Шинэчлэн найруулж бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсан ОХУ-ын Үндсэн хууль долдугаар сарын 4-ний бямба гаргаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үндсэн хуулийг үйлчилж эхэлсэн тухай Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны сайтад нийтэлсэн байна. Одоо шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан 80-90 хуульд өөрчлөлт, шинэ хууль гаргах шаардлагатай гэж Төрийн Думын төрийн байгуулал, Хууль зүйн байнгын хорооны дарга Павел Крашенинников хэлсэн байна.
ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга Орост зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-нд болж сонгуулийн насны нийт иргэдийн 77.92 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж санал өгсөн байна. Ганцхан Ненецийн автономит тойргийн сонгогчдын 55.25 хувь нь нэмэлт өөрчлөлтийн эсрэг санал өгчээ.
Энэ санал асуулгын дүнг Кремль “Ерөнхийлөгч Владимир Путинд ард түмэн итгэл үзүүлж байгаа явдал” гэж үзэж байна.
Барууны шинжээчид: Орос Үндсэн хуулиа бүдүүлгээр зөрчиж байна
Харин барууны шинжээч, хуульчид Орос Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь Үндсэн хуулиа бүдүүлгээр зөрчиж байгаа явдал гэж үзэж байна. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах В.Путины саналыг та юу гэж бодож байна, үүнд хэн хэн оролцсон бэ гэсэн асуултыг DW хэвлэл шинжээчдээс асуужээ.
ОХУ-ын Үндсэн хууль Олон улсын эрхзүйгээс дээгүүр гарч байна уу
Хамбургийн их сургуулийн доцент, 1993 онд Дорнод Европын орнуудад Үндсэн хуулийн шинэчлэл хийхэд гол зөвлөхийн нэг байсан Отто Лухтенхандт төдийгүй өөр олон шинжээч ОХУ-ын Үндсэн хууль энэ нэмэлт өөрчлөлтөөрөө олон улсын эрхзүйн дээр гарах гэсэн оролдлогоо хүчтэй болголоо гэж үзэж байна.
Орос бүр 2015 оноос Европын хүний эрхийн шүүхийн болон олон улсын бусад шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хязгаар тавьж эхэлсэн нь үргэлжилж байна гэлээ. Шинжээч тэгэхээр Орос одоо Европын хүний эрхийн шүүхэд шударга ёс тогтооход улам л хэцүү болно гэж байгаа юм. “Энэ нь Оросын эсрэг шүүхэд гомдол гаргасан оросын жирийн иргэдэд хамаатай гэж би бодохгүй байна. Өмнөх туршлагаас харахад Кремль үүний өмнө Ходорковский, Навальный болон бусад хүмүүсийн улс төрийн сөрөг хүчний заргаас айж байна. Ийм тохиолдолд Олон улсын шүүхээс гаргаж байгаа таагүй шийдвэр нь Оросын Үндсэн хуульд харш гээд авч хэлэлцэхгүй болж байна гэсэн үг” гэжээ.
Кельны их сургууль дахь Дорнод Европын эрхийн хүрээлэнгийн профессор Каролина фон Галь энэ тухайд В.Путины Үндсэн хуульд оруулж байгаа хүний эрхийн энэ санал нь “цэвэр бэлгэ тэмдгийн чанартай” зүйл гээд ийм нөхцөлд уг нь Оросын Үндсэн хуулийн шүүхийн үүрэг улам нэмэгдэж байгаа ч гэхдээ тэр хэзээнээсээ Кремльд чин үнэнч байсаар ирсэн. Тухайлбал Крымыг өөртөө хавсаргасан явдлыг хүлээн зөвшөөрч, ЮКОС-ын хэргээр олон улсын шүүхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэх зэргээр Кремльд л үйлчилж ирсэн шүү дээ гэжээ. Олон улсын шүүх тэгэхэд ЮКОС нь хувьцаа эзэмшигчиддээ 1.9 тэрбум еврогийн нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж байсан юм.
Италийн Вероны их сургуулийн харьцуулсан Үндсэн хуулийн эрхийн профессор Франческо Палермо үндэсний эрхээ олон улсын эрхзүйгээс дээгүүр тавих нь Европын хувьд “маш таагүй” зүйл гээд “Зарчмын хувьд гол агуулга нь Европын хүний эрхийн шүүхтэй хамтын ажиллагаагаа багасгахад биш, харин Оросын эрх баригчид өөрсдийгөө Европын хүний эрхийн шүүхийн шийдвэр бүрийг эсэргүүцэж, өөрсдөө түүнийг няцааж, хэрэгжүүлэхгүй байх бүрэн эрхтэй болгож байгаад л оршиж байна” гэжээ.
Нэмэлт өөрчлөлт нь яагаад Үндсэн хуулийг бататгаж байна
ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь В.Путин улс төрийн систем дэх өөрийнхөө байр суурийг улам бэхжүүлж байгаа явдал гэж Отто Лухтерхандт үзэж байна. “Өнгөрсөн 20 жил засаглалд байсан В.Путин улс төрийн системийг өөртөө зохицуулж өөрчилж байна. Орост өнөөдөр Үндсэн хуулийн байгууллагууд, Үндсэн хуулийн шүүх маш их суларсан. Парламент, холбооны субъектууд гээд байгууллагууд бол Орост зүгээр л нэг халхавч, өнгөц гоёл, яг үнэндээ ард нь В.Путины нь засаглал л байдаг” гэж Отто хэлжээ.
Шинжээчийнхээр бол В.Путины Ерөнхийлөгчийн хугацаа дуусах цагт “Үндсэн хуулийн байгууллагуудыг илүү бэхжүүлэх хэрэгтэй байсан юм” гэжээ.
Харамсалтай нь одоо ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөөлдөр болох өдрөөс эхлэн В.Путины төрийн тэргүүн, Ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг хүчингүй болгон тооцож байгаа юм. Хатагтай Каролине фон Галь харин В.Путины нэгэнтээ “Үндсэн хуулийн гол ач холбогдол нь хууль ёсны эх сурвалж” гэсэн үгийг иш татаад оросын өнөөгийн Ерөнхийлөгч засаглал дахь эрх мэдлээ хадгалахын тулд ямар өөрчлөлт хэрэгтэй вэ гэсэн бүхий л боломжийг ашиглаж байна гэсэн байна.