Дэлхий дахины геополитикийн хурцадмал байдал энэ зуунд хамгийн өндөр түвшинд хүрлээ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжууллаа. А.Гутерриш тодорхой нэг улс орныг нэрлээгүй ч “Энэ хурцадмал байдлын тогоо өөр олон улс орныг хамран урьдчилан таамаглаагүй шийдвэр гаргуулж, урьдчилан таамаглаагүй үр дагавар, асар их эрсдэлд оруулж мэднэ” гэсэн байна. Тэрбээр дэлхийн улс орнуудын тэргүүн нарыг нөхцөл байдлаа хурцатгахаа зогсоохыг хүсээд, дээд зэргийн тэвчээртэй байж яриа хэлэлцээрээ сэргээхийг уриалжээ.
АНУ-аас Иракийн нийслэл Багдадад агаараас цохилт өгөх үеэр Ираны генерал Касем Сулейман амь үрэгдсэний дараа Ойрхи Дорнодод хурцадмал байдал бий болсонтой холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ийм мэдэгдэл хийжээ.
Пентагон дээрх ажиллагаагаа батлан хамгаалах зорилготой гэж байгаа бол Тегеран энэ бол олон улсын терроризм гээд хариу арга хэмжээ авна гэж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны соёлын байгууламжууд оролцсон 52 обьектод цохилт өгнө гэж сүрдүүлж байгаа. Тэгээд ч К.Сулейманыг хөнөөх даалгаврыг Д.Трамп өөрөө өгсөн гэнэ.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг харин ийм ажиллагаа явуулах шийдвэрийг АНУ, манай эвсэл, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийн бүлэглэлийн оролцоогүйгээр дангаараа гаргасан гэж мэдэгдсэн. Амь үрэгдсэн генерал Касем Сулейманы охин мөн “Вашингтон, Израилын хувьд “хар өдрүүд” ойртож байна гээд “Ухаангүй Д.Трамп аа, миний эцгийг амь үрэгдсэнээр бүх зүйл төгслөө гэж битгий бод” гэж мэдэгджээ.
АНУ-ыг Ойрхи дорнодод цэргийн хүч хэрэглэхгүй
байхыг Хятад уриаллаа
Хятад улс АНУ-ын саяхны цэргийнхний эрсдэлтэй ажиллагаа нь Ойрхи Дорнодод хурцадмал байдал бий болголоо гээд АНУ-ыг ийшээ цэргийн хүч хэрэглэхгүй байхыг уриалж байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан даваа гарагт мэдэгдсэн байна.
Нэгдүгээр сарын 3-ны шөнө АНУ Иракийн нийслэл Багдадын олон улсын нисэх буудлын орчим ажиллагаа явуулж Багдад дахь өөрийнх нь ЭСЯ-нд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд халдсан хэмээн буруутгадаг Ираны генерал Касем Сулейман, Иракийн шиитийн босогчдын тэргүүний орлогч Абу Махди аль-Мухандис нарын амийг хөнөөсөн.
К.Сулейманы амийг хөнөөсний төлөө АНУ-аас өшөө авах болно гэж Ираны шашны тэргүүн Али Хаменей амласан. Харин америкчуудад халдах юм бол Ираны 52 обьектод “маш хурдан, маш хүчтэй цохилт” өгөх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлж байгаа юм.
“АНУ-ын цэргийнхний саяхны ажиллагаа нь олон улсын харилцааны үндсэн зарчмуудыг зөрчиж тус бүс нутагт тогтворгүй, хурцадмал байдал үүсэхэд хүргэлээ. Бид АНУ-ыг цэргийн хүч хэрэглэхгүй байхыг, бүхий л талууд нөхцөл байдлыг цаашид хурцатгахгүйн тулд тогтвортой байдлыг сахиж тун ойрын үед яриа хэлэлцээрийн замд эргэн орохыг уриалж байна” гэж Гэн Шуан хэвлэлийн бага хурал дээр Вашингтон, Тегераны харилцан сүрдүүлгийн тухайд мэдэгджээ.
Хятадын тал ямагт олон улсын харилцаанд цэргийн хүч хэрэглэхийн эсрэг байгаа гээд цэргийн арга нь нөхцөл байдлаас гарах арга биш гэсэн байна. “Сөргөлдөгч бүх талыг НҮБ-ын дүрмийн зарчмыг хүндэтгэхийг Хятадын тал уриалж байна. Бие даасан байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг улс орон бүр хүндэтгэж, Ойрхи Дорнодод энхтайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой” гэж Гэн Шуан хэлжээ.
Ойрхи Дорнодын нөхцөл байдлын төлөө Бээжин ихэд сэтгэл түгшиж байна, энэ бүс нутгийн энхтайван, тогтвортой байдал нь дэлхий дахинд ч чухал гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. “Персийн буланд нөхцөл байдал цаашид хурцдахыг хэн ч харахыг хүсэхгүй байна” гэж Гэн Шуан хэлсэн.