АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөө сонгуульд өрсөлдөнө гэдгээ америкийн нэрт рэп-дуучин Канье Уэст Twitter хуудсаараа дахин илэрхийлсэн байна. “Одоо бид бурханд итгэж, үзэл бодлоо нэгтгэн алсын ирээдүйгээ цогцлоох Америкийн мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой” гэж тэрээр мэдэгджээ. Хөгжимчин сонгуулийн кампанид яг хэдэн онд оролцох гэж байгаагаа тодорхой хэлээгүй ч “2020 оны хараа” гэсэн хэштег оруулсан байна. Гэхдээ энэ онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа хэдийнээ өнгөрчихөөд байгаа юм.
Канье Уэст ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө нэг бус удаа ярьж байгаа юм. Forbes сэтгүүлд бичсэнээр бол Канье Уэст 2015 онд MTV Video Music Awards-ын шагнал гардаж авч байхдаа бас ингэж мэдэгдэж байжээ. Үүнээс хойш гурван жилийн дараа Чикагогийн Power 92.3 FM радиогоор ярьж байхдаа мөн энэ тухай дурсч “Тийм ээ ийм явдал 100 хувь баталгаатай болно. Энэ бол 2024 он” гэж байж.
Уэст өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж байгаагаа 2016 онд илэрхийлж байсан ч цаг хугацаа өнгөрөх тутам бодлоо өөрчилж байгаа юм хэмээн Forbes сэтгүүлд бичиж байна. Канье Уэстийг тэрбумтан боллоо хэмээн Forbes өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлахдаа түүний хөрөнгийг 1.3 тэрбум ам.доллар гэжээ. Харин хөгжимчин өөрөө болохоор хөрөнгөө гурван тэрбум давсан гэж байгаа юм.