
Ингварын анхны бизнес нь үзэг, асаагуур, хөрөө гэсэн жижиг зүйлс байлаа. Тэрээр энэ бүхнээ хямд үнээр гадаадаас оруулж ирээд Шведийн янз бүрийн хотуудад худалдаалдаг байлаа. Харин тавилгын бизнес эрхлэх санаа дайны дараа төрсөн байна. Ингээд хэд хэдэн ийм бүтээгдэхүүн худалдаалахаар сониноор зар өгч. Тавилга өндөр үнэтэй, тэгээд дайн дөнгөж дуусч байгаа болохоор хүмүүс нэг их мөнгөгүй. Тэгээд ч хүмүүс ихэвчлэн өөрсдөө тавилгаа хийчихдэг байлаа. Ингээд л Ингварт өргөн хэрэглээний тавилга үйлдвэрлэх санаа төрсөн байна. 1950 онд гурван нөхөртөө энэ саналаа хэлж ажлаа эхлээд бүтээгдэхүүнийхээ үнийг эрс хямдруулжээ. Нэг ачигч сандлуудыг ачихын тулд хөлийг нь тайрч байхыг хараад угсардаг тавилгын санаа төрсөн гэдэг.
Хямд үнэ нь “ИКЕА”-г тун удалгүй улс орондоо тэргүүлэгч компанийн нэг болголоо. Гэхдээ өрсөлдөгчид зүгээр суусангүй, хэрэглэгчдээ булаалдсан тэмцэл эхлээд шударга бус байв. Өрсөлдөгчид ИКЕА, болон залуу удирдагчийн талаар цуу яриа тарааж, энэ нь эрх баригчдын сонорт хүрснээр нэг удаа бүр үзэсгэлэн худалдаанд оруулалгүй хасч байжээ. Тавилгын үнэ хэт хямд байснаас үүдээд хэрэглэгчид чанарыг нь голж гомдоллодог болов. Ингвар үйлдвэр дээрээ өөрийн гэсэн үзэсгэлэн гаргасан нь харин ч өрсөлдөгчгүйгээрээ давуу болов. Үүнийг ойлгосон Ингвар таван жилийн дараа үйлдвэртээ нэрийн дэлгүүр нээжээ.
1980-аад оны сүүлч гэхэд ИКЕА-гийн дэлгүүр, агуулах бүхий л Европыг эзэллээ. Кампрад сэтгэл ханасангүй Зөвлөлт холбоот улсын зах зээлд нэвтрэхийг хүсч байлаа. Тэдний анхны дэлгүүр нь арай гэж 2000 онд Орост нээгдсэн бол одоо бол Орост ИКЕА-гийн үйлдвэр бий.
Нас нөгчсөн нь
Манай гаргийн тавилгын хаан Ингвар Кампрад 91 насандаа Шведийн Смоланд хотод өөрийнхөө гэрт орон дотроо насан эцэслэсэн байна. Тэрээр 92 нас зооглоход ердөө хоёр сар дутуу байжээ. Цагдаа, эмч нарын мэдээлснээр бол тэрээр хөгшрөлийн улмаас зүгээр л нойрон дундаа нас барсан гэнэ.
ИКЕА өнөөдөр
ИКЕА-гийн бизнес зөвхөн гэр бүлийн хүрээнд маш нууцлаг байдаг. Эднийх хувьцаа гаргадаггүй. 2015 онд ИКЕА-гийн цэвэр ашиг 30 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 36 тэрбум болж өсчээ. “ИКЕА” брэндийн өртөг хэд гэдэг нь өнөө хүртэл нууц хэвээр. Ингвар Кампрадыг нас барахаас өмнөхөн хэвлэлийнхэн түүний хөрөнгийг 52 тэрбум гээд Блумберг түүнийг манай гаргийн хамгийн баян хүн гэж бичиж байлаа.
Ингварын араншин
Ингвар Кампрадыг нацист үзэлтэй ер бусын хэрцгий хүн гэж буруутгадаг байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр ямар хүн байсан бэ.
Ингвар өөрийнхөө гэрт өөрийн үйлдвэрийн 20 гаруй жил ашигласан хуучин тавилгаа ашигласаар л байжээ. Нэг удаа л тэрээр 30 жилийн өмнө худалдаж авсан хуучин зөөлөн сандлаа шинэчилж сольсон гэдэг. Ингвар бас “Вольво” машиныг 20 гаруй жил барьж онгоцоор бол энгийн суудалд суун зорчиж, энгийн дэлгүүр, зах дээрээс худалдаж авсан хувцас өмсдөг нэгэн байжээ. Гэхдээ голдуу нийтийн тээврээр зорчдог, хүмүүс хараад тэрбумтан автобусаар явж байх ч гэж дээ гэж гайхдаг байж. Харин тэр хэзээ ч ядууст мөнгө өгдөггүй байсан гэнэ.
Түүнийг бас Шведэд татвараас зугтаагч гэж нэрлэх нь бий. Ингвар Швейцарьт харш, усан үзмийн тариалантай. Чухам тэр татварын ачааллаа бууруулах гэж л Швейцарь луу явсан.
Түүний байгуулсан “ИКЕА-гийн буяны сан” нь жил бүр хүүхдийн хүнд хөдөлмөрийг устгахын төлөө тэмцэлд хэдэн арван сая доллар зарцуулдаг, тэр ч өөрөө НҮБ-ын Хүн амын сангийн Хүүхэд хамгааллын санг хамтран байгуулагчийн нэг юм.
ИКЕА дэлхий дахинаа
ИКЕА-гийн сүлжээ дэлгүүр 2008 оны байдлаар дэлхийн 24 оронд 231 байсны ихэнх нь Европт байсан бол 2010 онд 25 улсад 273 болж нэмэгджээ. 2013 оны байдлаар дэлхийн 41 оронд 325 дэлгүүр ажиллаж байлаа.
Харин өнөөдөр дэлхийн 50 улс оронд 1300 гаруй дэлгүүр эдний бүтээгдэхүүнийг борлуулж байна. 2015 оны эцсийн байдлаар энэ компанийн ажиллагсадын тоо 155 мянгад хүрсэн байжээ.