Японы Осака хотноо болсон “Их -20”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр уулзсан үр дүнгийн талаар Цагаан ордон мэдээлсэн байна. Хоёр орны тэргүүний уулзалт цаг хагас үргэлжилж тэд Иран болон Украины сэдвээр ярилцжээ.
Уулзалтын үеэр Дональд Трамп, Владимир Путин нар хоёр орны болон дэлхий дахины ашиг сонирхлын үүднээс Орос, АНУ-ын харилцааг сайжруулах асуудлаар тохиролцсон гэж Цагаан ордны албан ёсны Twitter хуудас мэдээлжээ. Төрийн тэргүүнүүд уулзалтынхаа үеэр Иран, Сири, Венесуэль, Украины эргэн тойрны асуудлыг бас хэлэлцжээ.
Хэлэлцээрийн өөр бас нэг сэдэв нь зэвсэглэлд хяналт тавих асуудал байв. В.Путин, Д.Трамп хоёр энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцсон байна. АНУ бас энэ сэдвээр дараа дараагийн хэлэлцээрт Хятадыг оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Д.Трамп, В.Путин хоёрын яриа хэлэлцээрт АНУ-ын талаас Америкийн Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон, Сангийн сайд Стив Мнучин нар байсан бол ОХУ-ын талаас В.Путины туслах Юрий Ушаков, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Сангийн сайд Антон Силуанов нар байлцжээ.
Д.Трамп, В.Путин хоёр өнгөрсөн 2018 оны долдугаар сард Финляндад уулзсанаасаа хойш анх удаагаа нүүр тулж ярилцаж байгаа нь энэ. Уулзалтын эхэнд Америкийн тэргүүн Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч В.Путинтай ярилцах нь нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Бидэнд худалдаа, зэвсэглэл гээд ярианы сэдэв мундахгүй их байна” гэж хэлсэн байна.
Д.Трамп сонгуульд нөлөөлөхгүй байхыг В.Путинээс хүсч хошигножээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт эхлэх үеэр Владимир Путиныг хуруугаар зангаж “Сонгуульд хөндлөнгөөс битгий нөлөөлөөрэй” гэж хошигносныг CNN дамжуулжээ.
Ийм байдлаар Америкийн тэргүүн Москваг АНУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг шаардана гэдгээ хэвлэлийнхний анхааралд сонордуулсан байна.
Д.Трамп бас В.Путинтай “сайн, маш сайн харирлцаатай” гээд “эндээс маш олон сайн зүйл” гарна гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч өнгөрөгч зургадугаар сарын эхээр Москва, Вашингтоны харилцаа “Шулмын хорлолоос” болон, 2016 оны Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон эсэх асуудлаар тусгай прокурор Роберт Мюллерийн мөрдөн шалгалтаас болоод сэвтсэн гэж мэдэгдэж байсан юм.
Р.Мюллерийн мөрдөн шалгах ажил бараг хоёр жил үргэлжилсэн юм. Энэ бүхний дүнд Д.Трампын сонгуулийн штабаас Москватай ямар нэг яриа хэлэлцээр хийсэн баримт олдоогүй боловч, Орос энэ сонгуульд нөлөөлсөн оролдлогууд нь батлагдсан байна. Харин В.Путин болохоор Р.Мюллерийн багийн дүгнэлтийг санаанаасаа зохиосон зүйл гээд “Орос улс АНУ-ын ямар ч сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөөгүй” гэж мэдэгдсэн юм.