Умард Солонгос Япон тэнгисийн зүг хоёр ширхэг үл мэдэгдэх пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлснийг Yonhap агентлаг дамжууллаа. Энэ нь энэ 2020 он гараад анхны туршилт болж байгаа юм. Пуужингаа тэд зүүн өмнөд нутгийн Вонсан хотын орчмоос харважээ. БНАСАУ хамгийн сүүлд 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд харвасан бол өмнөх жилд нийт 13 пуужин харваж туршсан.
Умардын пуужин Япон тэнгис дэх тус улсын эдийн засгийн бүсэд хараахан хүрээгүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлснийг The Japan Times хэвлэл дамжуулсан байна.
АНУ өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дахин сонгох зэрэг дотоод улс төрийн асуудлуудаас болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүй цаг хожиж байна хэмээн БНАСАУ өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард АНУ-ыг буруутгаж байгаа юм.
Энэ оны эхээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун БНАСАУ тун удахгүй “Стратегийн шинэ зэвсэг” үзүүлэхээр бэлтгэж байна гэж мэдэгдэж байсан. Тэрээр АНУ-тай итгэлцлийн харилцаагаа бэхжүүлэхийн тулд манай улс тив алгасах пуужин харвахаа зогсоосон ч гэсэн Пеньяны цөмийн бодлого нь Вашингтоны байр сууриас шалтгаална гэж мэдэгдсэн. Хэрэв Америкийн засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг гацаанаас гаргах арга зам эрэлхийлэхгүй бол БНАСАУ өөр зам сонгоход хүрнэ гэж Ким Чен Ун заналхийлсэн байна.
Женев дэх НҮБ-ын салбар дахь БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Жу Ён Чол нэгдүгээр сарын 21-нд бас АНУ өөрийнхөө үүргийг биелүүлэхгүй байхад Пеньян ганцаараа үүргээ хэрэгжүүлнэ гэдэг утгагүй зүйл гэж мэдэгдээд тэд “харгис, хүмүүнлэг бус хоригоор” “БНАСАУ-ын хөгжлийг хаан боох”-ыг эрмэлзэж байна гэжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар АНУ, БНАСАУ-ын хэлэлцээр 2018 онд эхэлсэн. Тэр жилийн зургадугаар сард Дональд Трамп, Ким Чен Ун хоёрын түүхэн дэх анхны уулзалт Сингапурт болж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, АНУ хариуд нь БНАСАУ-ын аюулгүй байдлыг хангаж, хоригуудаа цуцлахаар тохиролцож байсан.
эх сурвалж : "Ардчилал таймс сонин"