Шинэ төрлийн Covid-19 коронавирусийн халдварын тархалт намжлаа гэдэг яриа өнөөдөртөө эрт байна гэж мэргэжилтнүүд хэллээ. Харин ч өдөр бүр ийм халдвар авсан хүний, тархсан орны тоо нэмэгдсээр байгаа.
Нөгөө талаар энэ шинэ халдвартай хэрхэн тэмцэх талаар янз бүрийн яриа, домог гарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага няцаан тайлбарлаж байна.
Юун түрүү коронавирус нь шумуулаар дамжин халдварлаж байгаа гэсэн яриаг ДЭМБ-ын мэргэжилтнүүд няцаав. Энэ халдвар зөвхөн агаар дуслын буюу амьсгалын замаар дамжин халдварлана гэж онцолжээ. Тэгэхээр халдвар авахгүйн тулд халуурсан болон, хүчтэй ханиалгаж байгаа хүнээс л хол байх хэрэгтэй.
Мөн коронавирусээр халдварлахгүй байхад урьдчилан сэргийлэх нэг зүйл бол хүүхдийн шээс гэсэн яриа, бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж байгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүд няцааж шээс нь ямар ч бактер, вирусийг үхүүлж чадахгүй гэсэн байна. Тэгэхээр хүүхдийн шээсээр гараа угааж ариутгахын хэрэггүй, ердийн ариутгал халдваргүйжүүллийн шингэн хэрэглэх хэрэгтэй гэжээ.
Өөр нэг домог, таамаг яриа бол коронавирус хүйтэнд тэсвэргүй гэсэн яриа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд коронавирус хүйтэнд үхэхгүй, яагаад гэвэл ямар ч хүйтэнд хүний бие байнга 37 градус байдаг гэж тайлбарлаж байна.
Цэвэр агаарт явах нь ашигтай боловч энэ нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш.
Коронавирус өвчтөнийг ханиах, найтаахад хэдий зайд тархаж халдвар тараах вэ гэдэг талаар ДЭМБ-ын мэргэжилтнүүд нэг метрээс илүүгүй зайд халдварлана гэж тайлбарласан байна.
Хятадын “Жэньминь жибао” сонин коронавирусээр өвчилсөн хүнтэй хавьталд орсон хүмүүсийн 1-5 хувь нь өвчилнө гэж мэдээлжээ. Энэ бас л магадлал багатай. Чухамдаа хавьталд орсон тэр хүмүүсийн биеийн эсэргүүцэл, дархлаанаас шалтгаална, энэ талаар яг тогтоосон жишиг байхгүй гэсэн байна.
Коронавирусийн халдвар авсан гол шинж тэмдэг нь халуурах, хуурай ханиах, цэр хаях, булчингаар өвдөж, амьсгал давхцаж, толгой, хоолой өвдөх. Мөн жихүүдэс хүрэх, бөөлжих, хамар битүүрэх ханиалга дагалдаж болно.
60-аас дээш насныхан, даралт өндөртэй хүмүүс, чихрийн шижин, архаг хуучтай хүмүүст илүүтэй халдварлаж, хүндэрнэ. Ахимаг, настай хүмүүсийн дархлаа сул байдаг нь үүнд нөлөөлж байгаа нь тэр гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Хүүхэд залуучууд, ялангуяа 18 хүртэлх насныханд коронавирус халдварлах нь бага ч болгоомж илүүдэхгүй гэж ДЭМБ-ын эмч мэргэжилтнүүд анхааруулжээ.
Коронавирус өнөөдөр дэлхий дахинд
Өнгөрсөн нэг хоногт манай гаргийн 1004 хүн коронавирусийн халдвар шинээр авч нийт өвчилсөн хүний тоо 110 034 болсон байна. Гуравдугаар сарын 8-наас 9-нд шилжих нэг хоногт 64 хүн энэ өвчний улмаас амь алдаж, нас барсан хүний нийт тоо 3656 болжээ. Харин эдгэрч гарсан хүн 60660 болж байна.
Энэ өвчний халдвар тархсан улс орны тоо нэг хоногт зургаагаар нэмэгдэж 105 болжээ. Анх Хятадаас эхлэн дэлгэрсэн энэ халдвар өнөөдөр Хятадаас өөр бусад оронд илүү хурдан тархаж байна. Өнгөрсөн нэг хоногт Болгар, Коста-Рика, Молдав, Францын Гвиане, болон Мальдив, Мальтын арлууд, Данийн Фарерскийн арал, Карибын тэнгис дэх Францын Мартиника аралд вирусийн шинэ тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Хятадаас бусад улс орнуудад нийт 3610 шинэ тохиолдол илэрч 71 хүн нас барсан байна.
Францын парламентын зургаан гишүүн коронавирусээр халдварлажээ
Францын парламент Үндэсний ассамблейн дөрвөн гишүүн, өөр хоёр ажилтан шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан байна гэж Иль-де-Франс нутгийн Эрүүлийг хамгаалах агентлаг энэ сарын 8-нд мэдээлжээ. “Бүгд найрамдах намын депутат Жан-Люк Рейцар нэлээн хүнд байдалтай эмнэлэгт байгаа бол “Бүгд найрамдахчууд урагшаа” намын Элизабет Тутю Пикарыг тусгаарлажээ. Үүний өмнө бас хоёр депутат коронавирусийн халдвар авсан тухай BFMTV телевиз мэдээлж байсан.
“Дөрвөн депутат, хоёр ажилтны шинжилгээний хариугаар тэд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эрүүл ахуйн судалгаа шинжилгээ үргэлжилж байна” гэж Эрүүлийг хамгаалах агентлагийн мэдээнд дурджээ. Одоо халдварыг цаашид тархаахгүйн тулд парламентын доод танхимд эрүүл ахуй халдваргүйжүүллийн бүхий л арга хэмжээ авч байгаа юм байна. Коронавирусийн халдвар авсан депутат ажилтнуудыг тусгаарлан, тэдэнтэй хавьталд орсон байж болох хүмүүсийг судалж байгаа гэнэ. Гуравдугаар сарын 9-ний байдлаар Францад 1126 хүн коронавирусээр халдварлаж, 19 хүн нас бараад байгаа юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"