Коронавирус нь найман метрийн зайд тархан, халдварлах чадвартай болохыг Германы эрдэмтэд тогтоолоо гэж Гельмгольцийн нэрэмжит Халдварт өвчин судлалын төвөөс (HZI) хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Тус төвийнхөн Ханбург-Эппендорфын их сургуулийн клиник, Лейбницийн нэрэмжит вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарсан судалгааныхаа явцад тус улсын Реда-Виденбрюк дэх германдаа томд ордог мах боловсруулах комплекст энэ оны тавдугаар сард коронавирусын халдвар тархсан нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байна. Эндээс үзэхэд Toennies концерны бүрэлдхүүнд ордог мах комбинатад ажиллагсдын дунд коронавирус тархах үед вирус найман метрийн радиуст байсан хүмүүст халдварласан байжээ. Үүний зэрэгцээ вирус бод малын нядалгааны хэсэгт илүү тархаж, агаарын хэм цельсийн 10 градус хүртэлх хэмд тэсвэртэй байсан гэнэ.
“Бидний судалгааны дүнгээс бага температуртай, цэвэр агаар хангалтгүй, байнга агааржуулагчаар үлээдэг, хүмүүс хүнд хөдөлмөр эрхэлдэг тийм газарт коронавирус илүү тархах чадвартай нь харагдлаа” гэж судалгааны хэсгийн ахлагч профессор Адам Грундхофф мэдээлжээ. Түүнийхээр бол вирус тархах гол хүчин зүйлимйн тоонд мах болон загас боловсруулах үйлдвэр орж байгаа юм байна. “Ийм нөхцөлд 1.5-3 метр зайнд халдвараас урьдчилан сэргийлэх ямар ч аргагүй” гэжээ.
“Бид судалгаагаараа коронавирус ажлын байранд тархахад ямар хүчин зүйл нөлөөлж, хэдий зайнд халдварлаж болохыг тогтоохыг эрмэлзсэн” гэж HZI төвийн судалгааны хэсгийн ахлагч Мелани Бринкман тэмдэглэжээ. Одоо бас нэг асуулт бол вирус амьдралын бусад хүрээ, ажлын өөр байранд ямар нөхцөлд ямар зайнаас хэрхэн халдварлаж байгааг тодруулах юм байна.
Германы Реда-Виденбрюк хотын мах боловсруулах үйлдвэрт 1500 хүн коронавирусын халдвараар өвчилсний дараа баруун нутгийн Гютерсло, Варендорф мужуудад зургадугаар сарын 23-наас хөл хорио тогтоосон юм. Энэ хөл хориогоор олон нийтийн арга хэмжээг хориглож, кино театр, музей, үзэсгэлэн, галарей, спорт заал, дурсгалын цогцолбор зэргийг хаасан юм. Зоогийн газруудад зөвхөн гэр бүлээрээ л орохыг зөвшөөрчээ.
Энэ сарын 25-нд Германы Роберт Кохын хүрээлэн ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас авч мэдээлснээр бол Германд сүүлийн нэг хоногт 781 хүн коронавирусээр өвчилж, долоон хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар Германд нийт 204 964 хүн коронавирусээр өвчилж 9118 хүн нас бараад байгаа юм.