Америкийн Frontier Communications компани дэлхийн 100 гаруй улс орны үзэгчдийн дунд явуулсан судалгааныхаа дүнд 1990-ээд оны үед хүн бүхний сэтгэлд хүрсэн хамгийн алдартай киног тодруулан нэрлэсэн байна. Судалгааны дүнгээс үзэхэд Армени, Литваас эхлээд Того, Балба гээд 22 орны иргэд Роберт Земекисийн “Форрест Гамп” киног эн тэргүүнээ гайхамшигтай кино гэж нэрлэжээ. Хоёрдугаарт Украин, Гүрж, Латви, Танзани, Гана зэрэг 20-иод орны үзэгчид “Гэртээ ганцаараа” хүүхдийн киног нэрлэсэн байна.
Гуравдугаар байрт Исланд, Мозамбик зэрэг 16 орны иргэн “Юрийн галавын цэцэрлэг” киног тун гайхамшигтай кино гэж дурджээ.
Энэ жагсаалт цааш нь Деми Мурын тоглосон “Хий үзэгдэл”-ийг 12 орны, “Титаник”-ийг 11 орны, “Хар хувцастай хүмүүс”-ийг найм, “Араатны хаан арслан”-г долоо, “Аладдин”-ыг гурван орны үзэгчид 1990-ээд оны шилдэг кино гэж нэрлэсэн байна. “Хоёр дахь Терминатор”-ыг японы үзэгчид шилдэг гэсэн бол “Армегеддон”-ыг Шинэ Зеландын үзэгчид шилдэг гэжээ.