Улс төр, эдийн засаг хямарч, газар газарт амьдрал сайн муу янз бүр байвч хүн гэдэг баярлаж, хөгжилдөхөө мартдаггүй. Үүнийг манай гаргийн өнцөг булан бүрт улс үндэстэн бүрийн тэмдэглэдэг баяр, наадам гэрчилнэ. Монголчууд дэлхий даяар бядан явдаг болсон өнөө цагт эцэг өвгөдийн “мянга сонсохоос нэг үз” гэдгийг санан очоод үзэхэд, оролцоход гэмгүй, дэлхий даяар зар цуу нь түгж, газар газрын жуулчид зорин очдог хамгийн сонирхолтой 10 наадам баяр ёслолыг танилцуулж байна.
Германы Октоберфест
Германы шар айрагны Октоберфест наадам, өргөн зугаалга есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр Мюнхен хот түүний орчны хотуудад болдог. Энд чухам л аягатай шар айраг гараас гар дамжин, хөгжим тасралтгүй эгшиглэж шөнө өдөргүй наргиан 16 хоног үргэлжилнэ. Энд зөвхөн германчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс шар айрагны хорхойтнууд цуглардаг учраас ийшээ очихыг хүссэн хүн Мюнхен дэх зочид буудлаа эрт захиалахад гэмгүй.
Мексикийн үхэгсдийн өдөр буюу Диа де лос Муэртос
Үхэгсдийн өдөр буюу Día de los Muertos зөвхөн Мексикт төдийгүй латин америкийн бусад орнуудад ч болдог. Арваннэгдүгээр сарын эхээр хүмүүс бөөндөө цугларан бурхны оронд очсон төрөл садан, найз нөхдөө дурсацгаана. Энэ баярт хүмүүс амттан чанаж бэлтгэхээс гадна төрөл бүрийн баг өмсч нэг нэг дээрээ араг яс зурцгаадаг байна.
Японы гэрлийн наадам
Японы Кувана хотынхон арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл гэрлэн чимэглэлийн ер бусын наадам зохион байгуулдаг. Жил бүр ботаникийн Nabana no Sato цэцэрлэгийг сая сая LED гэрлээр чимж төрөл бүрийн зураг, дүрс жинхэнэ гайхамшгийг бүтээдэг. Гэхдээ энэ бүх гэрэл зөвхөн нарны гэрлээр ажиллаж өдөр турш гэрэлтдэг байна.
Перугийн нарны наадам Инти Райми
Инти Райми баяр бол эртний инкүүд, бусад индиан омгийнхны уламжлалт ёслолоос үүдэлтэй. Ийм болохоор энэ баярыг эцэг өвгөдийнхөө уламжлалаар өвлийн эхэнд тэмдэглэж эрт цагийн эцэг өвгөдийнхөө зан үйлийг үзүүлэн багт наадам зохиодог.
Хятадын Юаньсяозе дэнлүүний баяр
Хятадын дэнлүүний Юаньсяозе хэмээх энэ нууцлаг, бас гайхамшигтай сайхан наадам нэгдүгээр сард болдог. Эл наадмыг хятадууд бүр XV зууны үеэс тэмдэглэж ирсэн гэдэг. Энэ баяраар хятадууд дэнлүү асаан тэнгэрт хөөргөж баярладаг байна.
Шотландын Ап Хелли Аа наадам
Бүр эртний викингүүдээс үүдэлтэй Ап Хелли Аа наадмаа шотландчууд нэгдүгээр сарын сүүлчийн мягмар гарагт тэмдэглэж энэ эрэлхэг үндэстэн, дайчдыг дүрслэн наадацгаадаг. Нутгийн оршин суугчид жил бүр энэ наадмыг хүлээн юикинг дайчны хувцас бэлтгэнэ. Нэг төрлийн баяр, багт наадам викингчүүдийн асар том завийг шатааснаар өндөрлөдөг байна.
Энэтхэгийн будгийн Холи наадам
Энэтхэгт эртнээс уламжлагдаж ирсэн будгийн Холи наадам хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр болно. Муу муухай, зовлон гамшгийг ялахыг бэлгэдсэн энэ баяр түүдэг гал дээр зовлонг шатааснаар эхэлж, бие бие рүүгээ будаг цацан хөгжилдөн үргэлжилдэг. Хүн бүр оролцож бие бие рүүгээ будаг цацдаг энэ баяр өөр бусад үндэстэнд бас халдварлаж өнөөдөр дэлхийн олон оронд тэмдэглэдэг болоод байгаа гэнэ.
Венецийн багт наадам
Жил бүрийн хоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын эх хүртэл Италийн хамгийн романтик хот Венецэд энд тэндгүй хөгжим эгшиглэж хурц тод өнгийн эрт эдүүгээгийн хувцас өмссөн ван гүн, тайз язгууртнууд гудамжаар хөлхөлдөж эхэлнэ. Хотын иргэд энэ баяртаа бэлтгэн дундад зууны ноёд хатагтайн хувцас өмсөн нүүрээ багаар халхлан, бүжиж наадан цэнгэцгээдэг.
Испанийн улаан лоолийн Ла Томатин наадам
Зуны сүүлчийн өдрүүдэд Испанид улаан лоолийн Ла Томатин наадам болно. Хотын иргэд бүгд гудамжинд гаран жагсч, салют буудуулан хөгжилдөж, бүжиглэцгээнэ. Энэ бүхний араас бие бие рүүгээ улаан лооль шидэн, хайр найргүй тулалдана. Энэ сонин баяр наадмаар испаничууд хэдэн арав, зуун тонн улаан лоолийг бие бие рүүгээ шиддэг байна.
Америкийн Burning Man наадам
Энэ наадам бол ямар ч хөтөлбөр, зохион байгуулалтгүй бараг л өргөн зугаалга гэж болно. Наймдугаар сарын сүүлчийн даваа гаргаас есдүгээр сарын эхний даваа гараг хүртэл болдог энэ наадмын үеэр ер нь юу л бол юу эсийг үзэж болно. Оролцогсдоос гадна, үзэгчид дотор нь орон хөгжилддөг энэ баяр наадмын үеэр ухаангүй мэт бүжиглэж болно, дугуйтай нудистуудын жагсаал, харь гаргийн иргэдийн жагсаал ч гэх шиг ер бусын зүйлүүдээр арвин.