Оросын “Медуза” хэвлэлийн сэтгүүлч Иван Голуновыг биологи, криминалистик, генетикийн шинжилгээний үндсэн дээр зургадугаар сарын 11-ний мягмар гарагт гэрийн хорионоос суллажээ. Ингээд тодорхой зайнаас холдохоос сэргийлэн хөлд нь зүүсэн мэдээлэгч электрон бугуйвчийг тайлж авсан байна. Мөн эрүүгийн хэргийг нь хаасан тухай тогтоолыг мөрдөн байцаагчид И.Голуновт гардуулан өгсөн байна.
“Намайг дэмжсэн бүхэнд баярлалаа, одоо хэвийн байдалдаа ороход минь хугацаа өгөөч. Над шиг ийм байдалд хэн ч бүү ороосой гэж найдаж байна. Та бүхний итгэлийг баталж, хийж байсан ажлаа хийх болно. Эрэн сурвалжлах ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ” гэж И.Голунов хэлжээ.
Хар тамхины тухай эрэн сурвалжилдаг сэтгүүлч И.Голуновыг зургадугаар сарын 7-ны өдөр саатуулсан юм. Саатуулах үед түүний биеэс мефодрон бүхий уут, гэрийг нь нэгжих явцад их хэмжээний хар тамхи олдсон юм. Улмаар түүнийг хар тамхины наймаачид, гэмт хэрэгтнүүдтэй холбоотой, хар тамхи наймаалдаг хэмээн буруутгаж, Москва хотын Никулины шүүх өмгөөлөгчийн нотолгоогоор гэрийн хорионд оруулсан юм. Харин И.Голунов энэ бүхнийг өөрийнхөө мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан буруутгах гэж өгөөш болгон хийсэн ажил, бас саатуулах үедээ хууль сахиулагчид түүнийг зодож, төрөл төрөгсөд, өмгөөлөгчтэй нь холбоо бариулаагүй хэмээн гомдоллосон юм.
Сэтгүүлчийг баривчлах үедээ цагдаагийнхан хууль бус ажиллаж хүч хэрэглэсэн асуудлаар түүний өмгөөлөгч маргааш нь ОХУ-ын Мөрдөн байцаах хороонд өргөдөл гаргажээ.
Сэтгүүлч хар тамхины хэрэгт холбогдсон, түүнийг баривчилсан нь олны дунд дуулиан болж түүнийг анх баривчилсан цагдаагийн ажилтнуудыг ажлаас нь халж, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев Москвагийн Баруун тойргийн Дотоод хэргийн газрын дарга Андрей Пучков, мөн яамны Хар тамхины наймаатай тэмцэх газрын тэргүүн Юрий Девяткин нарыг хариуцлагагүй байдлынх нь төлөө ажлаас нь хална гэж мэдэгдээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн асуудлаарх бүрэн эрхт төлөөлөгч Татьяна Москалькова ч сэтгүүлчийг нэн даруй цагаатгах хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Ингээд зургадугаар сарын 10-нд Оросын бүхий л хэвлэлүүд тэргүүн нүүрэндээ энэ хэргийн тухай бичиж олны анхаарлыг татсан. Хэвлэлүүд ийм байдлаар мэргэжил нэгтэндээ тусалсан. Улмаар маргааш нь нотлох баримт хангалтгүйгээс И.Голуновыг буруутгах үндэслэлгүй байна гэж Дотоод хэргийн сайд В.Колокольцов мэдэгджээ.
Үүгээр ч зогсохгүй сэтгүүлч Голуновын хэрэгтэй холбогдуулан цагдаагийн хоёр ч генералыг ажлаас нь халах тухай саналаа ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Ерөнхийлөгч Владимир Путинд өгснийг Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.