Шинэ төрлийн коронавирус COVID-2019-ын халдварын тархалт хамгийн багаар бодоход зургадугаар сар хүртэл үргэлжилнэ гэж БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооны шинжээчдийн тусгай комиссын тэргүүн Жун Наньшань таамаглаж байна. “Өнөөдөр дэлхийн улс орнуудад тархаад байгаа энэ халдвар хамгийн багаар бодоход зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Цаашлаад коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгааг дахин дэлгэрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллах явдал гол асуудал болж байна” гэж шинжээч “Жэньминь жибао” сонинд ярьжээ.
Үүнээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүлийг хамгаалах салбарын онц байдал хариуцсан гүйцэтгэх захирал Майкл Райан коронавирусийн тархалтыг зун гэхэд дуусна гэхэд магадлал тун бага, найдах хэрэггүй гэж мэдэгдсэн. “Энэ вирус ханиад шиг зун гэхэд үгүй болно гэдэг худал найдвар. Ийм байгаасай билээ гэж найдаж байгаа ч, ингэвэл ёстой хувь заяаны бэлэг болно. Харамсалтай нь ийм болно гэдэг ямар ч үндэслэл бидэнд алга. Тэгэхээр коронавирустэй одоо л тэмцэх хэрэгтэй, өөрөө аяндаа устана гэж найдах хэрэггүй” гэж Майкл Райан CNBC телевизээр ярьсан байна.
Үүнтэй холбогдуулаад ДЭМБ улс орнуудыг халдварын тархалттай хүчээр тэмцэхийг уриалсан юм. Одоо Орос зэрэг хэд хэдэн оронд коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон зөвлөгөөн дээр Засгийн газрын орлогч Татьяна Голикова эх орны эрдэмтэд шинэ халдварын эсрэг эм бүтээх явцыг түргэтгэхээр ажиллаж байгааг мэдээлсэн. “Бидэнд ийм шинэ төрлийн вакцин бүтээх өөрийн гэсэн график төлөвлөгөө бий. Бид аль болох түргэн энэ эмийг гарган авах ажлыг хурдасгах ямар л боломж байна түүнийг ашиглахыг эрмэлзэж байна” гэж тэр мэдэгдсэн юм.
Новосибирск муж дахь холбооны эрдэм шинжилгээний “Вектор” төвийн мэргэжилтнүүд ийм эм гарган авахын тулд таван чиглэлээр, вакцины 13 хувилбараас сонгон ажиллаж байгааг Т.Голикова хэлсэн. Ийм вакцин гарган авахаар ажиллаж байгаа Хятадын эрдэмтэд зарим хэсгийн клиник туршилтыг дөрөвдүгээр сард эхэлнэ гэж БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооны дэргэдэх Анагаахын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн захирал Жэн Жунвэй хэлсэн байдаг.
АНУ-д COVID-2019 коронавирусийн эсрэг эм бас бэлтгэж байгаа. Шинэ вакцин гарган авах ажил хурдтай, тун сайн урагшилж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг Fox News хэвлэл дамжуулсан. Америкийн эрдэмтэд мөн өөрийн Хятадын түншүүд шигээ дөрөвдүгээр сараас эхлэн шинэ бэлдмэлээ хүн дээр туршаад эхэлнэ гэж АНУ-ын халдварт өвчин, харшлын Үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи телевизийн CNBC сувагт ярьсан байна. Хүрээлэнгийн захирал бас эмээ лабораторийн хулгана дээр турших явцад дархлалын тогтолцоо хариу үйлдэл үзүүлж байсан, ийм болохоор шинэ вакцин коронавирусийн эсрэг амжилттай нөлөөлнө гэж хэлсэн.
Одоо хүрээлэнгийнхэн шинэ вакцинаа хүн дээр туршихын тулд эрх зүй, хэм хэмжээний асуудлаа боловсруулж байгаа гэнэ. Оросын Ивановскийн нэрэмжит вирус судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн энэ бүхнээс үүдээд коронавирусийн эсрэг вакцин зургадугаар сарын сүүлч гэхэд бүрэн бэлэн болно гэж мэдэгдэж байгаа юм.
“Вакцин бүтээхээр бүхий л хөгжилтэй орнууд ажиллаж байгаа ч энэ бол цаг хугацаа шаардсан ажил. Вакциныг аль болох хурдан, ген-инженерийн аргаар бүтээж болно. Энэ бол хоёроос гурван долоо хоног. Гэхдээ хорогдуулж болохгүй дундын зай, хугацаа гэж бий. Мэдээж эмээ хохиролгүйгээр турших ёстой. Тэгэхээр туршилтыг амьтан дээр явуулна” гэж тус хүрээлэнгийн профессор Михаил Щепканов “Известия” сонинд ярьсан байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"