Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси саяхан Ливийн сөргөлдөөнд Каир хөндлөнгөөс оролцож магадгүй гэж мэдэгдсэний дараа тус улсын парламент цэргээ өөрийн нутаг дэвсгэрээс гадна байлдааны үүрэг гүйцэтгэж болно гэсэн тогтоолыг санал нэгтэй баталлаа гэж Al Jazeera телевиз мэдээлсэн байна.
Парламентын мэдэгдэлд цэргийн ийм ажиллагаа нь Египетийн үндэсний аюулгүй байдлыг “гадаадын террористууд, зэвсэгт бүлэглэлүүдээс хамгаалах хамгаалалт” болно гэж тэмдэглжээ. Цэргээ “баруун фронтод” илгээнэ гэсэн нь Ливийг хэлж байна гэж Al Jazeera онцолсон байна.
Reuters агентлагийн мэдээлснээр бол ийм шийдвэр гаргахаас өмнөхөн Ас-Сиси АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж Ливид гал зогсоох, нөхцөл байдлыг улам хурцдахаас сэргийлэх талаар ярилцсан юм байна.
Ливийн сөргөлдөөнд Каир хөндлөнгөөс оролцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж Ас-Сиси өнгөрөгч зургадугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм. Түүнийхээр бол ингэж оролцох нь Египет өөрийнхөө хилийг зэвсэгт бүлэглэлүүдээс хамгаалах, Ливид болж байгаа цус урсгасан сөргөлдөөнийг эцэс болгох, улмаас НҮБ-ын хяналт дор Ливид улс төрийн үйл явц эхлүүлэхэд дэмжлэг болно гэнэ.
Египетийн ерөнхийлөгч бас Ливийн үндэсний армийн хяналтад байгаа Эль-Жуфра муж, Сирт хотыг Ливийн үндэсний зөвшлийн засгийн газрын хүчинд өгөхгүй гэдгээ амласан байна. Түүүнийхээр бол энэ муж хот нь Египет рүү нэвтрүүлэхгүй байх улаан шугам гэнэ.
Ливид фельдмаршал Халиф Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний арми, НҮБ-ын хүлээн зөвшөөрч байгаа Фаиз Саражийн тэргүүлдэг үндэсний зөвшлийн засгийн газрын хооронд 2011 оноос хойш сөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Нийслэл Триполийг Үндэсний зөвшлийн засгийн газар хянаж байгаа ч 2019 оноос Хафтарын хүчин нийслэлийг эзлэхийг оролдсоор байгаа юм. Египет болохоор Хафтарын талыг дэмжиж байгаа бол Турк улс Үндэсний зөвшлийн засгийн газрыг дэмжиж байгаа. Турк улс Триполи руу материал техникийн тусламж, цэргийн мэргэжилтнүүдээ явуулаад байна.
Ливийн үндэсний армитай хамтран ажилладаг парламент энэ долдугаар сарын 14-нд Турк улс хөндлөнгөөс оролцож байна гэж мэдэгдээд хоёр орны аюулгүй байдалд аюул заналхийлж байна гэж үзвэл Египетийг энэ сөргөлдөөнд оролцохыг зөвшөөрсөн юм.
Турк улс харин Халиф Хафтарын армийг оросын хөлсний цэргүүд дэмжиж байна гэж мэдэгдсэн ч Москва үүнийг няцааж байгаа. Хоёрдугаар сард Кремль бас Ерөнхийлөгч Владимир Путин ливи рүү цэрэг илгээгээгүй, ямар ч тушаал гаргаагүй гэж мэдэгдсэн юм.