Оросын зэвсэгт хүчнээр дэмжүүлсэн Сирийн засгийн газрын цэрэг Идлиб мужийн иргэний байгууламжуудад удаа дараа цохилт өгч байгааг цэргийн гэмт хэрэг гэж үзэж болно гэж Сирид 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны зургадугаар сар хүртэл болж байгаа байлдааны ажиллагаа сөргөлдөөнийг мөрдөн шалгах Олон улсын комиссын тайланд дурдсан байна.
Долдугаар сарын 7-нд нийтэлсэн нийт 27 хуудас бүхий энэ тайланд сири, оросын зэвсэгт хүчний зүгээс хүүхдийн цэцэрлэг, сургууль, худалдааны захуудад хийсэн ийм дайралт, цохилтын улмаас Идлиб мужийн бараг нэг сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн гэжээ.
Комиссынхон хамтарсан хүчнийхэн нутгийн тал талаас хийж энгийн номхон олон арван хүний аминд хүрч, иргэний байгууламжуудыг сүйрүүлсэн 52 ийм довтолгоог бүртгэж тоолсон байна. Энэ дотор эмнэлэг, эмнэлгийн байгууламжууд руу дайрсан 17, сургуульд халдсан 14, зах худалдааны төв рүү ес, орон сууц бусад байгууламж руу 12 удаа дайрсан гэж тоолжээ. “Идлиб болон Алеппогийн баруун хэсгийг эргүүлэн авах зорилготой цэргийн ажиллагааныхаа үеэр сирийн засгийн газрын цэрэг нь оросын агаар сансрын хүчинтэй хамтраад агаараас болон газраар дайрч, иргэний байгууламжуудыг сүйтгэн, хот тосгодыг эзэнгүйдүүлж, сирийн хэдэн зуун хүүхэд, эрэгтэй эмэгтэй хүний амь насыг бүрэлгэсэн” гэж тайланд дурдсан байна.
Баримт бичигт бичсэнээр бол хамтарсан цэргийн хүч шуурган галын хэрэгсэл ч ашигласан гэжээ. “Харуул хамгаалалттай, товлосон байгууламж биш, дайрах объектоо сонголгүйгээр бөөнөөр устгах, шуурган галын ийм зэвсэг ашиглан дайрсан нь цэргийн гэмт хэрэгт тооцогдоно” гэж энд онцолсон байна. Үүнээс гадна террорист байгууллага, алан хядагчид энгийн иргэдийг баривчилж тамлан зовоон, цаазалж, орон гэрийг нь тонон дээрэмдэж байгаад комиссынхон анхаарал хандуулжээ. Дээрэмчид хүн ам олноор суурьшсан газар луу хамаагүй гал нээж, энгийн ард иргэдийн эсрэг хядлага үйлдэж байна гэж тайланд бичсэн байна.
Эцэст нь Олон улсын комисс Сири дэх сөргөлдөгч талуудад иргэний байгууламж, энгийн номхон ард иргэд рүү дайрахаа зогсоохыг уриалаад НҮБ-ын гишүүн орнуудад хандаж энэ тайланд дурдсан гэмт хэрэгт хариуцлага тооцохыг уриалжээ.