Манай гараг дээр коронавирусээр өвчилсөн хүний тоо 14.04 саяд хүрлээ гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээллээ. "COVID-19"-ийн улмаас нас барсан хүн 600 мянгад хүрсэн бол Энэтхэг улсад халдвар авсан хүний тоо нэг саяд хүрчээ. Нэг хоногт коронавирусийн халдвараар хамгийн их буюу 237 мянган хүн өвчиллөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэж авсан байна.
Өвчний халдвар авсан хүний тоо зургадугаар сарын 28-нд 10 сая байсан бол долдугаар сарын 4-нд 11, долдугаар сарын 9-нд 12, долдугаар сарын 14-нд 13 саяыг давсан гэнэ.
Өнөөдрийн байдлаар АНУ-д 3.6, Бразилд 2.1, Энэтхэгт 1.0 сая, Орост 758 мянга, Перуд 346 мянган хүн коронавирусын халдвар аваад байгаагаараа дэлхийд тэргүүлж байна.
Дэлхий даяар коронавирусийн халдвараар 601 мянган хүн нас бараад байгаа бол АНУ-д 139, Бразилд 78, Их Британид 45, Мексикт 38, Италид 35 мянган хүн нас бараад байгаа юм.
Хамгийн сүүлд нэг хоногт 237 мянган хүн коронавирусийн халдвараар өвчилж 5600 хүн нас барсан нь дээд хэмжээ боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэжээ. Долдугаар сар гараад ийм хэд хэдэн удаагийн дээд хэмжээ гарсныг ДЭМБ тэмдэглэж байна.