ОХУ-ын Чувашийн тэргүүн байгаад ажлаасаа халагдсан Михаил Игнатьев өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад үүрэгт ажлаас нь халсан Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг хууль бус хэмээн заргалдаж байна. Игнатьев өргөдлөө ОХУ-ын Дээд шүүхэд тавдугаар сарын 20-ноор огноолон өгчээ. Түүний өргөдлийг шүүгч Вячеслав Кириллов хянаж үзээд зургадугаар сарын 30-нд шүүх хурал хийхээр товлосон байна. Шүүгч В.Кириллов Чебоксарын прокурорын газарт ажиллаж байгаад 2003-2007 онд Чувашийн Дээд шүүхэд ажиллаж байсан юм байна.
Чувашийн тэргүүн М.Игнатьевыг итгэл алдсан хэмээн энэ 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр огцруулсан юм байна. Ноён М.Игнатьев Онцгой байдлын нэгэн ажилтныг гал унтраах шинэ машины түлхүүрээр цохиж байгаа дүрс бичлэг нь интернэтээр цацагдаж дуулиан тарьсан нь олны дургүйцлийг төрүүлснээс үүдэн түүнийг ажлаас нь ийн чөлөөлжээ. Одоо Чувашийн тэргүүний үүргийг Олег Николаев түр гүйцэтгэж буй, сонгууль есдүгээр сарын 13-нд болох юм.
Үүний өмнө сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, Авлигатай тэмцэх сан хамтраад энэ байгууллага болон түүний гишүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль бус үйлдэл хэмээн Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг мөн шүүхэд өгч байсан юм.
В.Путиныг хэзээ хэн хэн шүүхэд өгч байсан бэ
2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд сөрөг хүчний улстөрч Борис Немцов, Владимир Милов, Владимир Рыжков нар тухайн үед Ерөнхий сайд байсан Владимир Путин болон Бүх холбоотын радио телевизийн компанийг нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгч нэг сая рубль нэхэмжилж байлаа. Ерөнхий сайд шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа улстөрчдийн талаар “90-ээд онд тархиа гэмтээсэн”, “тэжээлээс хөөгдөж хоцорсон” гээд хэлчихсэн юм байна. В.Путины өмгөөлөгч Ерөнхий сайд хэн нэгэн тодорхой хүнийг нэр зааж хэлээгүй, “тодорхойгүй улс төрийн хүрээнийхнийг” хэлсэн гэснээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.
2013 оны зургадугаар сарын 3-нд Орск хотын иргэн Михаил Прокофьев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийг биелүүлээгүй хэмээн Лениний районы шүүхэд өгч байжээ. Шүүх мөн “Ерөнхийлөгч бол иргэний өргөдлийг шийдвэрлэх бүрэн эрхт хүн биш” хэмээн хэрэг үүсгээгүй байна.
2016 оны хоёрдугаар сарын 11-нд сөрөг чхүний зүтгэлтэн Алексей Навальный мөн Владимир Путины эсрэг нэхэмжлэл гаргаж Тверийн районы шүүхэд өгсөн. А.Навальный Ерөнхийлөгчийг Үндэсний халамжийн сангаас 1.75 тэрбум ам.доллар гаргаж СИБУРа “Запсибнефтехим” төсөлд өгсөн нь “Авлигын эсрэг” хууль зөрчсөн үйлдэл гэж буруутгажээ. Тэр СИБУРа-гийнх нь хөрөнгө эзэмшигч Кирилл Шамалов нь Ерөнхийлөгч В.Путины хүргэн болохооор энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж нэхэмжлэгчид үзсэн байна. Шүүх мөн л Ерөнхийлөгчийн халдашгүй байдалтай холбогдуулан хэргийг хэлэлцэхээс татгалзсан байна.
2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд мөн Алексей Навальный сөрөг хүчний жагсаал хийхийг зөвшөөрөөгүй хэмээн Владимир Путиныг Тверийн районы шүүхэд өгч байлаа. Арваннэгдүгээр сарын 8-нд шүүх “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээнд шийдэх боломжгүй” гэж мэдэгдээд гомдол нэхэмжлэлийн агуулга нь болон ямар байдлаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хохирсон нь тодорхойгүй байна гэжээ.
Балаков хотын иргэн 85 настай Николай Суворов 2016 оны дөрөвдүгээр сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцруулахаар Саратов мужийн Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Иргэн Н.Суворов төрийн тэргүүнийг “ард түмнийг ядууруулсан” гээд В.Путин бол “олигархиудын найз нөхөр” гэж буруутгасан байна. Шүүх тэр өдөр нь л энэ бол “Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд садаа болохгүй”, Ерөнхийлөгч бол бүрэн эрхтэй учраас түүнийг хариуцлагад татах ёсгүй гэсэн хариу гаргажээ.
Казанийн хөгжимчин, шоумен Олег Лихачев 2019 оны хоёрдугаар сарын 11-нд мөн Тверийн районы шүүхэд Ерөнхийлөгч Владимир Путиныг “ялзарсан өмчийн тогцтолцоо” бий болгосон гэж буруутгаад төрийн тэргүүнээс эд материалын болон ёс суртахууны хохирол учруулсны төлбөр нэхэмжилжээ. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Оросын Ерөнхийлөгчийг хариуцлагад татах боломжгүй гэсэн хариу өгчээ хэмээн www.kommersant.ru/ хэвлэлд бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН