Украин улс дорнод муж Донбасст өөрийгөө бүгд найрамдах улс хэмээн тунхаглаад байгаа Донецк мужийн салан тусгаарлагчидтай явуулсан байлдааны ажиллагааны үеэр армидаа учирсан хохирлыг тооцон гаргасан байна. Зөвхөн 2014-2016 оны хооронд гэхэд л 2576 нэгж хуягт техникээ алдсаны 391 нь дахин ашиглах аргагүй сүйрсэн гэж Украины Батлан хамгаалах яам мэдээлснийг Defence Express компани эш татжээ.
Батлан хамгаалах яамны мэдээгээр устгагдсан байлдааны машины ихэнх нь явган цэргийн хуягт тээвэрлэгч бөгөөд нийт 1415 машин жагсаалаас гарсны 214 нь бүрэн устгагджээ. Хоёрдугаарт 519 танк жагсаалаас гарсны 79-ийг нь дахин ашиглах аргагүй сүйрсэн байна.
Үлдсэн хохирол нь 439 хуягт тээвэрлэгч байгаагийн 68 нь устгагдаж үлдсэн нь бусад төрлийн хуягт техник байна.
Украины Засгийн газар 2014 оны дөрөвдүгээр сард өөрийгөө бүгд найрамдах улс хэмээн тунхаглаж, салан тусгаарласан Луганск, Донецк муж руу байлдааны ажиллагаа эхлүүлсэн юм. НҮБ-ын хамгийн сүүлчийн мэдээгээр бол энэ байлдааны ажиллагааны явцад 13 мянган хүний амь үрэгдээд байгаа юм. Донбасс дахь сөргөлдөөнийг тогтворжуулах асуудлаар белоруссын нийслэл Минск хотод талуудын уулзалт 2014 оны есдүгээр сараас эхэлж гурван ч баримт бичиг гаргасан боловч гал зогсоох хэлэлцээрийн дараанаас л талууд харилцан буудалцсаар байгаа юм.
Украины хүчний сүүлийн үеийн хохирлыг Донецк мэдээллээ
Донецкийн бүгд найрамдах улс гэгчийн Ардын цагдаагийн газар Донбасст болж байгаа тулалдааны үеэр байлдааны бус нөхцөлд амь үрэгдсэн украины хүчний байгуллагаас амь үрэгдсэн хүний тоог дэлгэсэн байна. Донецкийн хууль хүчний байгууллагын мэдээгээр өнгөрсөн долоо хоногт украины цэргийн 18 албан хаагч амь үрэгдэж, 14 хүн төрөл бүрийн гэмтэл авсан гэнэ.
Мөн цэргийн гурван албан хаагч амиа хорлон насан эцэслэжээ. Дөрвөн цэрэг газрын минэнд дэлбэрч амь алдсан бол хоёр хүн чанаргүй архинд хордож, дөрвөн цэрэг галт зэвсэгтэй буруу харьцсаны улмаас амь үрэгдсэн байна. Мөн таван албан хаагч өвчний улмаас эмчлүүлж байгаад насан эцэслэжээ. Дүрмийн бус харьцаанаас болж 12 албан хаагч бэртэж гэмтсэний гурав нь офицер байсан гэнэ.
Boeing өнгөрөгч нэгдүгээр сард нэг ч захиалга авсангүй
Агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeing компани энэ 2020 оны нэгдүгээр сард нэг ч захиалга аваагүй нь 1962 оноос хойшх 58 жилд анх удаагаа тохиолдож байгаа таагүй мэдээ гэнэ.
Мөн 1997 оноос хойш анх удаагаа жилийн дүнгээр алдагдал хүлээлээ гэж үүний өмнө мэдээлж байсан юм.
Энэ компаний үйлдвэрлэсэн хоёр ч 737 МАХ онгоц осолдсоны дараанаас Boeing хямралын үеийг туулж байгаа юм. 2018 онд Boeing онгоц индонезийн нийслэл Жакартаас холгүй осолдож 189 хүний амь эрсэдсэний дараагаар 2019 оны гуравдугаар сард Аддис-Абебийн дэргэд нэг онгоц сүйрч 346 хүн амь үрэгдсэн юм.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин