Оросын нийслэл Москва хотын төвийн нэг банкны салбарт гэмт этгээд үйлчлүүлэгчийг барьцаалан барилгыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн хэрэг өнгөрөгч бямба гарагт гарсан байна. Хүргэх үйлчилгээний Delivery Club-ийн хувцастай эрэгтэй банканд халдахад банкны ажилтнууд барилгаас гарч амжсан байна хэмээн хэвлэлүүд мэдээллээ. “Интерфакс” агентлагийн эх сурвалж болохоор хэд хэдэн хүнийг барьцаалсан гэсэн байна. “Зямяномын гудамжинд байдаг арилжааны банканд ороод дэлбэлнэ хэмээн сүрдүүлж, хаалгыг түгжихийг шаардан хэд хэдэн ажилтныг хүчээр саатуулан барьцаалсан” гэж “Интерфакс”-ын эх сурвалж хэлжээ.
Дотоод хэргийн яам болохоор үл мэдэгдэх этгээд банканд ороод барилгыг минижүүлсэн гэсэн байна. Гэмт этгээд хүнс хүргэгчийн цүнхтэй байсан гэнэ. Хууль хяналтын байгууллагын эх сурвалж РБК хэвлэлд болохоор “Альфа-банк”-ны салбарт одоо гэмт этгээдээс гадна банкны нэг үйлчлүүлэгч л байгаа гэж байжээ. Гэтэл РИА новости агентлаг болохоор барьцаанд зургаан хүн байгаа гэж байна.“Альфа-банк”-ны мэдээлэл холбоо, маркетингийн захирал Алексей Гиязов РБК хэвлэлд банкны ажилтнууд барилгаас гарсан гэмт этгээд дотор нь хамаг хаалгыг нь түгжээд байж байгаа, ямар шаардлага тавьж байгаа нь тодорхойгүй гэсэн байна.
Хууль хяналтын байгууллагын 02 утсанд Москвагийн төв дэх “Альфа-банк”-ны салбарт гэмт этгээд орж хэд хэдэн хүнийг барьцааллаа гэсэн мэдээлэл ирсний дагуу нийслэлийн цагдаагийн газар шалгаж байна гэж ТАСС агентлагт эх сурвалж мэдээлжээ. Түүний хэлснээр хэргийн газарт цагдаагийнхан, Росгвардийн тусгай хүчнийхэн очоод мэдээллийг шалгаж эхэлсэн гэнэ.
Baza хэвлэл харин хүргэх үйлчилгээний Delivery Club хувцас өмсч, үүргэвч үүрсэн эрэгтэй банканд орж ирээд хүмүүсийн бүх утсыг хураан авсан, тэрээр биедээ бөмбөгтэй бололтой гартаа товчлуур барьсан байсан гэж нүдээр үзсэн хүн хэлснийг дамжуулжээ. “Одоогоор бидэнд хууль хяналтын байгууллагаас хандаагүй байна. Банканд болсон хэрэгт манай ажилтан оролцсон гэх баталгаа бидэнд байхгүй” гэж хүргэх үйлчилгээний Delivery Club компанийн хэвлэлийн алба РБК агентлагт мэдээлсэн байна.
Одоо хууль сахиулах байгууллагын ажилтнууд барьцаалагч гэмт этгээдтэй хэлэлцээр хийж байна гэж “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна. Банкны ажилтан 20 настай эмэгтэй банканд гэмт этгээд хүн барьцааллаа гэж мэдээлсэн хэмээн Mash Telegram-канал мэдээлжээ. Сүүлд нь банканд дайран орж хүн барьцаалсан гэмт этгээдийг хууль сахиулагчид баривчлан саатууллаа гэж цагдаагийн төлөөлөгч РИА Новости агентлагт мэдэгджээ. “Ажиллагааны үеэр хэн ч өртөж гэмтэж бэртсэнгүй, бүх зүйл дууслаа. Гэмт этгээд бол минийхээр зүгээр л эрүүл биш хүн, ёстой тохиолдлын л хэрэг. Одоо хуулийн байгууллагад аваачаад байна” гэж “Альфа-банк”-ны мэдээлэл холбоо, маркетингийн захирал Алексей Ниязов РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэлжээ.
Гэмт этгээд нь Нижневартовскийн харьяат Алексей Барышников гэгч өөрийн барьцаалсан ганц хүндээ саяхан салсан бүсгүйнхээ анхаарлыг татахын тулд ийм хэрэг өдүүлсэн гэж ярьсныг 360tv.ru мэдээлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН