АНУ-ын Конгрессын Гадаад хэргийн хороо Орос улсын өр, банк болон, эрчим хүчний салбарын эсрэг хориг тавих тухай хуулийн төсөл өргөн барилаа хэмээн тус хорооны төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Ардчилагчид, бүгд найрамдахчууд бүр 2019 оны эхнээс Конгресст “Кремлийн түрэмгийллээс Америкийн аюулгүй байдлыг хамгаалах тухай” хуулийн төсөл өргөн барьж байсан. Энэ хуулийн төслийг өнөө болтол сенатын олон улсын хороо хянаж байгаа ч эцэслээгүй байгаа.
Хороо үүнийг хүлээн зөвшөөрвөл хуулийн төслөөр Сенат санал хураагаад эндээс дэмжих юм бол АНУ-ын төлөөлөгчдийн танхим дэмжиж хамгийн сүүлд Ерөнхийлөгч гарын үсэг зурж батламжилна.
Ингэж батлагдвал Оросын банк, эрчим хүчний салбарын эсрэг, бас улсын өрийн талаар нэлээд хүнд хориг хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Хуулийн төсөлд Оросын банкуудыг “сонгуульд нөлөөлөх хүчнийг дэмжиж байгаа” гэж онцолсон байна. Москва ийм буруутгалыг нэг бус удаа няцааж байгаа юм.
Б төлөвлөгөө
Дөрөвдүгээр сард болсон Олон улсын валютын сангийн хаврын чуулганы үеэр Оросын Сангийн сайд Сиуанов Оросын банк, улсын өрийн эсрэг хориг тавибал үүний эсрэг Орост бас “Б төлөвлөгөө” байгаа гэж ярьсан.
“Ийм хориг тавих юм бол бидэнд “Б төлөвлөгөө” байгаа. Төрийн банкны эсрэг хориг тавибал Орост тогтворгүй байдал үүсэх нь тодорхой ийм болохоор Засгийн газар, Оросын банкуудад эхний ээлжинд үйлчлүүлэгчдээ дэмжих, валютаар болон үндэсний мөнгөөр бэлэн болон бэлэн бус тооцоог бүрэн хийхийн тулд бүхий л боломж, хэрэгсэл байгаа. Энд Засгийн газар ч Төвбанк ч хамаатай. Бид үүнд хариу өгнө” гэж тэр хэлсэн юм. Силуановынхоор бол Оросын эдийн засагт энэ хоригийн эсрэг зогсох нөөц бий гэнэ.
“Энэ хоригтой холбоотой хоёр эрсдэл гарна. Юун түрүү улсын шинэ болон хуучин өр, таван банк. Энэ бол ноцтой эрсдэл гэж би харж байна. Үнэхээр энэ хориг хэрэгжвэл бидэнд тун таагүй юм болно” гэж тэр хэлжээ.
“Өрийн хувьд гадаадынхан хоёр жилийн өмнөөс манай бондоос зугтааж тэдний орыг манай эх орон нэгтнүүд эзэлж авсан. Одоо тэд бас энэ хоригоос болоод дахин зугтаадаг юм гэхэд бид эцсийн эцэст төсвийн үлдэгдэлтэй л үлдэнэ. Гэхдээ бид зээлгүйгээр үүгээрээ болно. Сүүлийн жилүүдэд Үндэсний баялгийн сангийн нөөц хангалттай хөрөнгөтэй болсныг бид мэднэ” гэж Силуанов хэлсэн байна.
Америкийн хөрөнгө оруулагчдад цохилт болно
АНУ хэрвээ оросын эсрэг хоригоо баталбал энэ нь эхний ээлжинд Америкийн хөрөнгө оруулагчдад цохилт болно гэж Орос дахь Америкийн худалдааны танхимын тэргүүн Алексис Родзянко үүний өмнө хэлж байсан юм. “Энэ хоригоос эхний ээлжинд үнэт цаасны хамгийн том эзэмшигч Америкийн хөрөнгө оруулагчид хэлмэгдэнэ. Энэ бол хамгийн хүсэшгүй үр дүн” гэж Родзянко хэлсэн байдаг.
Хар жагсаалтад орсон Оросын гурван компанийн эсрэг хоригийг арванхоёрдугаар сарын эхээр цуцалсан юм. Үүний Америкийн хоригийн бодлогод гарсан дэвшил гэж шинжээч Владимир Брутер Sputnik радиогоор ярихдаа тэмдэглэж байсан юм.
Скрипалийн хэргээс үүдсэн хориг
АНУ Скрипалийн хэргээс үүдэн өнгөрөгч наймдугаар сард Оросын эсрэг хоёр дахь багц хоригоо тавьсанд Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагуудад Москвагийн зээлийн гүйлгээг хийхгүй байхаар хориг тавьсан юм.
Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард Солсберид Орост төрөөс урвасан хэрэгт буруутгагдсан Оросын тагнуулын албаны хурандаа Сергей Скрипалийг охин Юлиягийн нь хамт хөнөөсөн хэрэг гарсан нь олон улсын дуулиан болж, Лондон үүнд Москваг буруутгасан. Орос үүнийг няцааж мөрдөн шалгах ажилд хамтаръя гэсэн ч Британи татгалзсаар ирсэн. Тэр бүү хэл тэднийг хордуулсан хор нь Орост бэлтгэсэн гэж зарласан юм.