Украины нисэх онгоцыг андуурч буудсанаар 176 хүний амийг хөнөөснөө Тегеран өнгөрсөн баасан гарагт хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа бямба гарагт Ираны томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал боллоо. Олон мянган жагсагчид гудамжинд гарч шашны тэргүүн Аятолла али-Хаменейг огцрохыг шаарджээ. Жагсагчид Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоох хуучин Амир Кабир их сургуулийн гадаа цугласан байна. Украины нисэх онгоцны ослоор Ираны 82 иргэн амь үрэгдсэн ба тэдний дурсгалыг хүндэтгэхээр анх жагсаал эхэлсэн аж. Жагсагчид Украины нисэх онгоцны осолд хариуцлага хүлээхийг Аятолла али-Хаменейгээс шаардаж, зарим нь түүнийг “цуст дарангуйлагч” хэмээн хашхирч байжээ.
Ирак дахь АНУ-ын агаарын баазуудыг Ираны талаас пуужингаар харваснаас хэдхэн цагийн дараа Тегеранаас хөөрсөн Украины нисэх онгоц сүйрсэн юм. Онгоцны сүйрлийн дараа Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Украины ард иргэдээс уучлал гуйж, энэ хэргийн буруутанд хариуцлага хүлээлгэхээ амласан юм.
Ираны талаас АНУ-ын цэргийн баазууд руу пуужин харвасны дараахан буюу нэгдүгээр сарын 8-ны өглөөний 06.00 цагийн үед Ираны нийслэлээс хөөрсөн Украины зорчигч тээврийн “Beoing 737” онгоц гэнэт осолдож 176 хүн амь үрэгдсэн билээ.
Ослын шалтгааныг Ираны талаас техникийн доголдол хэмээн мэдэгдэж, ослыг мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ыг оролцуулахгүй, хар хайрцгуудыг “Бойнг” компанид өгөхгүй хэмээн мэдэгдэж байв.
Олон улсын зүгээс дээрх онгоцыг Ираны тал андуурч буудсан гэж сэжиглэж, мэргэжлийн шинжээчид ч онгоц техникийн асуудлаас болж осолдсон гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд онгоц пуужинд оногдсон байж болзошгүй дүрс бичлэг ч ил болсон. Мөн Украин болон бусад улс орнууд хэргийг үнэн мөнийг олохын тулд хамтран ажиллахаа мэдэгдээд байсан билээ.
Энэ бүхний эцэст нэгдүгээр сарын 11-нд Иран улсын төв телевизээр албан ёсны мэдэгдэл хийж, Иран улс 176 зорчигчтой Украины онгоцыг санамсаргүйгээр андуурч сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф өөрийн твиттер хуудсаараа дамжуулан энэ явдалд үнэхээр харамсч буйгаа илэрхийлээд хариуцлагаа хүлээхээ амлан, хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, шаардлагатай бүхий л туслалцааг үзүүлнэ хэмээн мэдэгджээ.
АНУ болон Ираны хооронд үүссэн маш эгзэгтэй цаг мөчид Украины онгоц Ираны хувьсгалт корпусын байрыг чиглэн нисч байсан нь онгоцыг андууран сөнөөхөд хүргэсэн тухай мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн дахин ийм аймшигтай алдаа гаргахгүйн тулд хамгаалалт, аюулгүй байдлын системээ улам сайжруулна гээд дээрх ажиллагааг явуулсан цэргийн анги нэгтгэлийг шүүхэд шилжүүлэн зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэжээ.
Украины нийслэл Киевийг зорин хөөрсөн “Бойнг-737” онгоцонд Ираны 82, Канадын 63, Украины 11 (нислэгийн багийн есөн гишүүн), Шведийн 10, Афганистаны дөрөв, Герман, Их Британийн гурван иргэн зорчиж явжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын 176 хүнтэй зорчигч тээврийн онгоц осолдсон хэргийг мөрдөн шалгуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, хохирогчдын цогцсыг шилжүүлж авах, хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаагаа Ираны талд мэдэгджээ. Мөн дипломат сувгаар албан ёсны уучлал гуйхыг Тегеранаас шаардсан байна.
В.Зеленский уржигдар Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай утсаар ярьсны дараа уг мэдэгдлийг хийжээ. Тегераны тал алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь зөв чиглэлд хийсэн эхний алхам болохыг Украины Ерөнхийлөгч онцолсон байна.
Украины Ерөнхий сайд А.Гончарук хохирогсдын ар гэрийнхэнд Засгийн газраасаа тус бүр 200,000 гривнагийн ($8,400) нөхөн олговор төлөх болсныг өчигдөр зарлажээ. Бас Ираны талаас, даатгалын болон нисэх компаниудаас нөхөн төлбөр авахад нь туслахаа амласан байна.
Ираны Хувьсгалт Гвардын командлагч Амирали Хажизадех улсынхаа төв телевизээр хэлсэн үгэндээ ослын хариуцлагыг бүрэн хүлээхээ амласан юм. “Агаарын довтолгооноос хамгаалах албаны офицер 10 секундын дотор шийдвэр гаргах ёстой байсан. Пуужин харвах уу, эсвэл болих уу гэсэн шийдвэр. Харамсалтай нь тэр алдаатай шийдвэр гаргаж, нисэх онгоцыг пуужингаар харваж унагажээ” гэж А.Хажизадех тайлбарласан байна.