Тегераны зүгээс ямар нэг дайралт хийх юм бол Америк улс Иранд “маш хурдан, хүчтэй” цохилт өгнө гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. Түүнийхээр бол Вашингтон Ираны 52 байгууламж, үүний дотор соёлын обьектуудыг хэдийнэ онилоод байгаа гэнэ. Гэхдээ хоёр их наяд ам.доллар зарцуулан байж бүтээсэн шинэ зэвсэг хэрэглэх гэнэ. Дональд Трамп “Урьдчилан анхааруулъя. Иран хэрвээ америкчуудад, америкийн байгууламжуудад цохилт өгөх юм бол бид Ираны 52 обьектыг аль хэдийнээ онилчхоод байгаа. Эдний нэлээд хэд нь Ираны соёлд чухал ач холбогдолтой байгууламж. Энэ цохилт маш хурдан, маш хүчтэй байх болно. АНУ-д аюул учрахгүй” гэж Twitter хуудастаа бичжээ.
Д.Трамп бас Иран ийм үйлдэл хийхгүй байхыг зөвлөөд яагаад гэвэл ийм тохиолдолд өмнө нь хэзээ ч амсч байгаагүй тийм хариу цохилттой тулгарах болно. Энэ бол бидний хоёр их наяд ам.доллар зарцуулж байж бүтээсэн зэвсэг хэмээн анхааруулсан байна. “Иран Америкийн цэргийн бааз юм уу, хэн нэгэн америк хүн рүү халдвал бид цоо шинэ, маш сайхан зэвсгээ тэдэн рүү тэр дор нь илгээх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч эцэст нь хэлжээ.
Үүний өмнө Исламын бүгд найрамдах улс хувьсгалт гвардын командлагч генерал Касем Сулейманыг хөнөөсний хариу өшөөг авна гэхдээ Ойрхи дорнодод байгаа цэгүүдийг онилсон гэж мэдэгдсэний хариуд Д.Трамп ийн мэдэгдсэн байна. Харин дэлхийн улс орнууд, хамтын нийгэмлэгүүд Ираныг бүс нутагт хурцадмал байдал үүсгэлгүй дипломат замаар АНУ-тай энэ үл ойлголцлоо шийдэхийг уриалж байгаа юм.
Нэгдүгээр сарын 4-нд Ирак дахь Америкийн эвслийн цэргийн баазын ойролцоо бөмбөг дэлбэрсэн хэрэг гарсан. Цэргийнхэн энд өртөөгүй, харин энгийн байгууламж л бөмбөгөнд өртсөн гэж эвслийн хэвлэлийн алба мэдээлж байна. Мэдэгдэлд “Ираны аюулгүй байдлын алба одоо халдлагын асуудлыг мөрдөн шалгаж байна” гэжээ. Өөр бас нэг пуужин АНУ-ын Элчин сайдын яам оршдог “ногоон бүс”-д унасан гэнэ.
Үүнтэй зэрэгцээд Ираныг дэмждэг хакерууд АНУ-ын Засгийн газрын нэг сайт, веб хуудас Federal Depository Library Program (FDLP)-ыг эвдэллээ гэсэн мэдээлэл гарлаа. Энэ албаны төлөөлөгчийн мэдээлснээр бол энэ сайт руу орох гэхээр, хоёр пуужинг зангидсан гараараа балбаж байгаа Ерөнхийлөгч Д.Трампын дүрс бичлэг гарч ирээд байгаа гэнэ.
Исламын хувьсгалын торгон цэргийн корпусын командлагч Хоссейн Салами бас үндэсний телевизээрээ ярихдаа генералыг хөнөөснийхөө төлөө Вашингтон заавал хариуг нь амсана гэсэн байна. “Генерал Касем Сулейманыг хөнөөсөн явдлыг стратегийн өшөө авалт дагалдах болно. Энэ бол энэ бүс нутагт байгаа Америкийн баазууд үгүй болно гэсэн үг” гэж Х.Салами хэлжээ. Түүнийхээр бол Ойрхи Дорнодод Америкийн оролцоог үгүй болгохын тулд Тегеранд юу ч хориг саад болохгүй гэнэ.
Үүнтэй төстэй саналаа Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф хэлсэн. Тэр “Баруун Ази дахь АНУ-ын дайсагнасан оролцооны төгсгөл ирлээ” гэсэн юм. Ираны армийн командлагч Абдулрахим Мусави “Ирээдүйд болж мэдэх мөргөлдөөний явцад тэд үүнийгээ эр зориг гаргана гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцолжээ.
Ираны хилээс гадна ажиллагаа явуулдаг тусгай “КУДС” гвардыг удирддаг генерал Касем Сулейман сүүлийн үед Ирак, Сири дэх террорист бүлэглэлтэй тэмцэх ажил эрхэлж байгаад энэ нэгдүгээр сарын 3-ны шөнө Багдадын нисэх буудлын орчимд АНУ-ын пуужингийн цохилтод өртөн амь үрэгдсэн юм.
Ираны шашны тэргүүн Али Хаменей бас Исламын хувьсгалт гвардын КУДС хүчний командлагч генерал Касем Сулейманыг хөнөөсний өшөөг авна гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Түүний цус хэний гарт үлдсэн байна, түүнийг хатуу өшөө хүлээж байгаа” гэж мэдэгдсэн. Энэ бүхнээс үүдээд АНУ-ын цэргийн дээд командлал энэ бүс нутаг руу цэргийн нэмэлт хүч илгээхээр болсон байна. Америкийн хуурай замын цэргийн 82 дугаар агаар десантын дивизийн төлөөлөгч дэд хурандаа Майк Бернс саяхан ойрын үед АНУ Кувейтэд 3.5 мянган цэрэг нэмж байрлуулна гэж мэдэгдээд байна.
Ойлголцохыг дэлхий нийт уриалсаар байна
Өөрийн цэргийн зүтгэлтнийхээ амь насны төлөө өшөө авч хариу өгөхөөс татгалзахыг дэлхийн улс орнуудын төлөөлөгчид Иранд уриалсаар байна. Австрийн канцлер Себастьян Курц үүнийг “АНУ-ын байгууламж, дипломатуудад нэг бус удаа халдаж байсны” хариу гэж мэдэгдээд АНУ, Ираны хооронд хэлэлцээрийг Венад хийж болох юм гэжээ. “Бидний хувьд цөмийн хэлэлцээр явуулж байсан сайн туршлага байна, тэгэхээр дипломат арга бол энэ хурцадмал байдлаас гарах цорын ганц найдвартай арга гэж бид үзэж байна” гэж С.Курц онцолсон байна.
ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас генерал К.Сулейманыг нас барсны дараа нөхцөл байдал “өмнө нь таамаглаж байгаагүйгээр” хурцадсан гээд цаашид үүнийг эвдрэлцэлд хүргэчихгүйн тулд бололцоотой бүхий л арга хэрэгслийг ашиглах болно гэж мэдэгдлээ. “Өнөөдөр ямар нэг өдөөн хатгалга ямар ч хяналтгүй нөхцөл байдалд хүргэж, тухайн бүс нутагт төдийгүй манай Европын аюулгүй байдалд урьдчилан таамаглаагүй үр дагавар авчирч болно гэдгийг бүгд ойлгох ёстой” гэж Германы дипломат хэлж байна.
“Бүхий л талуудад нөхцөл байдлыг эергээр шийдэхийг уриалж байна” гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес, Пентагоны тэргүүн Марк Эспертэй ярьж тохиролцсон гэнэ. Тэрбээр Ираны генерал бол Америкийн иргэдэд аюул учруулдаг хүний нэг, ийм ч болохоор АНУ олон улсын эрхийн хүрээнд энэ ажиллагааг явуулсан гэжээ.