Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сэтгүүлчид: 2019 оны ДЭЛХИЙН гол үйл явдлууд

Улиран одож байгаа 2019 онд манай цэнхэр гараг дээр хүн төрөлхтний амьдралд сайн муу, янз янзын нөлөөлөл үзүүлэх улс төр, эдийн засаг, нийгмийн олон үйл явдал өрнөж өнгөрчээ. Сэтгүүлчид, шинжээчид бүтэн жилд болсон энэ олон үйл явдлаас дараах хэдийг онцлон нэрлэсэн байна.

1. Шри-Ланкад болсон дэлбэрэлт


Шри-Ланкийн нийслэл Коломбод дөрөвдүгээр сарын 21, 22-нд Улаан өндөгний баяр тэмдэглэж байхад бөмбөг дэлбэлснээр 290 хүн амь үрэгдэж 500 хүн бэртэж гэмтсэн эмгэнэлт явдал гарсан. Эхлээд сүмийн ойролцоох зогсоол дээрх ачааны машинд бөмбөг байрлуулаад дэлбэлсэн энэ хэргийг цагдаагийнхан амиа золиослогч үйлдсэн гэж тогтоосон. Амь үрэгдэгсэд, бэртэж шархдагсадын дунд Энэтхэг, АНУ, Их Британи, Нидерландын олон жуулчин байсан. Цагдаагийнхан мөрдөн шалгалтын явцад энэ цуврал дэлбэрэлтийг амиа золиослогч долоон террорист үйлдсэнийг олж тогтоожээ.

2. Boeing онгоцны сүйрэл

Гуравдугаар сарын 10-нд Эфиопын иргэний агаарын тээврийн Ethiopian Airlines компанийн Boeing 737 MAX 8 онгоц Аддис-Абебаас Найроби орохоор нисэх буудлаас хөөрөөд долоон минутын дараа холбоо тасарсан. Тун удалгүй онгоц Эфиопын Оромия нутгийн Дебрэ-Зэйт суурингийн дэргэд сүйрсэн нь тодорхой болсон. Онгоцонд 149 зорчигч, багийн найман хүн зорчиж явсан нь бүгд амь үрэгдсэн. Энэ ослын дараа дэлхий дахин Ethiopian Airlines компанийн онгоцоор нисэхээс татгалзсан бол 40 улс орон Boeing 737 MAX 8 онгоц ашиглахаа зогсоож нутаг дээгүүрээ ч ийм онгоц нисэхийг хориглосон. Улмаар агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeing компани Boeing 737 MAX 8 онгоц үйлдвэрлэхээ 2020 оны эхний сараас түр хугацаагаар зогсоохоо зарлаад байгаа юм.

3. Хятадын сансрын станц Сарны нөгөө талд буув

Он дөнгөж гараад байсан нэгдүгээр сарын 11-нд Хятадын сансрын жолоодлогогүй станц “Чанъэ-4” манай дэлхийн дагуул Сарны нөгөө талд зөөлөн бууж бидэнд үзэгддэггүй тэр талын сансар огторгуй, хөрсний тухай гэрэл зургуудаа эх дэлхийдээ илгээсэн. Энэ бол сарны нөгөө талд буусан, сарны геологи, хөрс, физик шинжүүдийг судлах сарнаа явагчийг байрлуулсан анхны станц байлаа.
Энэ “Чанъэ” аппаратыг Хятад улс 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд хөөргөсөн нь ийн 112 цагийн дараа Сарнаа хүрч Өмнөд хагасын Эйткен сав газарт байгаа, сарны хамгийн эртний тогтоцын нэг болох Карман тогоонд буусан нь энэ. “Өмнөд хагас, Эйткен бол эрдэмтдийн анхаарлыг эртнээс татаж ирсэн газар. Энд сансрын станц буулгахаар бүр АНУ 1990-ээд оны сүүлчээс оролдож бэлтгэж байсан юм, гэвч хятадууд урьтчихлаа” гэж Оросын ШУА-ийн Вернадскийн нэрэмжит Геохими аналитик химийн хүрээлэнгийн Сар, гараг судлалын лабораторийн эрхлэгч Евгений Слюта хэлжээ.

4. Улс орнуудын эсэргүүцлийн хөдөлгөөн

Өнгөрч байгаа 2019 он олон улс оронд төр засаг, эрх баригчдаа эсэргүүцсэн хөдөлгөөн, жагсаал цуглаан өрнөсөн жил байлаа. Хамгийн том нь болох Хятадын онцгой бүс Хонконгод өнгөрөгч зургаан сарын эхээр эрх баригчдын хэлэлцэх гэж байгаа гэмт хэрэгтэн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал байсан. Эхэндээ энэ жагсаал цуглаанд Хонконгийн нийт хүн амын гуравны хоёр болох хоёр сая орчим хүн нэгдэж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хууль сахиулагчидтай мөргөлдөж эхэлсэн тул эрх баригчид аравдугаар сард энэ хуулийг хэлэлцэхээ бүр больсон ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжаагүй. Улмаар эх газрын Хятадын нөлөөллийг бууруулахыг шаардаж эхэлсэн.
Венесуэльд бас Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж сөрөг хүчин олонх Үндэсний Ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө түр цагийн ерөнхийлөгч хэмээн өргөмжилснөөс үүдэн орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа. Түүнийг АНУ болон Латин Америкийн орнуудын байгууллага, Европын холбоо дэмжиж байгаа бол Орос, Куба, Хятад зэрэг улсууд Николос Мадурог хууль ёсны ерөнхийлөгч хэмээн мэдэгдсээр байгаа юм. Үүнээс гадна Экватор, Франц зэрэг улсуудад бас эсэргүүцлийн жагсаал болсон бол Боливид ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн орон даяар эсэргүүцлийн жагсаал болж эцэст нь Ерөнхийлөгч Эво Моралес олгцорч Мексикт улс төрийн орогнол хүсэн амьдарч байгаад одоо Аргентинд очоод байгаа.

5. Н.Назарбаев сайн дураараа огцорлоо

Казахстан улсыг тусгаар тогтсоноос хойш 1991 оноос төрийн тэргүүнээр нь 29 жил ажилласан Нурсултан Назарбаев огцрохоо мэдэгдсэн нь дэлхий дахины хувьд огт санаанд оромгүй явдал болсон. Н.Назарбаев “Бид казахстанчуудтай хамт бүхнийг хийлээ. Сонгууль бүрээр та нар намайг дэмжиж байсан. Ийм улс орны ерөнхийлөгч байсан нь их хувь заяа. Би та нөхдийн төлөө итгэл үнэмшилтэй шударгаар хөдөлмөрлөсөн. Та нөхдийн ачаар би ерөнхийлөгч болсон” гэж мэдэгдсэн.
Ирэх онд 80 нас хүрэх Н.Назарбаев хамгийн сүүлд 2015 оны дөрөвдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 97.75 хувийн санал авч төрийн тэргүүн болсон юм. 2007 онд тус улсын парламент түүнийг анхны ерөнхийлөгчийн нь хувьд төрийн тэргүүний албанд хэчнээн ч удаа хугацаагүй сонгогдох эрх олгосон юм.

6. Жулиан Ассанж

Энэ жилийн бас нэг дуулиан бол Австралийн интернэт сэтгүүлч, телевизийн хөтлөгч, WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Пол Ассанж Америкийн нууц бичиг баримтуудыг дэлгэсэн нь илэрч гадаад улсын ЭСЯ-нд хоргодож байгаад баривчлагдаж шоронд орсон явдал байлаа.
Тэрээр Америкийн нууц баримт бичгүүдийг ил дэлгэн сайтдаа нийтэлсний төлөө мөрдөн шалгагдаж байгаад Их Британи дахь Эквадорын Элчин сайдын яаманд хоргодсон. АНУ түүнийг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсан ч Эквадор улс өгөөгүй атлаа өөрийнхөө улсад орогнол олгохыг хүсээгүй юм.
Харин 2019 оны дөрөвдүгээр сард Эквадорын эрх баригчид Британийн цагдаагийнхныг элчин сайдын байранд нэвтэрч орон Жулиан Ассанжийг баривчлахыг зөвшөөрснөөр Британийн хуульчид түүнийг барьцаанд байх журам зөрчсөн хэмээн 50 долоо хоног хорих шийдвэр гаргасан юм. Сүүлийн үед дэлхийн улс орнуудын 60 гаруй эмч нэгдээд Ассанжийн эрүүл мэндийн байдал их муу байгаагаас шоронд нас барж мэднэ хэмээн сэрэмжлүүлж байна.

7. Парисын Дарь эхийн сүм шатлаа

Францын төдийгүй дэлхий дахины соёл түүхийн үнэт дурсгал болох Парисын Дарь эхийн сүм Нотр Дам дөрөвдүгээр сарын 15-нд шатаж эхэлснийг маргааш өдөр нь унтраасан. Түймрийн улмаас сүмийн гаднах баганууд, дээвэр, дотоод засал шатсан. Азаар тэнд засвар хийж дотоод тавилга чимэглэл, үнэт зүйлсийг хураасан байснаар шаталгүй үлдсэн. Бүр XII зуунаас чулуун хавтангаар барьж эхэлсэн энэ алдарт сүмийг 1991 онд НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр бүртгэж авсан байдаг.
Соёлын энэ үнэт өв сүйдсэнд дэлхий даяараа харамсч сүмийг сэргээн засварлахад зориулан францын тэрбумтан Франсуа-Анри Пино 100 сая евро хандивласан. Мөн тэрбумтан Бернар Арно гэр бүлийн хамт 200 сая евро хандивлахаа амлажээ. Иль-де-Франс бүс нутаг ч 10 сая, Парис хот 50 сая евро хандивлаж энэ жишгийг олон бизнесмэн, бүс нутаг хот дагаснаар эхний өдрийн үдээс өмнө гэхэд л 600 сая евро цугларсан юм.

8. Владимир Зеленский Украины Ерөнхийлөгч болов

Энэ онд дэлхий нийтийг гайхшруулсан бас нэг том үйл явдал бол 2014 онооос хойш улс төрийн байдал нь тогтворгүй байгаа Украины Ерөнхийлөгчөөр өмнө нь улс төрөөр огт оролдож байгаагүй, авхаалж сэргэлэнчүүдийн клубийн оролцогч, цуврал киноны жүжигчин Владимир Зеленский сонгогдсон явдал байлаа. Нэгдүгээр сарын сүүлчээр явуулсан санал асуулгаар В.Зеленский нэгдүгээрт орж эхэлсэн бол үүрэг гүйцэтгэж байсан ерөнхийлөгч Петр Порошенко 16.4 хувийн санал авч хоёрдугаарт орсон бол Юлия Тимошенко 15.7 хувийн саналаар гуравдугаарт орж байлаа. В.Зеленский бас төрийн тэргүүний албыг зөвхөн нэг удаагийн бүрэн эрхийн хугацаагаар хашна гэж мэдэгдсэн. Ингээд гуравдугаар сарын 31-нд болсон эхний шатны сонгуулиар 30.24 хувийн санал авсан нь өрсөлдөгч Порошенкогоос бараг хоёр дахин илүү байлаа. Дөрөвдүгээр сарын 21-нд болсон хоёр дахь шатны санал хураалтаар В.Зеленский 73.22 хувийн санал авч ялсан.
Хоёр дахь шатны санал хураалтын өмнө дөрөвдүгээр сарын 18-нд Владимир Зеленский Донбассын тусгай статусын эсрэг байгаагаа илэрхийлээд тэдний төлөөлөгчидтэй шууд хэлэлцээр хийнэ, Донецкийн болон Луганскийн босогчдод өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн тавдугаар сарын 18-нд Украин улс Крымыг “булаан эзлэгчдээс чөлөөлнө” гэж мэдэгдсэн юм.

9. Эрдэнэ шишийн талбайд буусан онгоц

Оросын агаарын тээврийн “Уральские авиалинии” компанийн Airbus A321-211 онгоц наймдугаар сарын 15-нд Москвагаас хөөрөөд Симферополийг зорьж явсан ч Жуковскийн нисэх буудлаас хөөрөөд тун удаагүй байхдаа хоёр хөдөлгүүрт нь шувуу орон ажилгүй болсон. Багийнхан самбаатай ажилласнаар дугуй нь гарахаа больсон, дүүрэн цэнэгтэй онгоцоо эрдэнэ шишийн талбайд буулгаж чадсан. Онгоцонд багийн долоон гишүүнээс гадна 233 зорчигч явсан нь бүгд амьд гарч, 74 хүн төрөл бүрийн гэмтэл авснаар энэ явдал өндөрлөсөн.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар онгоцны багийн ахлагч Дамир Юсупов, хоёрдугаар нисгэгч Георгий Мурзин нарыг ОХУ-ын баатар цолоор, багийн бусад гишүүдийг одонгоор шагнасан.

10. Оны хүн, байгаль хамгаалагч Грета Тунберг

Дэлхийн улстөрчдийн анхаарал хандуулан, зарим нь дэмжиж, зарим нь бүр үзэн ядаж, суртал нэвтрүүлгийн хүүхэлдэй гэж байгаа Шведийн 16 настай охин Грета Тунбергийг Америкийн Time сэтгүүл энэ оны хүнээр тодруулаад байна. Тэрээр 15 насандаа Шведийн парламентын байрны гадаа байгаль цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг мөрдөхийг шаардан “Байгалийн төлөө сургуулийн ажил хаялт” зарлаж байсан. 2019 оны гуравдугаар сард шведийн сөрөг хүчин зүүний намын хоёр депутат Г.Тунбергийг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлж байлаа. Г.Тунбергийг бас Шведийн 2019 оны хүн болгож өргөмжилжээ. Өнгөрөгч 2018 онд Time сэтгүүл 2018 оны хамгийн нөлөө бүхий 25 өсвөр насныхнаар өргөмжилсөн. Энэ оны дөрөвдүгээр сард мөн сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулж тавдугаар сард сэтгүүлийнхээ гадна нүүрэнд зургийг нь тавьжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com