БНАСАУ Кэсон хот дахь Солонгос хоорондын албан байрыг дэлбэлж буулгасан байна. Умард Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлж байгаагаар энэ арга хэмжээ нь Өмнөд Солонгосын зүгээс БНАСАУ-ын нутаг дэвсгэрт ухуулах хуудас цацсаар байгаагийн хариу гэнэ. Энэ нь хоёр Солонгос хоорондын харилцааг улам муутгаж хурцатгах бодит шалтгаан боллоо гэж шинжээчид бичиж байна. Кэсон хот дахь Солонгос хоорондын албан байраа БНАСАУ дэлбэлсэн талаар “Зургадугаар сарын 16-ны 14:50 цагт Өмнөд болон Умард Солонгосын хамтарсан албан байранд хүчтэй дэлбэрэлт болж эвдэрлээ” гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлэлд “Ард түмний хилэнт шаардлагын дагуу хатуу шийтгэл ногдуулахын тулд” ийм хариу барьж байна гэж дурдсан байна. Энэ албан байрыг ийн буулгасан нь долоо хоногийн өмнө тасалсан Умард, Өмнөдийн хоорондох холбоо бүрмөсөн тасарч байгаа юм. “Кэсон дэх солонгос хоорондын албан байрыг бүрэн устгах арга хэмжээг Дайсантай тэмцэх хэлтэс авлаа” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна.
Мөн энэ арга хэмжээ бол Өмнөд Солонгосын идэвхтнүүдээс БНАСАУ-ын нутаг руу агаарын бөмбөлгөөр Засгийн газрын эсрэг хэдэн зуун мянган ухуулах хуудас тарааж байгаагийн хариу гэж онцолжээ. Умард, Өмнөд Солонгосын харилцааны хамтарсан албан байрыг хоёр орны тэргүүнүүд хилийн Панмунжом сууринд 2018 оны дөрөвдүгээр сард хэлэлцэн тохирсноор энэ алба 19 сар л ажилласан юм. Энэ алба 2007 онд барьсан дөрвөн давхар барилгад байрладаг. Солонгосын хөдөлмөрийн намын хэлтсийн орлогч эрхлэгч, удирдагч Ким Чен Уны эгч Ким Ё Жон Солонгос хоорондын хамтарсан байрыг тун удахгүй “Ул мөргүй болтол нураана” гэж ил тод мэдэгдэж байсан юм.
Үүнтэй хамт Солонгосын ардын армийн Жанжин штаб зургадугаар сарын 16-нд хилийн цэрэггүй бүсэд цэргийн салаа оруулж магадгүй гэдгээ бас мэдээлсэн. Рёнхап агентлагийн цэргийнхнээс авсан мэдээллээр бол тэд цэргээ аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа Кэсон хот, Кымгансан ууланд оруулах тухай байж магадгүй байна.
Солонгос хоорондын албан байрыг дэлбэлсэнд Сөүл харамсч байна
БНАСАУ-ын эрх баригчид Кэсон дэх Солонгос хоорондын албан байрыг дэлбэлж буулгасанд харамсч байгаагаа Өмнөд Солонгос илэрхийлсэн байна. Сөүлд мягмар гарагт болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааны дүнгийн талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг дахиргааны төлөөлөгч хэвлэлийнхэнд зориулж хийлгэсэн мэдээлэл хийхдээ ингэж мэдэгджээ. “Ийм шийдвэр гаргасанд нь гүнээ харамсч байгаагаа илэрхийлье” гэж тэр тэмдэглээд үүнээс гарах үр дагаврын хариуцлагыг БНАСАУ-ын удирдлага хүлээнэ гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ :"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН