Украины агаарын тээврийн онгоцыг сөнөөхөд хүргэсэн үйлдэл хийсэн цэргийн албан хаагчийг Ираны эрх баригчид шоронд хорилоо гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф Der Spiegel хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдаад “Тэр алдаа гаргаж Украины Boeing онгоцыг Тегераны ойролцоо нэгдүгээр сарын 8-нд сөнөөсөн” гэжээ. “Бараг 32 жилийн өмнө АНУ манай Ираны зорчигч тээврийн онгоцыг сөнөөж байсан. Одоо болтол албан ёсоор уучлал гуйгаагүй. Америкийн офицер хариуцлага хүлээх нь бүү хэл харин ч медаль авсан. Харин Украины онгоцыг сөнөөсөн иран хүн өнөөдөр шоронд сууж байна” гэж Ж.Зариф ярьсан байна.
Түүнийхээр бол Украины онгоцыг алдаа гаргаж сөнөөсөн тухайд өөрөө хоёр хоногийн дараа мэдсэн гэнэ. Харин цэргийнхэн болохоор ямар нэг алдаа гарч ийм явдал боллоо гэдгийг тэр дор нь мэдсэн, тэгээд ч ослын тухай Ираны шашны тэргүүн Али Хаменид тэр дор нь мэдэгдсэн гэнэ.
“Иракаас Америкийн цэргийн баазад цохилт өгч байсан тэр шөнө Иран агаарын орон зайгаа хаагаагүй нь хариуцлагагүй явдал уу?” гэсэн асуултад Ж.Зариф “Тегеран байлдааны бүсэд ороогүй байсан” гэж хариулжээ. “Бид Иракийн эсрэг дайнд бараг найман жил оролцсон. Гэхдээ агаарын орон зайгаа хаагаагүй” гэж тэр хариулсан байна.
Гадаад хэргийн сайд бас Тегеран ослын шалтгааныг мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэхэд оролцуулахаар Украины мэргэжилтнүүдийг урьсан гээд “Бид бусад орнуудыг ч оролцуулахад нээлттэй байна. Бид олон улсын тавьдаг шаардлагын дагуу мөрдөн шалгана” гэжээ.
Тегеран Вашингтоны харилцааны хурцадмал байдал, цаашдын төлвийн тухай асуултад Ж.Зариф генерал Касем Сулейманы талаар Америкийн дипломат төлөөлөгчдийн газар луу халдах гэж байна гэсэн хуурамч мэдээллээс болоод АНУ ийм үйлдэл хийсэн. “Америкчууд К.Сулейманыг алчихвал бүс нутгийн байдлыг сайжруулна гэж бодсон, харамсалтай нь байдал эсрэгээр эргэлээ. Үр дүнд нь АНУ энэ бүхэнд ялагдлаа” гэж Ираны Гадаад хэргийн сайд мэдэгджээ. Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу довтолж байгаа явдал бол генерал К.Сулейманыг хөнөөснийх нь төлөө Тегеранаас өгч байгаа хэлбэрийн төдий хариу, бид ийм хариу барих эрхтэй гэсэн байна.
Украины иргэний агаарын тээврийн “Украины олон улсын агаарын шугам” компанийн “Boeing 737-800” онгоц Ираны нийслэл Тегераны нисэх буудлаас багийн есөн гишүүн, 167 зорчигчтойгоор нэгдүгээр сарын 8-нд хөөрснийхөө дараа осолдож нэг ч хүн амьд гараагүй юм. Амь үрэгдэгсэдийн дунд Ираны 82, Канадын 63, Украины 11 иргэн байжээ. Ираны тусгай үүргийн “Аль-Кудс” бүлэглэлийн командлагч генерал Касем Сулейманыг америкчууд Багдадад хөнөөсний хариуд Ираны тал Ирак дахь америкийн цэргийн бааз руу довтолсны дараа онгоцны энэ сүйрэл болсон.
Тагнуулын үйл ажиллагааны мэдээгээр онгоцыг Ираны “газар-агаар” ангиллын пуужин устгасан байна гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн юм. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ч ингэж мэдээлсэн. Харин нэгдүгээр сарын 11-нд Ираны Зэвсэгт хүчний Жанжин штаб иргэний агаарын тээврийн онгоцыг Ираны цэргийнхэн алдаа гаргаж устгасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Цэргийнхэн “Boeing” онгоцыг Ираны хувьсгалт корпусын цэргийн обьектод их ойрхон байсан, тэгээд нислэгийн өндөр нь дайсны онгоцыг санагдуулсан тул сөнөөсөн гэжээ. Агаараас эсэргүүцэн хамгаалах системийн оператор цэргийн дээд удирдлагын тушаал хүлээлгүйгээр пуужин харвасан гэсэн байна.
Ингээд Украины онгоцыг тегераны Имам Хомейний нэрэмжит нисэх буудлаас хөөрснөөс гурван минутын дараа “газар-агаар” ангиллын “Тор-М1” пуужин хоёрыг харвасан байна хэмээн Иран нэгдүгээр сарын 20-нд албан ёсоор мэдэгдсэн юм.