АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн магадлалтай, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуульд Орос болон бусад улсуудын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөхийг тэвчихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүний энэ мэдэгдлийг Medium сайтад нийтэлжээ.
“Би Кремль болон бусад улс орны засгийн газруудад урьдчилан анхааруулж байна. Хэрвээ намайг Ерөнхийлөгчөөр сонговол би манай сонгуульд гадаад улс орнуудын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөхийг АНУ болоод тэр улс орны харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэх дайсагнасан ажиллагаа гэж үзэх болно” гэж Байден тэмдэглэжээ. Түүнийхээр бол америкийн сонгуульд гадны улс орон хөндлөнгөөс нөлөөлөх юм бол Ерөнхийлөгчийн засаг захиргаа арга хэмжээ авах гэнэ. Энэ нь санхүүгийн салбарт нь хориг тавих, хувьцаа хөрөнгийг нь царцаах, кибер орон зайд хариу үзүүлэх, авлигыг илчлэх зэрэг арга хэмжээг буруутай үйлдэлд нь тохируулан хэрэглэж байх болно гэжээ.
Байден бас ерөнхийлөгчийн сонгуульд гадны улс орнууд хөндлөнгөөс нөлөөлөх аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Дональд Трампыг ялсны дараа америкийн тусгай алба Оросыг сонгуулийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж буруутгасан юм. Энэ хэргийг америкийн тусгай прокурор Роберт Мюллер 2016 онооос эхлэн шалгаж 2019 оны дөрөвдүгээр сард тайлангаа тавьсан. Энэ илтгэлээр бол Трампын сонгуулийн штаб Москватай ямар нэгэн яриа хэлэлцээ хийгээгүй, харин Орос өөрөө сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэнэ. Москва үүнийг нэг бус удаа няцаасан юм.